МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТББХ-нд шилжүүллээ
2020.12.11
Улстөр

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТББХ-нд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 5 удаа хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн 50 орчим саналын 40 гаруйг, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн болон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн 30 гаруй саналыг 23 саналыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 6 багц саналаас 5-ыг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн 25 саналаас 24-ийг, Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн 5 саналаас 3-ыг, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 11 саналаас 5-ыг, Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн 5 саналаас 3-ыг, Үндэсний аудитын газраас ирүүлсэн 14 саналаас 8-ыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд зохих боловсруулалтыг хийж, зарчмын зөрүүтэй 71 санал, найруулгын 3 багц саналыг боловсруулсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлаас 2019 оны 12 сарын 20 өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 2020 оны 01 сарын 30 өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарчим, нэр томьёо, найруулгад нийцүүлэх зорилгоор зарим саналын томьёоллын боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлж, ажлын хэсгийн дэмжсэн зарим саналаас дурдвал сонгогч саналаа өгснийг илтгэх бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчдын мэдээлэлтэй эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсэг бүрд өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор, санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч овог, нэр, регистерийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг нь тэмдэглэсэн цахим, цаасан архив үүсгэх талаар төсөлд тусгажээ. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хэвлэх, хүргүүлэх, өөрчлөхөд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой гэх зэрэг Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн олон саналыг ажлын хэсгийн дэмжин, төсөлд тусгах чиглэлээр ажиллажээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТББХ-нд шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ