Гарааны компаниудыг хувьцаа гаргах боломжоор хангах эрх зүйн орчинг бүрдүүллээ
2019.12.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Гарааны компаниудыг хувьцаа гаргах боломжоор хангах эрх зүйн орчинг бүрдүүллээ

Инновац гэж юу вэ? Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа ШИНЭ БҮТЭЭМЖ, ШИНЭ САНААГ эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт  дэвшилтэт үр нөлөө авчрах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд инновацын үр нөлөө юм.

Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. 

Үүнд:

  • Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
  • Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
  • Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг

Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инновац хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно. Гадны улс орнуудад ч ийм замаар хэрэгжиж байгаа юм.

Монгол Улс 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Инновацын тухай хууль” хэмээх бие даасан хуультай болж, УИХ-аас баталсан байдаг. Харин 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан бөгөөд Инновацын тухай хуульд инновацын тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд дутуу томьёолсныг дахин, зарим нэр томьёог орхигдуулсныг дахин шинээр томьёолон хуулийн төсөлд тусгажээ.

Инновацын тэргүүлэх чиглэлийг тодорхой болгох, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Засгийн газар батлан мөрдүүлж, хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.

Гарааны компаниудын хувьд хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхээс гадна, олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур санал болгох боломжийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх инновацын грант олгох зэргээр төрийн дэмжлэгийг тодорхой, ойлгомжтой болгох, төрийн оролцооны зохистой түвшинг бий болгох асуудлыг мөн тусгасан байна.

Жишээлбэл, Инновацын тухай хуулийн 16.1-д заасан “Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас” бусад дэд бүтцүүдийг сэргээх, гарааны компаний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хамтын оффис, бизнес менежментийн компанийг шинээр нэмж тусгасан аж.

Инновацын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт


НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ

Инновацын дэд бүтэц, тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаа, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой нэр томьёог олон улсад хэрэглэгддэг ойлголт, чиг хандлагатай нийцүүлэн хуулийн 3.1.1, 3.1.3, 3.1.6, 3.1.8 дахь заалтыг шинэчилэн найруулж, шаардлагатай зарим нэр томьёог хуулийн төслийн 3.1.17, 3.1.18 дахь заалтаар нэмж тусгалаа.

Инновацын үйл ажиллагааг зөвхөн шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл явцаас гадна мэдлэгийг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг олох, шинээр бий болж байгаа инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх, тэдгээрт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшил, гарааны компаниудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хуулийн үйлчлэх хүрээ, агуулгыг өргөжүүлсэн. 

Ингэснээр судалгааны үр дүнд бий болсон шинэ технологийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, улмаар үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ахиц гарна гэж үзэж байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГТ

Инновацын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгох зорилгоор Төрөөс инновацын талаар баримтлах бодлого болон Инновацын тэргүүлэх чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батлахаар хуулийн төслийн 6.1.1, 6.1.2-т өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүрэн эрх, өндөр технологи, үндэсний инновацын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад яамд, агентлагийн эрх үүрэг давхарсан 7.1.8, 10.1.2, 12.3.1, 12.3.2, 17.1.5 дахь заалтыг хасах, хэрэгжүүлэх чиг үүрэг, арга хэмжээтэй холбоотой 6.1.1, 6.1.2, 6.1.5, 7.1.11, 10.1.3, 11.1.3 дахь заалтыг өөрчлөн найруулах зэрэг тус тус нэмэлт, өөрчлөлтийг хийлээ.

Инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх, гарааны компанийг дэмжих, хөгжүүлэх, үйл ажиллагааны болон санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хуульд заасан хөнгөлөлт, дэмжлэгээс гадна хувьцаагаа олон нийтэд санал болгох, олон нийтээс хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд 121 дүгээр зүйлийг нэмж тусгалаа.

 ГУРАВДУГААР БҮЛЭГТ

Инновацын “стратегийн, урт, дунд хугацааны, салбарын тэргүүлэх чиглэл”-ийн нэр томьёог нэг болгосонтой холбоотойгоор хуулийн төслөөс 13.2, 13.3, 13.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12 дахь хэсгийг хасч, инновацыг хөгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гарааны компанид дэмжлэг үзүүлэх, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн дэмжлэг, зохицуулалттай холбоотой 13.4, 13.6, 13.7, 13.9, 13, 14 дүгээр зүйлийн гарчиг, 13.1, 13.13, 13.14, 13.15, 14.1.2, 14.2, 16.1, 17.1.6, 17.1.7, 17.2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, 14.1.4, 14.1.5, 17.3 дахь заалт, хэсгийг шинээр нэмж, 17.1.5 дахь заалтыг хасч хуулийн төсөлд тусгалаа.

Ингэснээр инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрөл нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангах давуу тал үүснэ гэж үзэж байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ

Эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэдэх гарааны компанийг бойжуулах, дэмжихэд чиглэсэн, тэдний гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн зохицуулалтыг хийж,  төрийн оролцооны зохистой түвшинг хангах зорилгоор 27.10.2 дахь заалтыг өөрчлөн найруулж, 27.2 дахь хэсэг, 27.2.1-27.2.5 дахь заалтыг шинээр нэмж тусгалаа.

Н.Учрал: Хуулийнхаа хэрэгжилтийн энхийн манаанд хатуу зогсоно
Инновацын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьсан бөгөөд хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж ажилласан юм. 

Монгол Улсын хөгжлийн гарц бол мэдлэгийн эдийн засаг буву иноовац гэж тэрээр үздэг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болсон даруйдаа 10 гаруй гишүүний хамт инновацын үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийг байгуулж, парламентын түвшинд гаргасан юм.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Инновацын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аас баталсны дараа тэрээр өөрийн цахим хуудсандаа “Хуулийнхаа хэрэгжилтийн энхийн манаанд хатуу зогсоно.” гэж бичсэн байлаа. 

"Нэмүү өртөг үлдээх, шинжлэх ухаан, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Ялангуяа IPO болгох босгыг багасгаад, олон нийтэд танилцуулах шинэ хэлбэрийг гаргаж ирж байгаад талархаж байгаа юм. Монгол улс мэдээлэл технологийн компаниудад зориулсан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж болно.” 

Н.Учрал   УИХ-ын гишүүн 

Б.Баттөмөр  УИХ-ын гишүүн 

“Монгол улсын хөгжлийн маш олон гарц байгаа. Энэ олон гарцуудын нэг нь инновацыг хөгжүүлэх юм. 2013, 2015 онуудад хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахдаа инновацын заалтуудыг хасаж, ухралт хийсэн. 21 зуунд хөгжих тухай асуудал бол инновацтай холбоотой. Жил бүр Монгол Улс инновацын ямар хөгжилд хүрэв гэдэг дүн ярилцдаг байх ёстой.”

Д.Оюунхорол  УИХ-ын гишүүн

“Инновацын тухай хуулийн зарим нэр томъёог олон улсын жишигт тохируулан шинэчилж заримыг нь тайлбарласан мөн хуульд заасан төрийн байгууллагуудыг эрх үүрэг давхардалыг өөрчилж өгсөн. Мөн дэмжлэг үзүүлдэг урамшуулдаг байх тогтолцоог орууллаа. Улсын хөгжлийн хувьд том дэм болох хууль батлагдаж байна.”

Ц.Соёлмаа 

Vip76.mn

ШИНЭ МЭДЭЭ