Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын яаманд харьяаллуулснаар нэгдмэл бодлогоор хангана
2020.10.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын яаманд харьяаллуулснаар нэгдмэл бодлогоор хангана

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 12 цаг 00 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаар салбарын сайдын мэдээлэл хийлээ

Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд ажиллаж байсан мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяанд шилжүүлснээр дипломын мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага нь салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, урт, богино хугацааны захиалгат судалгааг хийлгэх, тодорхой үр дүнд хүрэх техник, технологийн судалгаа, нэвтрүүлэлтийг захиалах эрх, үүргийг хязгаарласан шийдвэр болсон байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын хувьд салбарын яамтайгаа уялдаа холбоогүй, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны тогтолцоо алдагдахад хүргээд байгааг онцоллоо.

Түүнчлэн сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар хэрэгжүүлсэн, томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт байхгүй, эрдмийн зэрэгтэй төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеиин шаардлагаас ихээхэн хоцорч, Дорнод талын говийн, өндөр уулын бүс, баруун бүсийн хүрээлэнгүүдииг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахгүй, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн бодит ухралт бий болгож байна гэв.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн Монгол Улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг урт хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, шат дараалалтай харилцан уялдаатай бодлогыг хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжилд нөлөөлөх бодит үр дагаварыг авчрахаар байна. Иймд газар нутгийн болон уламжлалт өв соёл нөөц баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлийн онцлогт суурилан Монгол улсыг олон тулгуурт эдийн засгийм бүтцээр хөгжүүлэхийн тулд алс хэтийн хараатай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөдөө аж ахуйн салбарын бодлогыг зөв чиглүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харьяалалд шилжүүлэн ажиллуулж, салбарын тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг практик үйлдвэрлэлд бүрэн дайчлах, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоог нягтруулж, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, нэгдмэл бодлогоор чиглүүлэх, салбар хоорондын уялдааг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай байгаа аж.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн олонх нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлснээр хүрээлэнгийн бүтэц, орон тоо өөрчлөгдөх эсэх энэ асуудлаар судлаач, эрдэмтдийн байр суурь ямар байгааг тодруулж байлаа.

Засгийн газрын гишүүн З.Мэндсайхан хариултдаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын харьяалалд шилжүүлснээр бүтэц орон тоо, төсөвт өөрчлөлт, боловсон хүчний дутагдалд орохгүйг тодотгоод харьяалал шилжүүлэх асуудлаар Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагатай уулзахад бидний бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж байлаа. Мөн тэрбээр, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын яаманд харьяаллуулснаар нэгдмэл бодлогоор хангахад чиглэж байна гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалалд байгааг өөрчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжүүлэх асуудлыг судалж, танилцуулах талаар Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ