МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн 29 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн барилгыг ондоо багтаж ашиглалтад оруулна
2019.08.30
Орон нутгийн хөгжил

СХД-ийн 29 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн барилгыг ондоо багтаж ашиглалтад оруулна

Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг нь Сонгинохайрхан. Тус дүүрэг 7,200 хүн амтай. Үүнээс 1,392 нь 6-17 насны, 776 нь 2-5 насны хүүхэд байна.

 

Тус хороо улсын сургууль, цэцэрлэггүй. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж 29 дүгээр хороонд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж эхэлсэн байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболдоос тодруулахад "Манай хорооны хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй болох гэж байна. Барилгын ажил газар чөлөөлөлт, байгалийн үзэгдлийг эс тооцвол эрчимтэй явагдаж байгаа. 

Дөрвөн давхар сургуулийн барилга 75 хувьтай, хоёр давхар цэцэрлэгийнх 50 хувьтай. Энэ ондоо багтаагаад барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Барилга ашиглалтад орчихвол ЕБС-ийн 2 дугаар улирлаас хамран сургах тойргийнхоо дагуу сурагчдаа авахыг зорьж байгаа. Манай хорооны хүүхдүүдийн ихэнх нь 12 дугаар сургуульд гурван ээлжээр хичээллэдэг. Энэ асуудал эцэслэгдэнэ. 

Сургалтын хувьд эхний ээлжинд энгийн сургалттай. Цаашдаа Кембрижийн сургалттай болгоно" гэсэн мэдээллийг өглөө.

Сургууль, цэцэрлэг барих ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан байна. Тэрбээр "СХД-ийн 29 дүгээр хорооны 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эрчимтэй явагдаж байна.

 

Энэхүү шинэ сургууль, цэцэрлэгийн барилгыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Миний сонгогдсон тойрогт сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Шинэ сургууль, цэцэрлэг нь 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Москва хорооллын дунд баригдаж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ