Ц.Мөнх-Оргил: Эрх, үүргийн заалтыг бүх албан хаагчдад хамааруулах ёстой
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.01.12/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Үүнийг зарчмаар дэмжчихвэл төрийн албаныхантай ярилцаад чуулганд орохоос өмнө 3-р хэсэг, 9-р бүлэг хойд талын бүлгүүдийг их шүүрдэхгүй бол болохгүй байгаа юм. 3-р хэсэг нь бүхэлдээ төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээ гэж заагаад, харин 9-р бүлэг нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйл гэж байгаа. 37 дээр нийтлэг, 39 дээрээ хориглох зүйл нь байна. Жинхэнэ албан хаагчид хориглоод байгаа. Гэтэл жинхэнэ албан хаагчаас цаана нь улстөрийн албан хаагч, үйлчилгээний албан хаагчид үлдчихээд байгаа юм. Энд хориглож байгаа зүйл нь бүгдэд нь хамаарах зүйлийг хориглоод байна.
Жишээ нь: Төрийн жинхэнэ албан хаагч... албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргах, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадаруухах, эрхшээлдээ байлгах гээд энэ олон заалтууд чинь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид биш, бүх албан хаагчидад нь оруулмаар байна.
Бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах нь улстөрийн болон үйлчилгээний албан хаагчидад нээлттэй юм шиг заалт үлдээд байна. Тэгэхээр бүгдэд нь хориглоно гэж хэлээд, улстөрийн болон намын үйл ажиллагаа сонгуульд улстөрийн албан тушаалтанд хамаарахгүй гэж тайлбар нь байна. Энд эхнээсээ бичихдээ техникийн алдаа гаргасан байна гэж би хараад байна.
Тэгэхээр энэ төрийн албаны хуулийн 39-д хориглосон байгаа 18 зүйл байна. Жишээлбэл: нийтийн сонсголыг зохион байгуулах болон сонсголд оролцох журмыг зөрчих гээд. Нийт төрийн албан хаагчдад хориглох зүйл гэж тодотгож өгмөөр байна. Түүн дотроо улстөрийн нам, сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй тэр нь бол гэсэн хориглолт нь зөвхөн улстөрийн албан хаагчид хамаарна. Үйлчилгээнийхэд хамаарах эсэхээ одоо ярих хэрэгтэй. Ингээд улстөр, төрийн тусгай, захиргаа, үйлчилгээ дөрвүүлээ нийлээд ийм хориотой ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүй зэрэг заалт нь бүгдэд нь хамааралтай гэдэг нь ойлгомжтой болгоод, зарчмыг нь зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгвэл бид төрийн албаныхантай суугаад энэ хуулийн яг аль нь жинхэнэ, төрийн, үйлчилгээнийхэд үйлчлэх вэ гэдгийг нь засчихмаар байгаа юм.