http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Өр, зээлээс үүдэлтэй олон эрсдэл биднийг отож байна
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
2019.10.16
Улстөр

Б.Баттөмөр: Өр, зээлээс үүдэлтэй олон эрсдэл биднийг отож байна

эх сурвалж: Өдрийн сонин, БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Эдийн засагт үүссэн өр, зээл түүнийг дагасан эрсдэл, хүндрэлийн талаар ярилцлагаа эхэлье?

-Улс үндэстнүүдийн хоорондын харилцаа холбоо өргөжиж, даяаршсан эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчныг бий болгон, мэдээлэл холбооны хэрэгслээр холбогдон хил хязгааргүй шинэ орчинд дасан зохицох гэж бүгд хичээцгээж байна. Дэлхий бөөрөнхий гэдэг ч аль эрт хавтгай болчихсон. Энэ асуудалтай холбогдон нэг улсад үүссэн тааламжгүй байдал дэлхийн хэмжээний асуудал болж улс орон бүр байнга эрсдэлтэй тулгарч байна. Манай улсын хувьд өр, зээлээс үүдэлтэй маш олон эрсдэл биднийг отож байна. Буруу шийдвэр, буруу алхам хийх бүрт эрсдэл биднийг сорьж, шалгалт авч, шийтгэж байна гэх үү дээ. Манай улсын эрсдэлийг эдийн засгийн салбарт авч үзвэл дэлхийн зах зээл дэх түүхий эд, нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, цайрын баяжмалын үнэ буурах, гадаад, дотоод өрийн хэмжээ өсөх, хөрш орнуудтай хийх худалдаатай холбогдож гарах үл ойлголцол, дэлхий, бүс нутгийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал үүсэх, мөнгөний ханш унах, гадаад валютын нөөц хомсдох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт саарах, газрын тосны үнэ огцом өсөх зэрэг олон асуудал байна. Эрсдэл хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй гэдэг.

-Олон улсын хэмжээнд судалгаа хийдэг байгууллагуудын судалгааг харахад дэлхийн хэмжээнд өрийн асуудал нэлээд хүндэрч байгаа гэх мэдээлэл байна?

-Хөгжиж буй орнуудын зээлийн асуудлаар судалгаа хийдэг Их Британийн ‘Jubi­lee’ агентлаг дэлхийн 154 орныг хамруулсан ‘Debt report 2019’ өрийн тайландаа олон орны өрийн түвшин ноцтой хэмжээнд хүрээд байгааг мэдээлж байгаа. Судалгаанд хамрагдсан 122 орны өрийн түвшин эрсдэлтэй, ноцтой хэмжээнд хүрчээ. Тивээр нь авч үзвэл Африкийн орнуудын өр, зээл хамгийн өндөр түвшинд байна. Зарим орнууд дефолт зарлах хэмжээнд хүрч, өр зээлээ төлж чадахгүй учраас тусламж гуйхад хүрэх төлөвтэй гэж дурдсан байсан. Азийн орнуудаас Монгол, Бутан, Бахрейн, Ливан зэрэг орныг хамгийн их өр зээлтэй эрсдэл өндөртэй гэж нэрлээд байгаа.

-Дэлхийд өрөөс болж дампуурлаа зарлаж байсан улс орнууд олон байсан гэдэг. Энэ тухайд?

-Өнгөрсөн 200 жилд дэлхийн хэмжээнд 83 улс өрөөс үүдэж дампуурлаа зарласан гэх тоо байдаг. Түүнчлэн АНУ, Герман, Япон, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнууд ч багтаж байсан удаатай. Тухайлбал, АНУ түүхэндээ таван удаа дампуурлаа зарлаж дефолт болж байсан байдаг. Хөгжиж буй орнуудын өнөөдрийн өр 1980-аад оны өрийн хямралын түвшинд хуримтлагдаад байгаа гэх мэдээлэл байна. Иймээс G20-ийн орнуудын удирдагчид өрийн зохистой байдлыг тэргүүн асуудал гэж тодорхойлж байгаа. Бага орлоготой улсууд өрийн хамгийн хүнд сорилтуудтай тулгардаг л даа. Учир нь хариу үзүүлэх чадвар сул байдаг.

-Улс орнууд авсан зээл, өрөө төлөх чадварыг хэрхэн тодорхойлох вэ?

-Улс орнуудын дааж чадах өрийн түвшинг тодорхойлсон жишиг харьцаа гэж бий. Хөгжиж буй орнуудын авдаг хөнгөлөлттэй зээлүүд гадаад өрд хамрагдана. Гадаад өрийн ачааллыг тухайн жилийн ДНБ, экспорт, Засгийн газрын орлого, дээр нь өрийн үйлчилгээг Засгийн газрын орлого, экспорттой харьцуулж, нийт таван шалгуураар 1-6 гэсэн тоогоор илэрхийлдэг. Эдийн засаг дахь өрийн ачааллыг сул, дундаж, хүчтэй гэж гурав ангилдаг. Энэ ангиллаар манай улсыг 3.41 буюу дундаж ангилалд оруулсан байна лээ. ОУВС-аас Монгол Улсын гадаад өр (баталгаа гаргасан өрийг оруулаад) ДНБ-ийхээ 40 хувиас хэтрэхгүй байх шалгуур тогтоосон. Энэ үнэлгээг CPIA (Country Policy and Institutional Assessment) индекс гэдэг. Энэ нь тухайн орны эдийн засгийн бодлого ба төрийн байгууллагуудын чадварын түвшинг илэрхийлдэг.

-Улс орнууд өрийн хэмжээгээ яаж хуульчилдаг вэ. Манайд ямар байдаг юм бол?

-Улс орнууд гадаад өрийн зохист хэмжээгээ харилцан адилгүй тогтоосон байдаг. Дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилдаг. Манай улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, yлсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн зохист хэмжээ бөгөөд манайхан өрийн тааз гэж нэрлэдэг шүү дээ. Харамсалтай нь манай улс “Төсвийн тогтвортой байдал”-ын тухай хуулиар тогтоосон хэмжээг байнга хэтрүүлж ирсэн. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, өртэй хөгжих, төсвийн мөчлөг дагаж тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангахгүй ажиллаж ирсэн байдаг. 2019 оны есдүгээр сарын байдлаар манай нийт өр 29.7 тэрбум ам.доллар болж, ДНБ-ий 200 гаруй хувьд хүрээд байгаа. Үүнээс Засгийн газрын өр 7,2 тэрбум ам.доллар байна. Засгийн газрын өр 2016 онд ДНБ-ий 85 хувьд хүрч байсан бол сүүлийн гурван жилд идэвхтэй ажилласны үр дүнд 2018 оны гүйцэтгэлээр 58.9 хувь хүртэл идэвхтэй буурч байна. Манай нийт өрийн 24,4 хувийг Засгийн газрын өр эзэлж байна. 2019 оны гүйцэтгэлээр 52.9 хувь болж буурах хүлээлт байгаа. Өр ихэдвэл үгүйрдэг гэдэг. Монгол төрийн алдаатай бодлогоос үүдэж, нийт өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрч нэмэгдэж байна. Энэ алдааг засахгүй бол хөгжил мухардалд орно. Мухардал, мухар нүхнээс гарахад маш түвэгтэй болох эрсдэлтэй. Иймд өрийн менежмэнтийг маш сайн хийх шаардлага үүсч байна.

-Гадаад өр мэдээж улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Гадаад нийт өр 29.7 тэрбум ам.доллар гэж байна. Энэ нөлөөллийн талаар та юу гэж бодож байна вэ?

-Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум ам.доллараас Засгийн газрын өр 7.2 тэрбум гэж дээр хэлсэн. Мөн Монголын аж ахуйн нэгжүүдийн авсан зээл 18.2 тэрбум бол, арилжааны банкуудын авсан зээл 2.2 тэрбум, Монголбанкны БНХАУ-тай своп хэлцэл хоёр тэрбум долларын зээл багтаж байна. Гадаад өрийн хэмжээ тухайн улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Тухайлбал, өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл дагуулдаг. Мөн гадаад өрийн хэмжээ зохих түвшнээс давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн байдал хурцдах нөхцөл үүснэ.

-Өрийн дарамтад орсон улсад ямар эрсдэлүүд үүсч болох вэ?

-Маш олон эрсдэл үүснэ. Тухайлбал, Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно. Улс орон хөгжил дэвшилд хүрэх, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжит хувилбарыг сонгож, санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах нь хөгжилд чухал ач холбогдолтой. Энэ боломж хязгаарлагдана. Өрийн урхинд орвол бүх боломжоо өр төлөхөд зарцуулна. Өрөө төлөөгүй тохиолдолд зээлийн алдагдал нэмэгдэж, санхүүгийн эх үүсвэр улам үнэтэй болно. Хоёрдугаарт, Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл үүснэ. Гадаад өрийн хараат байдал төрийн эрх мэдэлд нөлөөлөх аюултай. Жишээ хэлэхэд, 2009 онд Грек улсын гадаад өр ДНБ-ийхээ 113 хувьд хүрч ОУВС-гаас авсан 1.54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болж өрийн хямрал эхэлсэн түүхтэй. Ингэж улс орныг удирдах эрх мэдлийн зарим хэсгийг гадаадын зээлдүүлэгчийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд орж байсан. Олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд Грекийн бондын зэрэглэлийг өндөр эрсдэлтэй ССС болгон бууруулсан. Ийм бондыг хог гэж нэрлэдэг төдийгүй борлогдоггүй. Гуравдугаарт, Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана. Улс орны хөгжил, гадаад өрийн хэмжээ хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаагийн нэг хэлбэр. Энэ нь ирээдүй хойч үеэ өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа үйлдэл гэж ойлгож болно.

-Манай улс ойрын жилүүдэд Чингис, Мазаалай, Хуралдай бондын нэлээд хэмжээний өр төлөх ёстой. Төлөх боломж хэр байгаа бол?

-Манай улсын хувьд 2021-2024 онуудад зээлийн том төлбөр төлнө. Засгийн газрын гадаад өрд тооцогдож буй Чингис бонд нэг тэрбум ам.доллар, Мазаалай бонд 500 сая ам.дол, Хуралдай бонд 600 сая ам.доллар, Гэрэгэ бонд 800 сая ам.доллар гэх мэт том дүнтэй өр төлбөрүүд шилээ даран хүлээж байна. 2018 онд Чингис бондын 500 сая ам.долларын зээлийг төлсөн. Бидний авч ашигласан Мазаалай бонд жилийн 10 хувийн хүүтэй. Жилийн 10 хувийн хүүтэй зээл хөгжилд тус болохоосоо ус болдог. Энэ бол хөгжлийн зээл биш. Манай эдийн засаг өндөр эрсдэлтэй байсан тул тухайн үед өндөр хүүтэй зээл олдсон байх. Энэ өр ороод богино хугацаатай өндөр хүүтэй 2.9 тэрбум долларын зээл байгаа. Эдгээр зээлийг дотоодын эдийн засагт сөрөг нөлөөлөлгүйгээр төлөх шаардлагатай. Энэ мөнгөөр хийж бүтээсэн зүйл хомс байдаг. Дамжуулан зээлдүүлсэн зарим нь эргэн төлөгдөх боломжгүй болсон. Улс орны хөгжил, дэвшил ирээдүйд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй л дээ. Хариуцлага тооцдог газарт ийм ажил хийсэн хүмүүсийг гэмт хэрэгт татаж, зохих шийтгэлийг хүлээлгэж, дахин гарахаас сэргийлдэг. Том өр төлбөр төлөхөд санхүүгийн сахилга бат чухал. Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайн болгох шаардлага байна. Бид зардал, хөгжилөө санхүүжүүлээд хуримтлалтай болох нь чухал. Энэ засгийн үед хуримтлал үүсч эхэлж байгааг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, Засгийн өрийн хэмжээ буурч, засгийн өрийн хэрэгсэлд итгэх итгэл сэргэх төлөвтэй байна. Ингэснээр өр төлөх чадваргүй болох, дефолт үүсэх эрсдэлээс зайлсхийж болно. Гэвч эдгээр нь гол нэрийн түүхий эдийн үнэ буурахад үгүй болж мэдэх эмзэг ололтууд гэдгийг ойлгох хэрэгтэй.

Төсвийн хэт өөдрөг төсөөлөл, төсвөөс гадуурх зарцуулалт, олон төсөвтэй байх нь санхүүгийн сахилга батыг сулруулдаг. Төсвийн орлогыг хэт өөдрөг буруу төсөөлж, тэр хэмжээгээр зарлагаа нэмэх нь аюултай. Төсвийн тооцоо, судалгаатай өөдрөг төсөөлөл дэмжигдэнэ. Дэлхийн хэмжээнд хамгийн их өртэй орнуудын тоонд Грек, Португаль, Итали, АНУ, Япон ордог. Харин хамгийн бага өртэй нь Хонконг улс байна. Өр нь ДНБ-ий 0.5 хувьтай тэнцүү байна. Монгол Улс өртэй улсуудын жагсаалтын 79 дүгээрт орж байгаа.

-Өрөөр урхидах бодлого гэж байдаг. Манай улсын хувьд урхинд орж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байна?

-Өрөөр урхидах дипломат бодлого буюу өрийн хавх гэдэг нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд олгосон зээл буюу өрөнд суурилан аажмаар барьцаа ахиулах, чангалах, өрийн дарамтад оруулах замаар хараат болгох, нөлөөндөө оруулах бодлого байдаг. Энэ нь зээлийг тодорхой бодлоготой өгч, төлөх боломжгүй болсон үед улс төр, эдийн засгийн ашиг хүртэх зорилготой. Ийм зээлийг ихэвчлэн дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулах байдлаар олгодог.

Олгож буй зээл нь олон нийтэд ил тод мэдээлэлгүй, зээл олгогч орны томилож шалгаруулсан этгээдээр дамжуулж зарцуулдаг. Өрийн ийм занганы бодлого нь дэлхийд ноёлох гэсэн гегемонист үзлийн илрэл гэдэг бөгөөд улс орнуудын тусгаар тогтнолд заналхийлж байгаа үзэгдэл гэдэг. Авсан зээлээ буцааж төлөх хугацаа болон нөхцөлийг сайтар тооцож үзэхгүй бол өрийн хавх, өрийн занганд орох аюултай. Засаглалын хомсдолтой, авлига ихтэй, байгалийн баялагтай орнуудад зээл нэмэр болохоос нэрмээс болох нь их.

-Гадаад зээлээс гадна дотоод бондын зээл бас их байдаг. Энэ тухайд?

-Монгол Улсын Засгийн газрын дотоодын зах зээлд арилжсан 21 бонд байдаг. Энэ бондуудын төлбөрт энэ онд 87 тэрбум төгрөг төлнө. Ирэх онд 17 бондын төлбөрт 59 тэрбум төгрөгийн төлбөр хийх ёстой. Дээрх төлбөрууд нь 2017 оноос өмнө гаргасан бондуудын төлбөр. Засгийн газар дотоодод бонд гаргахыг 2017 оноос зогсоосон ч одоо хүртэл үргэлжилж байгаа.

-Өрийн хямрал үүсч болзошгүй гэлээ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр нь өрийн хямрал. Яагаад гэвэл өрийн хямрал урт хугацаанд үргэлжилдэг. Цаашид авч болох зээл бүрийг авах шаардлагагүй. Зөвхөн үр ашигтай, нэмүү өртөг бий болгох, эдийн засгийн төрөлжилт, түүний өсөлт, бүс нутгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах, ажлын байр бий болгох, төслүүдэд зээл авах хэрэгтэй. Зээл авахын өмнө маш сайн тооцоо судалгаа хийж, зээл авч болох төслүүдийг эрэмбэлж, авсан төслүүд үр ашгаараа зээлээ буцааж төлдөг шаардлагыг үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгэнт авсан зээл, түүнийг төлөх менежмэнтийг маш зөв удирдах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийн авсан 18.2 тэрбум доллорын зээл, түүний төлбөр Монголоос гарна. Энэ асуудал Засгийн газарт хамаагүй мэт боловч төрөөс анхаарч ажиллах шаардлагатай. Учир нь төр, ард түмний мэдэлд байдаг баялаг ашиглах эрх бусдад шилжих, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх, валютын эрэлт нэмэгдэж үнэ, ханш өсөх, түүгээр өдөөгдсөн инфляци үүсэх эрсдэлтэйг тооцох нь чухал. Монгол Улсын засгийн газрын өр буурч байгаа боловч нийт өр буурахгүй байна. Энэ бол хөгжилд буй том эрсдэлүүдийн нэг. Авч буй зээл бүхэнд санхүүгийн стратегийн бодлого, төлөвлөлт байх естой.

Ялангуа сөрөг стратеги, эрсдэлийн төлөвлөлт, түүнийг удирдах менежмэнт маш чухал байна. Монгол Улс маш том сорилтын өмнө зогсож байна. Энэ сорилтыг сөрөн улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ амар тайван амьдруулах бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ