http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Хуримтлалаа нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй
2020.01.10
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хуримтлалаа нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Эх сурвалж. Өдрийн сонин, сэтгүүлч Б.Амартүвшин

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ зөвлөмж гаргасан. Тэтгэврийн насны хүмүүсээ нэг удаа дэмжихэд болохгүй зүйл үгүй гэдгийг ч хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ганц Салхит гэлтгүй олон орд бий. Монгол Улс томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдийнхээ амьдралыг өөд татах нь зөв гарц. Нийгмийн даатгал гэдэг үндсэндээ тэтгэврийн даатгал. Энэ нь иргэдийг өндөр настай, хөдөлмөрийн чадавхаа алдах үед нь хамгаалах зорилготой шүү дээ. Энэ тогтолцоо цалинд суурилаад явж байгаа. Гэвч манайд бүрэн утгаараа хэрэгжээгүй байгаа. Тэтгэврийн даатгалын сан улсаас 400 гаруй тэрбум төгрөгийн татаастай явж байна. Дээрээс нь халамжийн сан 756 тэрбум төгрөгийн татаастай. Энэ хоёр нийлэхээрээ 1.1 их наяд төгрөгийн татаастай байгаа юм. Тэгэхээр эдийн засгийнхаа тооцоог зөв хийгээд, өндөр настай иргэддээ нэг удаагийн тусламж үзүүлэхэд буруутах зүйл үгүй. Хамгийн гол нь инфляци гайгүй байгаа энэ үед эдийн засгаа сүйтгэчихгүй шиг маш сайн тооцоо, судалгаатай хийх аргаа зөв олж хийх хэрэгтэй. Өндөр настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэчихэд манайх шиг ашигт малтмалын арвин их нөөцтэй улсад авч болох арга хэмжээ.

-Тэтгэврийн зээл аваагүй хүмүүс хохирч үлдэх үү гэдэг асуулт нийгмийн дунд байгаа шүү дээ...

-Ер нь хамгийн зөв үйлдэл бол цаашдаа тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг үндсэндээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна.

Зарлага нь 13.9 их наяд төгрөг, олж байгаа нь 11.8. Цаашдаа томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгаа томруулах хөгжлийнхөө загварыг авч үзэх шаардлагатай. Манай хөгжлийн загвар өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд буруу яваад ирсэн. Тиймээс хөгжлийнхөө загварыг зөв болгоод хуримтлалаа нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлого барих хэрэгтэй. Яагаад цалин, тэтгэвэр тэтгэмж бага байгаад байна вэ гэхээр манай эдийн засаг жижиг байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгаа томруулах, хуримтлалтай болох бодлого барьж чадсангүй. Бүгдийг нь хувьд өгч, татвар аваад хөгжинө гээд байгаа юм. Үүний нэг жишээ нь алт. Манайд 536 орд байдаг. Татвар төлдөг нь дөрөвхөн. Хэзээ татвар төлөх юм бэ. Чадахгүй бол ордоо аваад чаддаг улсууд нь хийх хэрэгтэй шүү дээ.

-Тэтгэврийн насны хүмүүсийн 80 гаруй хувь нь үр хүүхдэдээ ч юм уу, өөр хүнд тэтгэврийн зээлээ аваад өгчихдөг гэж судалгаагаар гарсан байна лээ. Энэ талаар ярихгүй юу?

-Их сургуулийн эдийн засгийн танхимаас судалгаа явуулсан юм байна лээ. Тэр судалгаагаар ийм дүн гарсан. Ер нь бусад орнуудад тэтгэврийн зээл гэж байдаггүй. Яагаад гэвэл тэр чинь өөрийн амьжиргааг залгуулах мөнгө. Тэрийгээ бөөндөөд авчих юм бол дараа нь яаж амьдрах юм. Ядуурал, хүний бухимдал гэдэг зүйл тэрнээс үүсдэг юм байна. Тиймээс маш сайн тооцоо хийгээд тэтгэврийн зээл байх ёстой юу, цалингийн зээл байх ёстой юу гэдгээ сайн үзэж, тооцох хэрэгтэй. Бүх зүйлд тооцоо байх ёстой. Гэвч бид тооцоогоор биш, цээжний бангаар юм хийж байна шүү дээ. Үүнээс болж алдаа гараад байгаа юм.

-Та Шинэчлэгдсэн Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Уг хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Татвар төлөх ангилал нэг, 10, 25 хувь болж, татварын тайлагналын тоог багасгасан гээд маш олон заалтууд орсон байна. Энэ талаар ярилцъя?

-Борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэл бол жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, орлогын нэг хувиар татвар төлнө. Энэ ангилалд нийт татвар төлөгчдийн 71 орчим хувь нь хамрагдах тооцоо байна. Борлуулалтын орлого нь 300 хүртэл сая төгрөг бол жилд хоёр удаа тайлагнаж нэг хувийн татвар төлнө. Энэ ангилалд татвар төлөгчдийн 13 орчим хувь нь хамрагдахаар байгаа. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэл бол хоёр удаа тайлан гаргаж, төлсөн татварын 90 хувийг буцааж олгохоор хуульчилсан нь нэг хувийн татварын ангилалд хамрагдана.Энэ ангилалд нийт ААН-ийн 6.3 хувь нь хамрагдана. Мөн бүсийн хөнгөлөлт, Нийслэл хотоос 500-1000 км-ээс алслагдсан бол 50 хувь, 100 хувь хөнгөлсөн нь нийт ААН-ийн зургаан хувийг хамарч байна. Энэ ангиллын хүрээнд татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлэхгүй бөгөөд сонголт хийх боломжийг хуульчилж өгсөн.

-Татварын төлөх босго гурван тэрбумаас зургаан тэрбум болж өссөнөөс орлого буурч болзошгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Татварын босгыг нэмэгдүүлсэн нь ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, томрох боломжийг олгож байна. Энэ ангилалд хамаарах 170-180 ААН-үүдийн татварын ачаалал 50-60 тэрбумаар, нэг ААН-д ногдох нь 300 орчим сая төгрөгөөр буурч болзошгүй тооцоо байгаа. Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор ААНОАТ-аар нийт татвар төлөгчдийн 97 хувь нэг хувийн татвар төлж, татварын ачаалал, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зардал буурна. Хуулийн дээрх хөнгөлөлтүүдийг 2018 оны тайланд суурилж тооцоход 100 орчим тэрбум төгрөгийн татварын ачаалал буурч, татвар төлөгчдөд ажил бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж олгож байна.

-25 хувь, 10 хувийн татвар төлөгчийн тоо хэд байдаг бэ?

-2018 оны статистикаар тооцвол Монголд 25 хувийн төлөгч 450 орчим, 10 хувийн татвар төлөгч 7500 орчим байх тооцоо байна. 2019 оны жилийн эцсийн тооцоогоор бага зэрэг нэмэгдсэн байх магадлалтай.

-Хуулинд татварын таатай орчин бий болгох чиглэлээр хийгдсэн бусад өөрчлөлтүүдийн талаар ярилцъя?

-Монгол Улсад Хөрөнгийн зах өнгөрсөн 30 жилд олигтой хөгжсөнгүй. 2019 оны байдлаар ДНБ-ний 12 хувь нь Банкны бус салбар бүрдүүлж байна. Хөрөнгийн захыг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгийн зах зээлд гаргасан өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох албан татварыг таван хувь болгож бууруулсан. Энэ шинэчлэлээр гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилготой. Бүх төрлийн хүүгийн орлого болон үнэт цаасны зах зээлтэй холбоотой үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор арилжааны банкууд гадаад дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох албан татварыг мөн таван хувь болгон бууруулсан. Мөн Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор барилгын элэгдлийн хугацаа 40 жил байгааг 25 жил болгон бууруулсан.

-Татварын тайланд залруулга хийх, алдааг засах, гадаадад төлсөн татварыг суутгах гэх мэт асуудлууд хуучин хуулинд шийдэгдээгүй байсан. Шинэ хуулинд яаж шийдэв?

-Татвар төлөгчдөд дараагийн тайлангийн жилд багтаан татварын тайландаа залруулга хийх боломж, эрх олгосон. Алдаатай тайланг засварлах боломж олгох зорилгоор татварын алба тайланд боловсруулалт хийхдээ гарсан алдааг залруулах мэдэгдэл хүргүүлж байхаар хуульчилсан. Мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн улс орнуудад төлсөн татварыг Монгол Улсад төлбөл зохих татвараас хасаж тооцно. Мөн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг салбар харгалзахгүй дөрвөн жил болгосон. Санхүүгийн хүндрэлтэй байгаа татвар төлөгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өртэй татвар төлөгчийн татварын өр төлөх хугацааг хоёр жил хүртэл сунгах эрхийг Татварын албанд өглөө.

-Хасагдах зардал дээр маргаан их гардаг байсан. Татварын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ярилцъя?

-Тийм ээ, хасагдах зардал дээр маргаан их байдаг. Шинэ хуулинд шалгуур хангасан, орлого олоход нөлөөлсөн бүх зардлыг хасаж тооцохоор хуульчилсан. Татварын хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн жил болгон бууруулсан. Үндсэн хөрөнгө байгуулах, худалдан авахтай холбогдсон НӨТ-ын хасалтыг хийдэггүй байсан. Шинэ хуулиар үл хөдлөх хөрөнгө 10 жилээр, тоног төхөөрөмж таван жилээр бусад үндсэн хөрөнгийн хувьд шууд хасалт хийдэг байхаар хуульчилсан. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг салбар харгалзахгүй дөрвөн жил болголоо. Татвар төлөгчийн төлсөн илүү татварыг эхний ээлжинд бүрэн олгох зохицуулалтыг хийсэн. Тогтсон ажлын байргүй, бичил худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн орлогод нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагын тогтоосон хувиар татвар ногдуулна.

-Орон сууц барьсан, ипотекийн зээл авсан иргэд ямар хөнгөлөлт эдлэх вэ?

-Амьдран суух зорилгоор анх удаа орон сууц барьсан, худалдан авсан иргэний татварын хөнгөлөлтийг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн ипотекийн зээлийн хүүгээс өндөр хүүтэй орон сууцны зээл авсан иргэний хүүгийн орлогын зөрүүд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Татварын албаны үйлчилгээ, үйл ажиллагаа бүрэн цахимжина.

-Татварын хяналт шалгалт эрсдэлд суурилж хийгдэнэ гэсэн мэдээлэл байна?

-Эрсдэл гэдэг нь ирээдүйг тааварлах үйл ажиллагаа гэдэг. Дэлхийн хэмжээнд эрсдэл түүнийг үнэлэх, эрсдэлийг удирдах менежмэнтийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг. Манай татварын албанд эрсдэл түүнийг үнэлэх хариу арга хэмжээ авах ажил 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. “Эрсдэл хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй” гэж хэлдэг. ”Эрсдэлийг удирдахгүй орхивол эрсдэл биднийг удирдана” гэж бас хэлдэг. Татварын шинэ хуулиар зөвхөн эрсдэлтэй татвар төлөгчдийг хяналт шалгалтад хамруулахаар заасан. Татварын хуулиа сайн мөрдөж, хуулиар төлөх татвараа цаг хугацаанд төлөөд ажиллавал хяналт шалгалтад хамрагдахгүй ажиллах боломжтой болсон. Татварын албатууд зорилгодоо түшиглэн эрсдэлийг тооцож тодорхойлох, хүлээж авах, үнэлэх, хариу авах арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх ажил бодитойгоор хийгдэнэ. Энэ нь шинэ шинэ боломжуудыг нээж, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлнэ гэж юу гэсэн үг вэ?

-Татварын зорилгоор мэдээлэл солилцох олон улсын форумд элсэж дэлхийн 150 гаруй улстай мэдээлэл солилцох боломжтой болж мэдээллийн ил тод байдал, нууцлалтай холбоотой шаардлагыг хуульчилж өглөө. Мөн татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг BEPS хэлэлцээрийн шаардлага, стандартыг хуульд тусгасан. Үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж, тайланг хүлээн авч, тохируулга хийдэг боллоо. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм GAAR ийг хэрэгжүүлдэг болсноор схем ашиглаж татвараас зайлсхийж буй татвар төлөгчийн орлогод албан татвар оногдуулдаг болж байна. Татварын тайлагналд харилцан хамаарал бүхий этгээдийн тайлангийн харилцааг бий болгож, үйл ажиллагааны удирдлагыг нь Монголоос хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийг Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгэдэг боллоо. Уул уурхайн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл бүрт хамаарах татварын тайланг гаргаж тооцоо хийдэг болж, албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрэм хэрэгжихээр болж байна. Төлөөний газрын татварын харилцааг боловсронгуй болгож, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олсон орлогыг тодорхойлох асуудлыг шинээр зохицуулсан.

-Татварын албаны үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өөрчлөлтүүд орсон уу?

-Татварын өрийг яаж барагдуулах эрэмбийн асуудал тодорхойгүй байсан. Улс эх орон татваргүйгээр оршин тогтнож, ард түмэн амьдрах боломжгүй гэдэг утгаар дээгүүр эрэмбэлэх шаардлага байдаг. Энэ шаардлагын үүднээс татварын өрийг нэгт, хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэл, хоёрт аливаа барьцаат эрхийн дараа хураах асуудлыг олон улсын туршлагад үндэслэн хуулинд тусгасан. Татвар ногдуулах,төлөхтэй холбоотой хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар биш татварын хуулиар зохицуулахаар болсон. Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа ногдуулсан татварын 10 хувийг урьдчилан төлсөн байх шаардлагыг бий болгосон. Энэ нь татварын байцаагч, татвар төлөгч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс авч буй арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Татварын өрийг төлүүлэх зорилгоор эрх хязгаарлах, түдгэлзүүлэх арга хэмжээ авах заалтыг шинээр тусгасан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах, татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийснээр татварын өр төлөхгүй байх зөрчил багасна гэж тооцсон. Өртэй татвар төлөгч хөрөнгөө бусдад үнэгүй, хэт бага үнээр шилжүүлэх, авлага хүчингүй болгох, зэргээр бусдад давуу байдал олгосон бол уг этгээдэд татвар төлөх хоёрдогч этгээдийн үүрэг үүсэх зарчмыг шинээр тусгасан. Татварын багц хуулинд 2019 онд хийсэн өөрчлөлтийг татварын хоёр дахь шинэчлэл гэж нэрлэж байгаа юм.

Энэ шинэчлэлээр эдийн засаг, бизнесийг дэмжсэн, татвар төлөгчдөд ээлтэй, татварын шинэ орчин бий болж, Монгол Улсын эдийн засаг тэлж, томрох нөхцөл бүрдэнэ. Аливаа зүйл хэмжээтэй, цаг хугацаатай байдаг. Энэ удаа Монголын төрөөс татварын хуулиараа дамжуулан бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ маш сайн боломж олгож байгааг дурдах нь зүйтэй. Үүнийг ашиглан ажил бизнесээ зөв төлөвлөн, хуулиа дээдлэн ажиллаж, ажил амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боломж гарч байна.

ШИНЭ МЭДЭЭ