МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймаг иргэдээ урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцжуулж байна
2020.09.11
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймаг иргэдээ урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцжуулж байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт ажиллаж байна.

Энэ үеэр орон нутгийн удирдлагуудын хамтаар Сэлэнгэ аймагт шинэ тутам ашиглалтад орсон 120 айлын төрийн албан хаагчийн орон сууцны барилгатай танилцлаа. Аймгийн удирдлагууд аймаг хөгжүүлэх санг татан буулгаж, тус сангийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах ажилд зарцуулах шийдвэрийг гаргаснаар гурван блок, зургаан орц бүхий дөрвөн давхар барилга оршин суугчдаа хүлээн авч байна.

Тус байранд орж буй иргэн урьдчилгаа төлөхгүй бөгөөд найман жилийн хугацаатай хүүгүй зээлийг төлж байраа өөрийн болгох юм. Эхний ээлжийн 120 айлыг сонгохдоо аймгийн зүгээс төрийн байгууллагуудад квот өгч, тухайн байгууллага хамт олны саналыг эрэмбэлэх байдлаар зохион байгуулжээ. Эхний айлуудын төлөлтөөс хуримтлагдсан мөнгөөр дараагийн орон сууцыг барих зарчмаар энэхүү орон сууцжуулах хөтөлбөр үргэлжлэх аж. 

Цаашид уг хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлж, иргэдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцаар хангахаар төлөвлөж буйг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Мөн Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж буй уг хөтөлбөрийг улсын хэмжээнд жишиг болгох боломжтойг УИХ-ын гишүүн Ч.Ундрам онцолж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас анхааралдаа авахыг хүсэв.

ШИНЭ МЭДЭЭ