МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төгрөгийн ханш тогтвортой байх чиглэлд анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Монгол Улсад бие биенээсээ хамааралтай, бие биенээ дэмждэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд бий. Бүгд өөр тийшээ харвал улс хөгжихгүй. Энэ жилийн мөнгөний бодлого "Саарал жагсаалт"-аас гарсан. Гэхдээ энэ жагсаалтад ороод байдаг нь эрсдэлтэй.

Эдийн засгаа тогтвортой өсөлтийг хангах, гадаад өр төлбөрийг шийдэх чиглэлээр ОУ-ын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах нөхцөл үүссэн байна. 

Төвбанкны өрийн хэмжээг бууруулах, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг нэмэх чиглэлд үр дүнтэй ажил хийх шаардлагатай байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна. Банкны салбарын чанаргүй активыг бууруулах хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна. Инфляцыг 6% гэж тооцсон байна. тавьж буй зорилтуудтай нийцэнж байна гэж харлаа. 

Зээлийн хүүг бууруулах стратегийг би ахалж ажилласан. Гэтэл мөнгөний бодлогодоо 2021 онд төлөвлөгөө боловсруулж хэрэгжилт хангана гэсэн байна. Энэ ямар учиртай вэ?

  • Хугацаа хэтэрсэн зээлийн 1,1 их наядын үлдэгдэл, чанаргүй зээлийн хэмжээ 1,96 их наяд төгрөг өмнөх үеэс өссөн тоо байна. Энэ бол санхүүгийн салбар хүнд байна гэж дүгнэхээр байна. Энэ чиглэлд юу хийх вэ?
  • Актив удирдлагын тухай хуулийг өргөн барьсан. Үүн дээр зарчмын зөрүүтэй саналууд яваад байгаа. Энэ хуулийг дэлхийн хамгийн шилдэг туршлага дээр тулгуурлан хийсэн гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.
  • Эх үүсвэрийн зардал их өндөр байгаа. Үүнийг бууруулах чиглэлд юу хийх вэ?
  • Монголбанкны үндсэн ажил болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах юм. Энэ чиглэлийг энэ баримт бичигт олж харсангүй. Эсвэл зах зээлийн зарчмаар чөлөөт байдлаар яв гэж орхисон юм уу? Ингэж орхиж болохгүй. Ханшийг мөнгөний бодлогын хүрээнд идэвхтэй хиймээр байна. Жил бүр төгрөгийн ханш долларын эсрэг байнга суларч байна."

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ