МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Оюунлаг Сонгинохайрхан" санаачилгын хүрээнд СХД-ийн 36 цэцэрлэгт спорт өрөлтийн сургалтын хөтөлбөр нэвтрүүллээ
2020.09.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Оюунлаг Сонгинохайрхан" санаачилгын хүрээнд СХД-ийн 36 цэцэрлэгт спорт өрөлтийн сургалтын хөтөлбөр нэвтрүүллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 бүсийн 36 цэцэрлэгт УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Монголын Спорт Өрөлтийн холбоо, Оюун ухааны академитай хамтран "Спорт өрөлтийн сургалтын хөтөлбөр"-ийг нэвтрүүллээ.

Уг ажил "Оюунлаг Сонгинохайрхан" санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд тус 36 цэцэрлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, иж бүрэн хэрэгсэл, хөтөлбөрийн эрхийг өөрийн 100 хувь санхүүжилтээр шийдвэрлэлээ. Хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, 36 цэцэрлэгийн эрхлэгч болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Спорт өрөлт нь нэг төрлийн спорт боловч нөгөө талаараа хүний тархины зүүн баруун тал бөмбөлгийг жигд хөгжүүлж, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулдаг онц чухал ач холбогдолтой оюуны тоглоом юм. Өдгөө дэлхийн 54 оны 45 мянга гаруй сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжээд байгаа ба АНУ-ын Висконсин-Лакроссын их сургууль болон Тоуссоны их сургуулийн кинезиологийн тэнхимийн эрдэмтдийн судалгаагаар спорт өрөлтөөр хичээллэсэн хүүхдийн гар болон тархины хариу урвалын хугацаа ердийн хүүхдийнхээс 30%-иар илүү байгаагаас гадна тухайн хүүхдийн хичээл ойлгох чадвар, ой тогтоолт мэдэгдэхүйц өндөр байгааг судлан тогтоожээ.

Тиймээс Монгол хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролд нь анхаарч тэдний тархийг зөв зүйтэй аргачлалаар хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх нь туйлын чухал арга хэмжээ болоод байгаа юм. "Оюунлаг Сонгинохайрхан" санаачилгын хүрээнд тус 36 цэцэрлэгийн багш нарт спорт өрөлтийн сургалтыг зохион байгуулах бөгөөд нийт 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хэрэгсэлийг бүх цэцэрлэгүүддээ бэлэглэлээ.

ШИНЭ МЭДЭЭ