МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

С.Одонтуяа: Эрх нь зөрчигдсөн хүмүүс хэнд хандах нь тодорхойгүй байдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа:

Ер нь зөвхөн Монгол Улсад биш дэлхий дахинд хүний эрхийг хэрхэн хамгаалах гэдэг маш чухал асуудал байдаг. Ялангуяа ардчилал бага хөгжсөн ийм улс орнуудад хэцүү асуудал юм.

Манайд хамгийн дутагдаад байгаа нь механизм байгаа. Хэн нэгэн эрх нь зөрчигдөхөд яг хэнд хандах вэ гэдгээ мэддэггүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчид  хандах уу эсвэл нэг дарга дээр очихоор сонсдоггүй. Яг хэнд хандах вэ гэдгийг нарийн тусгаж өгсөн үү? Жишээлбэл: Гадаадад байгаа Монголчуудын эрх цар тахлын энэ үед их зөрчигдсөн. Эрх нь ингэж зөрчигдөөд байна гээд наашаа хандаад байхад хүлээж авах хүн байдаггүй. Бид нарт иргэний онцгой комисс гээд хэдэн мянган захидалуудад нь хариулт өгөөд, ядаж нэг тайвшруулаад онцгой комисст үүнийг нь өгөхөд эргээд энэ нь өөрөө хуулийн этгээд биш учраас бид нарын асуудлыг Онцгой комисс хүлээж авах боломжгүй гэдэг. Тэгэхээр хувь хүн яаж, хэнд хандах вэ? Ялангуяа энэ онцгой байдлын үед хүний эрх зөрчигдвөл хэнд хандах вэ гэдэг заалтууд туссан уу?

Иргэдийн амьдрах орчны эрх нь маш их зөрчигддөг. Дүүрэг, иргэд нь мэдээгүй байж байтал цонхыг нь хаагаад байшин бариад байдаг. Иргэд нь хэнд хандахаа мэддэггүй. Дүүрэг нь өгөөгүй байдаг. Нийслэлийн гадаа очоод чадлаараа хэдэн хүн очиж жагсаал хийгээд ямар ч үр дүн байдаггүй. Ийм тохиолдлуудад хэнд хандах вэ? Олон асуудлууд гарч байна. Механизмтай болж байгаа юм байна гэдэгт би их баярлаж байна. Улс төрчид дуугарахаар улс төржлөө гэнэ. Эсвэл голдуу сөрөг хүчин гэж хардаг учраас их алдаа гардаг гэж байна. 

Хүүхдийн хамгааллын хууль, хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Үүн дээр хамгийн чухал асуудал нь хүүхдийн эрхийн төлөө улсын байцаагч нэр томъёог нь урд нь оруулж байсан. Энэ бол замхарсан. Сая байцаагч нартай уулзахад төрийн албан хаагчид, хавсарч ажилладаг учраас маш их ажилтай. Төрийн албан хаагч нь төрийнхөө эсрэг дуугараад байж чаддаггүй. Зоригтой мэдээлэл хийдэг, ард иргэдийнхээ төлөө зоригтой дуугардаг хүмүүсийг л Монголчууд хүсээд байдаг. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.

Иргэд хаашаа хандахаа мэддэггүй. Ганцхан улс орон даяар болж байгаа юманд ХЭҮК-тоо хандаад түүнд нь ХҮЭК хариулаад явна гэж бас худлаа ажил болно. Эд нарын ажлыг нөхөж, хамтарч ажиллана гээд байгаа юм. Олон нийтэд хүний эрхийн чиглэлээр ажиллаж танигдсан. Тийм хүмүүсээр нэгтгэж ажиллуулж, судлуулаад ХҮЭК-д хандаад, тэрний хажуугаар бусад байгууллагууд руугаа хамтраад ажиллах боломжит нэгжийг гаргаж өгч байгаа юм. Хамгаалаагүй байхад яаж зоригтой дуугарах вэ? Тэднийг зоригтой байлгая гэж байгаа бол эрх зүйн нөхцөл, байхгүй байгаа хамгаалалыг бий болгож өгөхгүй бол болохгүй юм.  

ШИНЭ МЭДЭЭ