Парламент дахь эдийн засгийн "фокус"
2019.12.25
Улстөр

Парламент дахь эдийн засгийн "фокус"

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Болдын Жавхлан.


Улсын Их Хурал бол туршилтын талбар биш туршлагаа ажил хэрэг болгох сэтгэлтэй, зүтгэлтэй жинхэнэ мэргэшсэн боловсон хүчнүүдийн байх газар. Тэгвэл улс төр, эдийн засгийн харилцан хамаарал хийгээд бодлого, шийдвэрийн уялдааг онол, практикийн аль аль түвшинд сайн мэдэх, туршлагатай эдийн засагч Болдын Жавхлангийн хувьд түмний өмнөөс төр түших чадвартай гэдгээ баталж, харуулсан түшээ юм.

Гишүүн болохоосоо  өмнө туршлагатай банкирын хувьд танигдсан тэрбээр Монголын банкны салбарын эрүүл саруул байдлын төлөө хоёр арвантай тэнцэх хугацаанд хүчин зүтгэсэн зүтгэлтэй. Тэр ч утгаараа банкны салбарт цаг үе, нөхцөл байдлаас хамаарсан эрхзүйн орчны өөрчлөлтүүд ус агаар шиг хэрэгцээтэй байгааг Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан тэрбээр мэдэхийн дээдээр мэдэж байсан.

Тиймдээ ч хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар Банк санхүүгийн салбарын хөгжилтэй холбоотой арав орчим хуулийн төсөлд санаачилга, туршлагаараа илүүрхэж оролцон өнөөдрийг хүрснийг нь тодотгоё. Банкны тухай хуулийг батлах үед тэрбээр “Энэ удаагийн өөрчлөлтөөр Төв банкны хяналт шалгалтыг цоо шинэ түвшинд авчирсан” гэж тодотгож байлаа. Мөн уг хуулиар “Банкуудын охин компани байгуулах боломжийг хассан” заалтыг тайлбарлахдаа  “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал зэрэг анхаарал татсан хэргүүд охин компанийн хуулийн цоорхойгоор болсон шүү гэдгийг сануулсан.

Шийдэл хэний гарт байгааг тэр мэднэ

Шийдэл шаардсан асуудлыг эдийн засагч хүний хувиар тооцоололтой, үндэслэлтэй, холбогдох шалтгаануудтай нь олж харж, шийдлийг боловсруулдаг нь түүний давуу тал. Түүнчлэн гадаад, дотоод орчны нөлөөллөөс хамаарсан өөрчлөлт бүрийг тухай бүрд нь ажиглаж, анализ хийх өндөр чадвартай учраас аливаа нэг хэв маягт баригдаж, түүгээрээ л туйлшраад байдаг хэвшмэл, баригдмал сэтгэлгээтэй нэгэн биш.  Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг санаачлагчдын нэг тэрбээр яг л энэ зарчмаа барьж буй. Энэ хуулийн төсөл манайхтай төстэй, нээлттэй эдийн засаг бүхий жижиг улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, цаашлаад банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой. Гэхдээ хуулийн нэршил нь “Хөрөнгө оруулалтын банк” гэх арай оновчтой биш байж гэж хуулийг өргөн барьсан хүний хувьд боддогоо ний нуугүй л хэлсэн байна лээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт шаардлагатай байгааг хэлж байсан. Хэлснийхээ дагуу хийж, хуулийн төсөл санаачилсан нь, батлагдсан билээ.

Б.Жавхлан УИХ-ын гишүүн

Улс орон хэдэн төгрөг олж, хэдийг зарлагадах вэ гэдэг асуудал яг л өрх айлын амьдралтай, санхүүтэй ижил. Б.Жавхлан гишүүний хувьд мөнөөх л эдийн засагч мэргэжлийнх нь тооцоолдог, төлөвлөдөг давуу тал үүнд гарч ирдэг. Энэ хэдэн яамны хэд нь орлого олж, хэд нь зарцуулдгийг, эдийн засгийн бүтцүүдийг нийлүүлж тооцоолдог, дүр зураг гаргадаг Засгийн газрын бүтэц өнөөдрийг хүртэл байхгүй байгааг, төлбөрийн тэнцлийн алдагдал гэх “ужиг” асуудалд суурь зохицуулалт шаардлагатай гэдгийг тэр л хэлж, ярьж суудаг. Мөн инфляцын гол зохицуулагч нь Төв банк, харин валютын ханшийн бодлого дээр Засгийн газар зохицуулагч гэдгийг сануулж, хэлдэг цөөн хүний нэг бол Б.Жавхлан гишүүн.

Иргэд, аж ахуйн нэгжийн нуруунд том дарамт болдог зээлийн хүүгийн хэмжээг бууруулах боломж банкуудын гарт байхгүй, эсрэгээрээ хүүг бууруулахын тулд төр өөрөө ажиллах ёстойг сануулдаг. Хууль тогтоогчийн хувиар түмэн олонд хэрэгтэй олон л хуулийг тэрбээр санаачилж, хэрэгжүүлж буй. Тухайлбал,  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх оноос 1 хувийн татвар хэрэгжинэ.

Дархан-Уул аймагт

Дархан-Уул аймгийн бүтээн байгуулалттай танилцах үеэр

Тэрбээр өөрийн төрсөн нутаг Дарханыхаа иргэдийн сонголтоор УИХ-д сонгогдсон. Тойрог руугаа чиглэсэн олон л ажил хийдэг юм билээ. Б.Жавхлан гишүүний санаачлагаар “Болд сан”-тай хамтран гурав дахь жилдээ “Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. Дархан суманд 8000 гаруй иргэдэд үйлчлэх Багийн хөгжлийн төв ашиглалтад орсон. Дархан-Уул аймагт 50 ортой шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орсон гээд тоочвол  олон ажил бий. 

"VIP EXPERT" СЭТГҮҮЛИЙН тусгай дугаарт нийтлэгдэв.

Хуулбарлахыг хориглоно

ШИНЭ МЭДЭЭ