МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Залуу гишүүний зангарагтай ЗҮТГЭЛ
2020.10.30
Улстөр

Залуу гишүүний зангарагтай ЗҮТГЭЛ

Энэ долоо хоногийн улс төрийн амьдралын онцлох сэдэв нь тэтгэврийн шинэчлэлийн асуудал байлаа. Эрх баригч Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө тэтгэврийн шинэчлэлийг хийж, ахмадууддаа болон үр хойчдоо зориулсан томоохон ажлыг хийнэ гэж амлаж байсан. Тэр ч амлалтын үр дүнд МАН өөрсдийн өнгөрсөн 4 жилийн ажлаа онц сайнаар дүгнүүлж парламентад олонхи болсон билээ.

Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн “Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг их хурлаар хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн эхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хачирхалтай нь хэлэлцэхгүйгээр хууль санаачлагч руу буцаах саналыг байнгын хорооноос гаргасан нь олон ч иргэдийн уур бухимдалыг төрүүлээд амжлаа. Уул шугамандаа УИХ-ын санал хураалт нь тухайн гишүүн ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтын үед ямар нэгэн кнопоо дараагүй үед шууд татгалзсанаар бүртгэгддэг журамтай юм билээ. 10 дугаар сарын 27-ны өдөр гурван ч байнгын хорооны хурал нэгэн зэрэг хуралдсан учраас зарим гишүүд өөр танхим руу явсан байсан учраас татгазсан гишүүнээр нэрлэгдэж багагүй шүүмжлэлд өртлөө.

10 дугаар сарын 29-ны өдрийн нэгдсэн чуулганаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэг ч тун халуухан өрнөж 3 цаг шахуу хуралдсанаар сая нэг юм нэн хэрэгтэй байгаа энэхүү хуулийн төслийг хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу буцаалаа.

Ихээхэн ширүүхэн өрнөсөн тус хуралдааныг ажиглавал нэг бодол шууд төрнө. Хэт хуучинсаг буюу шинэчлэлтээс эмээгчид, нөгөө талд үнэнч шударга, мэдлэгтэй харагдах гэж зүтгэсэн попуудын дунд парламентын хамгийн залуу гишүүн ганцаар зүтгэсээр авч гарч байгаа харагдлаа. Харин ч азаар танхим дотор түүний талд бат зогссон хэд хэдэн гишүүн байсан нь сөрөг хүчний төлөөллүүд байлаа. Ямар сайндаа дэгийн тухай хуулиар дэмжихгүй санал хэлэх ёстой байтал Ардчилсан намаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүн “Байнгын хороо дэмжихгүй байгаа саналыг би дэмжихгүй байгаа учраас..” гэж тодотогож байгаад дэмжсэн үг хэлж байгаа харагдсан. Мөн Хөдөлмөрийн Үндэсний намаас сонгогдсон Т.Доржханд гишүүн ч уг төслийг бүрэн дэмжиж, шаардлагатай бол ажлын хэсэгт орж ажиллан, чадах бүх зүйлээрээ туслаж, гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэ бол энэхүү “Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл”-д улс төр байхгүй, намчирхал байхгүй, чинхүү эх орныхоо ирээдүйд маш хэрэгтэй шинэчлэл, өөрчлөлт гэдгийг намууд бүгд маш сайн мэдэж байгаагийн том илрэл юм.

Ард түмэндээ эсэргүүцээд байгаа мэт харагдаж байгаа тэдгээр гишүүдэд ч буруу өгөхөд хэцүү. Учир нь манай улсын Нийгмийн даатгалын сан улсынхаа эдийн засагт, тэр дундаа төсвөөсөө дэндүү их харилцан хамааралтай байгаад гол асуудал байгаа юм.

Тэтгэврийн санд хуримтлагддаг 17%-ийн шимтгэлийн 4%-ийг хувийн тэтгэврийн санд шилжүүлэх нь улсын нийгмийн даатгалын сангийн жилийн нийт орлогын 25 орчим хувийг шууд аваад явчихна гэхээд салбарын сайд нар яаж ч дуртай байхав дээ. Харин үүн дээр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал тун уян хатан хандаж тухайн 4%-ийг заавал 17%-иасаа суутгах байдлаар хийхгүй байж болно, мөн иргэд заавал биш сайн дурын үндсэн дээр даатгуулах боломжийг нээхэд ямар ч татгалзах асуудал байхгүй гэдгийг хэлж байж уур амьсгалыг арай хийн намжаалаа. Шулуухан хэлэхэд зарим гишүүд камерын өмнө өндөр дуугаар ярьж, үнэнч дүр эсгэн попрох ажлаа ч гаргууд сайн хийгээд амжсан юм.

Бүр сүүлдээ пост-коммунист орнуудын талаар хэн нь илүү мэдлэгтэй вэ гэдгээ үзэх гэж байгаа мэт сэдвүүд ч яригдаад өнгөрсөн. Хувийн тэтгэврийн тухай хуулийн бас нэг маш том нөлөө нь, банкууд дангаар ноёлсон санхүүгийн зах зээлийн монополь байдал эцэс болох бүрэн боломжтой. Банкнаас өөр субъектэд их хэмжээний мөнгө төвлөрнө гэдэг санхүүгийн зах зээл, цаашлаад хөрөнгийн зах зээлд маш том эерэг өөрчлөлтийг бий болгох нь дамжиггүй. Мэдээж хуулиндаа тухайн сангуудын аюулгүй байдал, хэн нэгний нөлөөлөл, хараат бус байдал, үл дампуурах зарчим зэргийг нарийн судлаж тооцоолсон гэдгийг төслийг уншиж үзсэн хүн бүр андахгүй.

Энгийн сэтгүүлч миний нүдээр, ажил хөдөлмөр эрхэлж, улсдаа шимтгэл төлөөд өтөл насаа даатган яваа жирийн иргэн миний бодлоор Монгол улс дан ганц төрөөс хамааралтай нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдгийг хоёр гараа өргөөд дэмжмээр байна. Үүнийг нэг тулгуурт тогтолцоо гэж нэрлэх. Олон тулгуурт тогтолцоо гэдэг нь би өтөл насандаа залуу идэр насныхаа хөдөлмөрлөсөн үр шимийг бодитоор хүртэж, хэний ч гарыг харалгүй амар жимэр амьдрахыг хүснэ. Бас ч үгүй, хурааж хуримтлуулсан юм байдаг бол үр хүүхэддээ үлдээхийг бодно. Ийм л чин зорилгын төлөө өнөөдөр бид өөрчлөх ёстой, өөрчлөлтийн төлөө зүтгэж буй нэгнээ дэмнээд туслаад өгөх учиртай мэт.

Гурван цаг үргэлжилсэн тус хуралдаанаас олж харсан нэг чухал зүйл бол “Төр нь дургүй, ард түмэн нь итгэлгүй, ажил олгогчид нь харам, эргээд насаараа төлсөн шимтгэл, хурааж байгаа гэж эндүүрэгдсэн хуримтлал нь эзэндээ ч хүртээлгүй, эзэнтэйгээ хамт зэрэгцээд тэнгэрийн орон руу залардаг, ийм тогтолцоог заавал өөрчлөх ёстой” гэдэг дээр хатуу зогсч байгаа Н.Учрал гишүүний зоримог хариултууд байлаа. Гэхдээ Н.Учрал гишүүн танхимд ганцаараа юм шиг хэрнээ танхимын гадна олуулаа байсан бололтой.

Ард түмэн, иргэд дуу нэгтэйгээр түүнийг дэмжиж, тэтгэврийн шинэчлэлийг заавал хийх ёстой гэдэг байр суурийг хүн болгон илэрхийлж байлаа. Ямартай ч өнгөрсөн парламентын ч тэр, энэ парламентын ч тэр хамгийн залуу гишүүн нь хамгийн ахмад гишүүн мэт зангараг зааж, маш чухал асуудлыг авч гарч чадсанд нь түүнд халуун баяр хүргэе. Мөн өндөр амжилт хүсье. Залуу гишүүний зангарагтай зүтгэл талаар болохгүй гэдэгт бүрэн итгэж байна....

ШИНЭ МЭДЭЭ