Н.Учрал: Үндсэн хуульд "Шатлан дэвших" гэдэг үгийг оруулж болохгүй
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ.
Төслийн "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах" - тай холбоотой саналын томьёоллоор санал хураалт явагдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар саналтай холбогдуулан гишүүд байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Би нэг тойрог төлөөлөхөөс илүү үеийнхээ залуучуудыг төлөөлж үг хэлэх ёстой гэж бодож байгаа юм. манайхан гадны үгийг хуулж авахдаа буруу орчуулдаг. Мэррит гэдэг үгийг орчуулахдаа "чадахуйн зарчим" гэж уянгын халилтай орчуулсан. 2017 онд Төрийн албаны хуульд энэ уянгын халилтай үгийг хийж өгөх үед би "энэ үгийг хийж өгснөөр Монголын олон мянган залуучуудын ирээдүйн хаалгыг хаалаа шүү" гэж хэлж байсан. Одоо бүүр сүүлдээ Үндсэн хуульд хулгайгаар оруулж өгөх гэж байна. Энэ болох юмуу. Мэррит гэдэг нь бол мэдлэг ур чадварын шалгуурын тухай ойлголт. Ерөөсөө ур чадварын шалгуураар нь ажилд томилдог зарчмыг л хэлж байгаа юм. Одоо баруун болон Америкийн орнууд ажлын чадварын үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалинг нэмдэг тогтолцоонд шилжсэн. Түүнээс биш хоногийн хийдэг юмаа өглөө, оройгүй хийж, 30 жил ажиллалчихаад "оймсонд" мөнгөө хийх болтлоо ялзарчихсан ш дээ. Тэгээд бид энэ төрийн албаны чинь юунд нь найдах юм бэ? Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуучуудыг "та нар туршлагагүй байна" гээд буцаачихдаг.
2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг тухайн үед нь ч би эсэргүүцэж байсан, одоо ч эсэргүүцэж байна. Энэ бол Монголын түүхэнд хар мөр бичигдсэн хууль. Тиймээс өнөөдөр Үндсэн хуульд "шатлан дэвших" гэдэг үгийг оруулж ирж болохгүй. Энэ үгийг оруулж ирэх юм бол энэ парламент Монголын залуучуудын ирээдүйн боломжийг хаах болно шүү!!