Өвлийн спортын хөгжлийг түүчээлэх спорт цогцолбор сүндэрлэж байна
2018.10.23
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Өвлийн спортын хөгжлийг түүчээлэх спорт цогцолбор сүндэрлэж байна

Өнгөрсөн баасан гаригт спортын сэтгүүлчдийн төлөөлөл Монголын эдийн засгийн Төвийн бүсийн тулгуур төв болсон Дархан-Уул аймгийн төв Дархан хотыг зорив. Дархан хотод Монголдоо анхдагч төдийгүй, олон талын ач холбогдол бүхий 2200 хүний багтаамжтай “Спорт цогцолбор”-ын барилгын ажлын бүтээн байгуулалт өрнөж байгаа ажээ. Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцах зорилготой Дархан хотыг зорьсон юм.

Улаанбаатар хотоос умард зүгт 230 км зайд Хараа голын зүүн хөвөө, Бурхантын хөндийд тухайн үеийн төмөр замын Давхрын өртөө байсан газар 1961 оны аравдугаар сарын 17-ны өдөр хуучны социалист улсууд болох ЗХУ (одоогийн ОХУ), Зүүн Герман, Чехословак болон Болгар, Польш, Унгар улсуудын тусламжаар анхны шав тавьсан нь Монгол орны хоёр дахь том хот болох Дархан хотын эхлэл байжээ. Хуучнаар социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын тусламжаар баригдсан тул “Найрамдал”-ын Дархан хот гэж нэрлэх нь ч зүйд нийцэх болов уу. Дархан хотыг 1994 оны УИХ-ын 32-р тогтоолоор Дархан-Уул аймаг болгон засаг захиргааны дөрвөн сум, 24 багтайгаар шинэчлэн байгуулжээ. Дархан хот нь өдгөө 9,804 га талбайд 23,240 гаруй өрхийн 100 мянга давсан хүн амьдарч буй Улаанбаатар хотын дараа орох манай орны томоохон хот юм. Ази-Европыг холбосон авто болон төмөр замын зангилаа бөгөөд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨУҮГ, ”Эрэл цемент” ХК, ”Дархан нэхий” ХК, “Силикат” ХК зэрэг улсын хэмжээнд томоохонд тооцогдох үйлдвэр аж ахуйн газрууд ажиллаж байгаагаас гадна бусад олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан хот бол манай орны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэдэг.

МОНГОЛЫН СПОРТЫН ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ДАРХАНЫ “СПОРТ ЦОГЦОЛБОР” 

Дархан хотын төвд, “Залуучууд” театрын зүүн талд 25 мянган га талбайд 2,200 хүний багтаамж бүхий спортын төдийгүй цаашлаад соёл урлаг, худалдаа экспо зохион байгуулж болохуйц A, B, C, D, E блокоос бүрдсэн асар том спорт цогцолборын үйл ажиллагаа ид өрнөж байна.

Уг бүтээн байгуулалтын ажил 2011 онд БСШУСЯ-ны захиалгаар “Химон констракшн” ХХК болон “Нэмбар” ХХК барилгын ажлаа эхлүүлжээ. Энэ хугацаанд нэмэлт гэрээ үзэглэж барилгын ажлыг явуулж байсан ч 2014 оны УИХ-ын 63-р тогтоолоор барилга угсралтын ажил санхүүжилтээс болж, царцжээ. Харин Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Жавхлан гишүүний санаачилгаар Дарханы спорт цогцолборын ажил дахин эхэлсэн бөгөөд энэ оны улсын төсөвт 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдаж,  барилгын ажил өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай байна.

Барилгын ажлыг ирэх 2019 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд дахин 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй тухай “Нэмбар” ХХК-н инженер Э.Энхцацрал онцолсон юм.

СПОРТ ЦОГЦОЛБОР:

  • A блок 4,188 км.кв талбайтай ба 2,200 хүний суудалтай спорт заал
  • B блок 2,748.2 км.кв талбай бүхий 140 хүний суудалтай, 5 замтай усан бассейн, бэлтгэлийн заал
  • C, D, E блок болон зоорийн давхруудыг бусад бэлтгэлийн заал болон оффисын зориулалтаар ашиглаж болох ажээ.

Хэрвээ “Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч, ашиглалтад орвол Монгол улсад анхны спортын бүрэн цогцолбор бий болох юм. Ингэснээр Монгол улс олон улсын цаашлаад тив, дэлхийн тэмцээн уралдаануудыг эх орондоо саадгүй хүлээн авч зохион байгуулах боломжтой болно. Монгол улс 2016 онд ОХУ-ын Сахагийн БНУ-ын Якутск хотноо явагдсан “Дети Азий” буюу Азийн хүүхдүүд спортын наадмын үеэр 2020 оны Азийн хүүхдийн наадмыг эх орондоо хүлээн авахаар болсон. Тухайн үед Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан С.Ламбаа  Засгийн Газрын хуралдаанаас Азийн хүүхдийн спортын наадмыг бэлтгэн явуулах төлөвлөгөөг хэлэлцэн батлуулсан байдаг. Ингэхдээ, дөрвөн жилийн хугацаанд шинэ спортын барилга байгууламж нэмж босгож, дэд бүтцийг сайжруулж амжина. Харин дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна хэмээн ярьж байжээ. Тэгвэл экс сайдын хэлсэн хүүхдийн Азийн спортын наадамд зориулагдсан бүтээн байгуулалтын хэдэн хувь нь баригдаж, шинэ спортын заал танхимууд хүлээн авсан бол..

Хэрвээ бид өөдрөг төсөөлж чадвал манай улс спортын иж бүрэн цогцолбортой болох бодит боломж тун ойрхон, магадгүй ердөө үүдэн дээр ирээд буй хүүхдийн Азийн спортын наадмын зарим тэмцээн уралдааныг Дарханы спорт цогцолборт амжилттай, нүүр бардам зохион байгуулах боломжтой болно. Ингэж гэмээ нь Монгол тив, дэлхийн тэмцээн уралдаануудыг эх орондоо саадгүй хүлээн авч чаддаг болно. Уг спорт цогцолборыг мөн дан ганц спорт талаас нь харахаас гадна соёл урлаг, экспо, үзэсгэлэн худалдааны зориулалтаар ч ашиглаж болно гэдгийг дахин тодотгоё.

АМЖИЛТЫНХАА ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭЭД БУЙ МОНГОЛЫН ХОККЕЙ

Магадгүй Монголын хоккейн спортыг амжилтынхаа дээд түвшинд хүрсэн гэхэд гайхаж болох юм. Тийм ээ, Монголын хоккейн спорт өнөөдөр яг одоогийн түвшинд бол хөгжлийнхөө дээд түвшинд хүрээд байна. Монголд шайбтай хоккейн спорт үүсч хөгжөөд нэгэн жарныг үдсэн. Анхны тэмцээнээ 1970 онд зохион байгуулж “Алдар”, “Шарын гол”, “Залуучууд”, “Дархан” багууд оролцож байжээ. Одоогоор Монгол улсын хэмжээнд гадаа талбайн мөсөн каток 28 байгаа ба эдгээрээс 2016 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын зургадугаар сургуулийн талбай, 2015 онд Сүхбаатар аймагт байгуулагдсан мөсөн талбайнууд нь стандарт талбай юм. Сүүлийн жилүүдэд задгай талбай олноор баригдаж байгаа ч байнгын бэлтгэл явуулах битүү дээвэртэй ордон байхгүй байна. Энэ нь Монголын шайбтай хоккейн цаашдын хөгжилд бодитой саад болж байгаа ажээ.

2018 он бол Монголын шайбтай хоккейн хувьд үйл явдлаар арвин он жил байлаа. Азийн Челлэнж Кап тэмцээнд Монгол улсын шайбтай хоккейн шигшээ баг сүүлийн зургаан жил дараалж медаль хүртсэн ба 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл, 2017 онд мөнгө, энэ онд анх удаагаа түрүүлж аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Төрөөс шайбтай хоккейг дэмжиж анхны гавьяатаа өлгийдөн авсан бол дэлхийн шайбтай хоккейн ертөнцийн домогт тамирчин В.А.Третьяк Монгол улсад айлчилж битүү дээвэртэй ордон барихад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар ярилцан тохиролцсон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Чех улсын Засгийн газрын  хамтын ажиллагааны хүрээнд битүү дээвэртэй ордон барих ТЭЗҮ-г хийлгээд байна.

Шайбтай хоккейн спорт бол өвлийн спорт гэж ойлгохоос илүүтэй битүү ордны спорт юм. Манай улсад гурван битүү дээвэртэй ордон баригдахаар бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Хэрвээ битүү дээвэртэй ордон баригдаж чадвал Монгол улсад шайбтай хоккейн хөгжлийг хурдасгах боломжтойгоос гадна шорт-трейк, тэшүүр, уран гулгалт зэрэг өвлийн спортууд хөгжиж боломжтой болох юм.

ШИНЭ МЭДЭЭ