МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангана
2021.01.07
Хууль, эрх зүй

Шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангана

Улсын Их Хурлын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ.

2019 онд батлагдсан Шүүхийн багц хуулиудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, 2012 онд батлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлж Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороогоор 17 цаг хэлэлцэж, 137 зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар тус бүрчлэн хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай хуульд орсныг олон гишүүд дурдаад, ажлын хэсгийн ахлагчаас асууж байлаа.

Шүүхийн сахилгын хороо гэж юу вэ?

2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэлэмт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Үндсэн хуульд Шүүхийн сахилгын хороотой байх тухай заасан. УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Арван тавдугаар бүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой тусгаж, Сахилгын хороог бие даасан байдлаар ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгаад байна. Ингэснээр сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Шүүхийн сахилгын хороо нь улсын хэмжээнд шүүгчийг албан тушаалаас нь  түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй байгууллага юм.  

Шүүхийн сахилгын хороо 9 гишүүнтэй байна. Эдгээр есөн гишүүнд Шүүгчдийн зөвлөлөөс 4, Улсын  Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 3, Ерөнхийлөгчөөс 1, хууль зүйн асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс 1 хүнийг тус тус сонгож, томилохоор, Шүүгчдийн  зөвлөл, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүнээс сонгож, томилсон тус бүр нэг гишүүн орон тооны, бусад нь  орон тооны бус байхаар тусгажээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн  болон шүүн таслах ажиллагааны туршлагатай, эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй  жил ажилласан, шүүгч, хуульчаас бүрдэхээр хуульчилж, бүрэн эрхийн хугацааг 4 жил,  нэг удаа улируулан сонгож болохоор тусгасан юм.  

Түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны орон тооны гишүүний албан тушаалын  зэрэг зиндаа, цалин хөлс, орон тооны бус гишүүний ажилласан хугацааны урамшуулал  олгох журмыг Улсын Их Хурал тогтоохоор, Шүүхийн Сахилгын хорооны ажлын албаны  дарга, ажилтнуудын цалинг Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  байдлаар тус тус зохицууллаа. 

Шүүхийн сахилгын хорооны ажлын албыг одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн  ажлын албанд харьяалагдаж байгаа Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албыг  шилжүүлэх байдлаар зохицуулах боломжтой. 

Шүүхийн сахилгын хороо иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг 60  хоногийн дотор шалгаж, хянан шийдвэрлэхээр, ингэхдээ илтгэгч гишүүн гомдол,  мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгаж, сахилгын хэрэг  үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай асуудлыг шийдвэрлэсэн захирамж гаргахаар зохицуулжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2021.01.07/ хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд Сахилгын хороотой холбоотой дараах байдлаар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр болон дэд ажлын хэсгээс нэмэлт тайлбар өгсөн юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Сахилгын хороо шүүгчдэд мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог болох юм байна. Мэргэжлийн алдаа гаргасан гэдгийг Сахилгын хороо яаж тогтоох вэ? Хэрвээ Сахилгын хороо мэргэжлийн алдаа гаргасан гэж тогтоовол өөрөө хэргийн материалтай танилцдаг Сахилгын хороо цаашдаа шүүх болж хувирах юм биш үү? Сахилгын хорооны шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн заалт байсан. Хэрвээ эцсийн шийдвэр гэвэл иргэн бүр гэм буруутайгаа шүүхээр тогтоолгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөнө.” энд дарна уу.

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Шүүгчийн мэргэжил, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Үндсэн хуульд хариуцлагыг чангатгах тал дээр голлон анхаарсан. Тийм учраас Сахилгын хороо хэмээх бүтцийг Үндсэн хуулийн байгууллага болгож баталсан юм.” 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Хуульд нээлттэй сонгон шалгаруулалтаар Сахилгын хороо, Шүүхийн зөвлөлийг сонгох нь байна. Тун анхааралтай байхгүй бол иргэдийн эрхийг зөрчдөг, хэрэг маргааныг буруу талд нь шийддэг. Цаашилбал авлига, хээл хахуульд автсан нь нээлттэй болоод байна.” Энд дарна уу.

Хуулийн төслийн ажлын хэсэг “Шүүгчийн хараат бус шүүгчийн бие даасан байдлыг хамгаалах чиг үүрэгтэй ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны бүрэлдэхүүн бол шүүгч, шүүгч биш гишүүдийн тэнцвэртэй төлөөлөлөөс ийм зохицуулалт Засгийн газрын төсөлд өргөн баригдаж орж ирсэн. Энэ төслийг үзэл баримтлалыг нарийвчилж тодруулсан маш сайн үйл явцтай заалт орж ирж байгаа юм.”

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Монгол оронд шүүхэд итгэх ард түмний итгэл байхгүй болсон. Шүүгчийн дархан эрх бол маш өндөр. Шүүх хүний ажил, амьдралаар тоглочихоод буруу шийдвэр гарахад тэрийг хэрэгсдэггүй. Ийм судалгаа байна. 2014-2018 оны хооронд 1135 шүүх буруу шийдсэн гэсэн асуудлаар ард иргэд гомдол гаргахад дөнгөж 15 шүүгчид хариуцлага тооцсон. Тэгэхээр үндсэндээ шүүгч нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн. Тиймдээ ч янз бүрийн асуудал бусдын нөлөөнд орох, авлига, хээл хахуульд орсоноор ард иргэд итгэл алдарсан. Харин байдал энэ хуулиар сайжирна гэж итгэж байна. Сахилгын хороо байгуулагдсанд ард иргэд маш их зөв шударга, Сахилгын хороо байгуулагдаасай гэсэн хүлээлтийг үүсгэсэн байгаа шүү. Сахилгын хорооны 9 хүний дөрвийг шүүгч нараас, тавыг УИХ-аас тавина гэж байна. Гэхдээ УИХ гэдэг ард түмний төлөөлөл учраас улстөрчдөө улстөрийн хараат болох вий. Сахилгын хорооны 5 гишүүнийг сонгож УИХ-аар оруулахдаа журмыг нь маш шударга боловсруулах ёстой байна. Наад зах нь аль аль намын бүлгээр ордоггүй шууд УИХ-аар ордог байх ёстой” гэлээ.  Энд дарна уу?

Монгол Улсын Шүүхийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болно.

ШИНЭ МЭДЭЭ