Оны залуу судлаач шалгаруулах “ПРОГРЕСС-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо
2019.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оны залуу судлаач шалгаруулах “ПРОГРЕСС-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Прогресс-2019” Оны Шилдэг Залуу Судлаач шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд явагдлаа.

Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тус эрдэм шинжилгээний хурлыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос (НАМЗХ) санаачилж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Залуу багш нарын холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч, доктор Н.Учрал болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох нар үг хэлсэн бол ИЗОУИС-ийн проректор, Монгол Улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Цэцэгмаа “Ж.Цэвээн шинжлэх ухааны байгууллагын үндэслэгч болох нь” сэдвээр илтгэж, Ж.Цэвээний үйлс гавьяаг залуу судлаач, эрдэмтдэд, хойч үедээ өвлүүллээ.

Нийт 26 залуу эрдэмтний бүтээл ирснээс 13-н бүтээлийг хоёрдугаар шатанд сонгон шалгаруулж, илтгэл хэлэлцүүлсэн юм. “Нийгэм, эдийн засгийн хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд Шинжлэх Ухааны Академи, Их засаг олон улсын их сургуулийн залуу эрдэмтэд дэд бүтэц, мал аж ахуй, хими, эрчим хүч зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндсөн илтгэлүүд байв.

Дөрвөн сая төгрөгийн шагналын сантай тус хуралдааны нэгдүгээр байранд шалгарсан илтгэгчид НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын нэрэмжит нэг сая төгрөгийн судалгааны грант, хоёрдугаар байр болон Салбар хуралдааны шилдэг судлаачид 500,000 төгрөгийн судалгааны грантыг олголоо.

ШИНЭ МЭДЭЭ