http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.30) хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа нар хуралдааны танхимд хүрэлцэн  ирж, цахимаар 10 гишүүн ирцэд бүртгүүлснээр ирц бүрдэж 10 цаг 08 минутад хуралдаан эхлэлээ. 

Байнгын хорооны хуралдаанаар элээд Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. 

2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр боловсруулсан тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. 

Тиймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин санал хураалт явуулж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар гаргалаа.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 73.3 хувийн саналаар дэмжив. Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

ШИНЭ МЭДЭЭ