http 128
​Г.Амартүвшин: Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай
2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

​Г.Амартүвшин: Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай

Та цалин болон бизнесийн зээлийг хүүг бууруулах санал Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн.

Монгол Улс дотооддоо цар тахлыг алдсантай холбогдуулж иргэдийн зүгээс ипотикоос өөр зээлийн хүүнд анхаарал хандуулаач ээ гэх саналыг нэлээд хэлж харагдлаа.

Өчигдөр Монголбанкнаас мэдээлэл хийж бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж зургаан хувь болголоо. Таны санал биелэлээ олчихов уу?

Цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. Энэ нь 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах нь зарим ААН, иргэдэд нэмэр болно. Гэхдээ дийлэнх тохиолдолд асуудлыг шийдэхгүй. Тиймээс цалин болон бизнес зээлийн жилийн дундаж хүүг 16.4-21.6-11 хувь болгож бууруулах саналыг Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн.

Иргэдийн ихэнх нь цалин хэрэглээний зээлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар хэрэглээний зээл, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг тодорхой хэмжээнд шийдэхгүй бол болохгүй байна л даа. Зээлийн төлбөрийг хойшлуулчихаар долдугаар сарын 1-нээс хойш юу болох уу гэх асуудал үүснэ.

Ингэхээр зээлийн хүү нь хуримтлагдаад их хэмжээний зээлийн хүү төлөх болно. Иргэдийн хэрэглээний зээл дунджаар 16 хувиас жилийн 21 хувь байгаа. Тэр хүүг нь 11 хувь хүртэл бууруулая. Долдугаар сарын 1-н хүртэл хүүг нь 11 хувиар бодоё. Тэгвэл сар бүр төлөх зээлийн төлбөрийн дарамт нь буурна.

Монголбанк бодлогын хүүгээ найман хувьтай байгаа бодлогын хүүгээ бууруулах байх гэж бодсон. Харин Монголбанкны Мөнгөний Бодлогын хороо өчигдөр хуралдаж, цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа.

Дээрх бодлогын багц шийдвэр нь банкнуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай. Эс бөгөөс цаашид чанаргүй, муу зээлийн түүхүүд олноороо бий болох эрсдэл үүснэ.

Зарим гишүүд, бизнесийнхэн зээлийн хүүг тэглэ гээд байгаа юм. Зээлийн хүүг хурдан тэглэх боломжгүй. Яагаад гэхээр нөгөө талд хадгаламжийн хүү яваад байдаг. Хадгаламжийн хүүг тэглэчихвэл үр дагавар нь яаж гарахыг маш сайн бодох хэрэгтэй.

Хадгаламжийн хүүг тэглэхээр ямар эрсдэл үүсэхээр байна вэ?

Хадгаламжийн хүү монгол төгрөгийн өгөөж. Хэрвээ хадгаламжийн хүүг тэг болчихвол монгол төгрөгөөр хөрөнгө оруулах сонирхолгүй болчихно. Тэгэхээр өндөр хадгаламжтай хүмүүс төгрөгөөс ам.доллар руу шилжих давалгаа явна. Үүнээс шалтгаалж ханшинд дарамт үүсч ханшаа алдахыг үгүйсгэхгүй.

Цалин бизнесийн зээлийн хүүг бууруулах боломж яг одоо байна уу?

Боломжтой. Бусад улсын туршлагыг судалхад үндсэн зээлийг бүгд хойшлуулсан байна. Манай улс ч энэ арга хэмжээг авчихсан. Зарим улс орон зээлийн хүүг нь бууруулах, эсвэл тодорхой хэмжээгээр хойшлуулсан байна. Ер нь дэлхий нийтээр нөхцөл байдал хүнд бизнес зогсонги байгаа чраас иргэдийн орлого дээр сөрөг нөлөө ихээхэн үзүүлж байна л даа. Тиймээс банкууд, Монголбанк, харилцагчид ч тодорхой хэмжээгээр эрсдэлийг үүрээд явах ёстой болов уу.

Ирэх оны төсөв батлагдсан. Нөхцөл байдлаас шалтгаалж төсөвт тодотгол хийж таарах уу?

Татварын орлого дээр нэлээд өөдрөг. Экспортын урсгал нэмэгдэнэ гэх төсөөлөлтэй орж ирж батлагдсан төсөв. Мөнгөний бодлого, төсвийн бодлогоороо ч эдийн засгаа дэмжих ёстой гэсэн бодлоготой орж ирсэн байх. Гэхдээ 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтыг заавал эргэж харах ёстой. Зарим хөрөнгө оруулалтыг царцааж, эдийн засагт хурдан үр дүнгээ өгөх төсвийн хөрөнгө оруулалтыг хийх нь зүйтэй. бусад тэвчиж болох зардлыг тэвчээд явах нь.

Бизнесүүдээ бүр унагаачихгүй явахгүй бол хугацаа хэтэрсэн зээл ихэдвэл шиг банкууд хэцүүднэ. Ингэхээр банкууд шинэ зээл гаргах сонирхолгүй болно. Мөнгөний бодлогоор эдийн засагт өгөх нөлөө нь буураад явчихна. Тиймээс энэ чиглэл рүүгээ нэлээд анхаарсан арга хэмжээ авах хэрэгтэй.

Арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар төсвийн орлого, зарлага, гадны экспортын нөхцөл байдал ямар байх зэргийг харж байж бодит тодотгол оруулсан нь зөв байх. Он дуусаагүй байхад яарч төсөвт тодотгол оруулах шаардлага бий эсэх дээр эргэлзэж байна. Он гараад эхний улиралдаа төсвийг тодотгол хийж таарах байх.

Манай улс дотооддоо цар тахлыг алдаж, хөл хорио тогтосон. Үүнээс шалтгаалж бизнес эрхлэгчдийн орлого тасарч хүндхэн байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Хувиараа бизнес эрхлэгчид хамгийн хүнд цохилт авч байгаа байх. Орлого нь багасаад байгаа хэрнээ урсгал зардал нь хэвээрээ байдаг. Жижиг болон дунд бизнесийн 50-аас дээш хувь нь зээлтэй холбоотой зардал байгаа. Тиймээс энэ тал дээр тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлвэл бизнесээ унагаачихгүй аваад явчих болов уу гэж харж байна. Миний хувьд Засгийн газар, Монголбанкинд хүргүүлсэн саналдаа НӨАТ болон орлогын татвараас чөлөөлөе гэх саналыг тусгасан. Энэ нь ч тодорхой хэмжээгээр дэмжлэг болно. Хүүхдийн мөнгөөр амьдардаг өрхүүд их бий. Хэрэгтэй газраа мэдээж дэмжлэг болж байгаа. Хүүхдийн мөнгийг түр зуурын арга хэмжээ гэж тооцох хэрэгтэй. Бусад улс ч бэлэн мөнгө тараасан. Төрөөс орлого тал дээр нь дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй.

УОК, Засгийн газар хот шийдвэрүүд байгаа онохгүй. Шийдвэрүүдээ нэг хонохгүй өөрчлөөд байна гэх шүүмжлэл иргэдийн дунд явж байна. УОК-ын хариуцлагагүй байдлаас цар тахлыг алдчихлаа ч гэж үзэх хэсэг байна. Энэ тухайд?

Дотооддоо цар тахлыг алдсан нь харамсалтай. Бид өнөө хүртэл барьж чадсан нь сайн. Гэхдээ хэзээ нэг цагт ийм эрсдэл нүүрлэх цаг ирнэ гэдэг нь тодорхой байсан. Одоо богино хугацаанд халдварыг хумих нь чухал учраас маш зөв оновчтой шийдвэр гаргаад явах байх. Богино хугацаанд халдварын тархалтыг хумичихвал хурдан эдийн засгаа сэргээх боломжтой. Зарим улс орон цар тахлыг алдаад хурдан хумиж чадаагүйгээсээ маш хүнд байдалд орж байна. Харин Финланд, Норвеги улсууд халдварын тархалтыг маш сайн хумиж байгааг харж болно.

ШИНЭ МЭДЭЭ