МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цахим бодлогын түр хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсов
2020.01.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Цахим бодлогын түр хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсов

Цахим бодлогын түр хорооны өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонслоо. 

Тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар тус газрын дарга Б.Чинбат танилцуулав. 

Тус хорооноос яам, агентлаг, аймгуудын хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн тухай нэгдсэн мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийх зорилгоор судалгаа хийжээ. 

Судалгаагаар төрийн захиргааны төв болон 21 аймгийн хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 149 төслийг 1,083.937 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна гэсэн дүн гарсан байна.

Монгол Улсын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар захирамжаар мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, шуурхай хүртээмжтэй болгон цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, интернэт орчинд мөрдвөл зохих эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээний үндсийг бүрдүүлэх зорилго бүхий “еМонгол Улс” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлын бодлого, чиглэл, зохион байгуулалтыг хариуцах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан байгуулжээ.

Цахим орчин, нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь “Фэйсбүүк” групптэй албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлсэнээр бүх нийтэд цахим орчин, нийгмийн сүлжээний зөв зохистой, аюулгүй хэрэглээний мэдлэг, чадвар олгох чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан гэлээ. Энэ хүрээнд “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019" форумыг зохион байгуулж “Фэйсбүүк” группын албан ёсны төлөөлөгч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан цахим орчин, нийгмийн сүлжээний сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх талаар дөрвөн салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, форумын нэгдсэн зөвлөмж гаргасан байна.

Мөн Харвардын их сургуулийн “Беркман Клейн” төвийн мэргэжилтнүүдийн боловсруулсан, дэлхийн 60 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа олон улсын лицензтэй “Digital literacy library" буюу “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цахим орчны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг монгол хэл дээр орчуулан боловсруулж, сургалтын гарын авлага болгон хэвлүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд "Тоон бичиг үсэгтэн" сургалтын хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлдэх сургалтыг Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын ЕБС-иудад амжилттай зохион байгуулж нийт 89 багшийг/нийгмийн ажилтан, мэдээлэл зүйн багш/ сургагч багшаар бэлтгэсэн гэлээ. Мөн ерөнхий боловсролын 20 гаруй сургуулийн 11-18 насны сурагчдыг цахим орчин дахь хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, эерэг хандлага, нэр хүндээ хадгалах, мэдээлэл бүтээх, хуваалцах гэх мэт агуулгын 8 хэсэгтэй, 5 бүлэг бүхий 18 багц хичээлд хамруулжээ. 

“Фэйсбүүк” групптэй хамтын ажиллагааны хүрээнд хууль бус контентын талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Ногоон суваг" буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 10 дугаар сард албан ёсоор нээсэн ба үйл ажиллагааг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцан ажиллаж байгаа аж. 

Цахим орчин дахь нийгмийн сүлжээнд хэрэглэгч утасны дугаараар бүртгүүлэхтэй холбоотой заалтыг Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмж тусган энэхүү заалтыг хангах ажлын хүрээнд үүрэн холбооны үйлчилгээний бүртгэлгүй хэрэглэгчийг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлсэн бөгөөд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлгүй хэрэглэгчийн тоо 2019 оны 03 дугаар сарын байдлаар 43103 байсныг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 5627 болгон бүртгэлгүй хэрэглэгчийн 87 хувийг бүртгэлд хамруулсан гэсэн мэдээллийг өгсөн. 

Дараа нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн ажлын талаар тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн мэдээлэл хийлээ. 

Цахим орчинд хүүхэд хамгаалах асуудлаар 2019 онд холбогдох чиглэлийн 11 байгууллагатай нийт 30 гаруй төсөл хэрэгжүүлэх, ажлын хэсэгт ажиллах, хэлэлцүүлэг хийх зэргээр үр дүнтэй хамтран ажилласан гэлээ. “Фэйсбүүк” компанийн Ази-Номхон далайн бүс нутгийн төвтэй холбоо тогтоон ажилласны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсад анх удаа ажиллуулж эхэлжээ. Уг сувгаар дамжуулан ЦЕГ, Оюуны өмчийн газрын албан ёсны шийдвэрийн дагуу нийт 21 удаагийн хүсэлтээр 23 хууль бус групп хуудас, 17 хуурамч хэрэглэгч, 87 хууль бус контентийг фэйсбүүк орчноос устгасан байна. Мөн тус компанитай УИХ-ын сонгуулийн үеэр үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Мөн хуралдаанд УБЕГ-ын дарга Б.Баасандорж Цахим бодлогын түр хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв. 

Тэрбээр, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээний талаарх мэдээллээр иргэдийг түргэн шуурхай хангахад үүрэн телефоны оператор компаниудыг оролцуулах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар уулзалтыг зохион байгуулж, албан бичгийг явуулсан хэмээлээ. Эхний ээлжинд “Мобиком” компанитай гэрээ байгуулахаар төслөө хүргүүлээд байгаа бөгөөд “Жимобайл”, “Скайтел”, “Юнител” компаниуд дэмжин ажиллахаа илэрхийлсэн гэдгийг тодотгосон. Энэ оны нэгдүгээр улиралд багтан гэрээ хийгдэн иргэдийг мэдээллээр түргэн шуурхай хангах ажлууд хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс холбогдох программыг боловсруулаад системийг бэлэн болгосон аж. Энэ ажил хэрэгжсэнээр УБЕГ-аас иргэдэд үзүүлдэг 130 гаруй үйлчилгээтэй холбоотой сануулах системийг бий болгох юм байна. Тухайлбал иргэдэд гадаад паспортын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө паспортоо сунгуулах тухай, Монгол Улсын 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэхээ авах тухай сануулгыг хүргэх гэх мэтээр 130 гаруй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл иргэдэд шуурхай очих боломж бүрдэх юм байна. 

“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд төрөлжсөн бүртгэлийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн дугаарт үндэслэж бүртгэх, ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх ажил хэрэгжиж эхэлсэн гэдгийг тэрбээр онцлов. 

Татварын ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ТЕГ болон УБЕГ-ын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журам хэрэгжиж эхэлсэн аж. Тэрхүү журмаар Монгол Улсын татвар төлөгч иргэнийг бүртгэхдээ иргэний үнэмлэх дээр байдаг улсын бүртгэлийн дугаарт үндэслэн татвар төлөгчийг бүртгэж эхэлсэн гэлээ. Мөн хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэхдээ хуулийн этгээдийг улсын бүртгэлийн газраас бүртгэхдээ олгосон гэрчилгээн дээрх регистрийн дугаарт үндэслэхээр тодорхой ажлуудыг ТЕГ-аас хийж эхэлснийг дурдав. Цаашид нийгмийн даатгал, авто тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ улсын бүртгэлийн суурь дугаарт үндэслэн явагдах бөгөөд ингэснээр “Нэг иргэн-Нэг бүртгэл” бүрэн утгаараа хэрэгжих юм гэсэн мэдээллийг өгсөн. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

ШИНЭ МЭДЭЭ