МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Улстөр

Б.Дэлгэрсайхан: АТГ-ын дэд даргыг Засгийн газар сонгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байна. Энд нэг санал байна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ шийднэ гэж байна. Дэд даргыг нь Авлигатай тэмцэх газрын дарга санал болгож Засгийн газар шийднэ гэж оруулвал ямар вэ гэсэн санал байна.

Тэгэхгүй бол дахин УИХ-д томилно гэхээрээ ялгаагүй санал оруулж ирж байгаа субъект нь өөрчлөгдсөн ч гэсэн УИХ дээр Авлигатай тэмцэх газрын санал болгосон хүн нь өөр болоод дахиад зөрчилдсөн юм болох вий. Нэгэнт энэ байгууллага нэг толгойтой, талцахгүйгээр явуулах гэж бид нар энэ хуулийг санаачилж оруулж байгаа гэж ойлгож байгаа. Улстөрийн талцал болгохгүйгээр дарга нь өөрөө бүх эрх мэдлээ аваад удирдаад явна гэж ойлгож байгаа учраас Засгийн газар томилчихдог байдлаар оруулвал зохистой юм гэсэн санал оруулж байна. Миний энэ саналаар санал хураалт хийлгэж өгнө үү гэж хүсэж байна. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Сүүлийн хэдэн жилийн хувьд Авлигатай тэмцэх газрын асуудал яригдсан. Хэдийгээр хараат бус бие даасан агентлаг ч гэсэн гүйцэтгэгч эрх мэдлийн хүрээнд байх ёстой. Бид өнгөрсөн жил нэг бодлогоор тодорхойлсон. Үндсэн хуульд заасан юмаа л хэрэгжүүлцгээе. Засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн субъект юм. Ерөнхий сайд УИХ-ын өмнө Монгол Улсын хуулийн биелэлтийг хариуцах гол субъект албан тушаалтан болж байгаа юм. Тийм учраас томилгоо УИХ хийнэ. Гэхдээ Ерөнхий сайдад үндсэн хуульд заасан ажил үүргээ хийх бололцоог олгоё гэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ