“Дарханы ирээдүй - Оюутны тэтгэлэг 2018” хөтөлбөр зарлагдлаа
2018.10.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Дарханы ирээдүй - Оюутны тэтгэлэг 2018” хөтөлбөр зарлагдлаа

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар “БОЛД САН”-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Дарханы ирээдүй - Оюутны тэтгэлэг 2018” хөтөлбөр зарлагджээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой аж. Өнгөрсөн жил 15 оюутныг тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгт хамруулж байсан бол энэ жилийн тухайд Дарханы шилдэг 40 оюутныг тэтгэлэгт хамруулахаар болжээ.

Тэтгэлэгт оролцогчид нь дотоодын их дээд сургуульд суралцаж буй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-16 дугаар багийн харъяат, бакалаврын түвшний 1-4 дүгээр курсын оюутан байх шаардлага тавигдаж байгаа аж. Нэгдүгээр курст суралцагч нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80%(B) ба түүнээс дээш байх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 500 болон түүнээс дээш байх, II-IV дамжааны оюутны дүнгийн голч 3,2 түүнээс дээш байх, өрхөөс хоёр ба түүнээс дээш оюутан их дээд сургуульд суралцдаг бол харъяа сургуулийн тодорхойлолт болон хорооны тодорхойлолт, суралцах хугацаанд гаргасан амжилтыг хавсаргана.

Бүрдүүлэх материалын тухайд:

• Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,

• Нийгмийн идэвх оролцоог үнэлсэн тодорхойлолтууд ( батламж & сертификат хуулбар )

• Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт, • Дүнгийн голч, • Иргэний үнэмлэхний хуулбар,

• “Тэтгэлэг авах миний давуу тал” гэсэн сэдвээр 300 хүртэлх үгтэй эссэ бичиж хавсаргах,

• Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат зэрэг амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргаж материалаа бүрдүүлж 2018 оны 10 дугаар сарын 12-ны дотор УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны утас болох 51-263344 дугаарт болон Улаанбаатар хот дахь 8000-3580, Дархан хот дахь 99993758 утсаар тус тус холбогдож өгөх боломжтойг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн бие төлөөлөгч Б.Мөнхжаргал онцоллоо .

Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны гишүүд болон зохион байгуулах комиссын төлөөлөл явуулдаг байна. Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээрх материалуудад үндэслэн бүрдүүлсэн бичиг баримтыг харгалзаж курс тус бүрээс 10, нийт 40 хүртэлх оюутныг шалгаруулах ажээ.

ШИНЭ МЭДЭЭ