Н.Учрал: Би цахим орчныг зохицуулах хууль гарах ёсгүй гэдэг байр суурьтай хүн
2019.05.09
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Би цахим орчныг зохицуулах хууль гарах ёсгүй гэдэг байр суурьтай хүн

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд фэйсбүүк орчинд гар утасны дугаараар нэвтрэхээр тусгаж өгч байгаа юм уу. Н.Учрал гишүүн фэйсбүүкт хаалт тавьж байна гэсэн шүүмжлэл байх юм?

-Харилцаа холбооны тухай, Радио долгион, шуудангийн тухай хууль нь энэ салбарын үндсэн суурь хуулиуд. Харилцаа холбооны тухай хуулинд бид ямар ч зохицуулалт хийсэн фэйсбүүкийг хааж чадахгүй. Ийм ойлголт ч байж болохгүй. Дэлхийн дийлэнх орнуудад нэвтэрч байнгын хэрэглээ болсон фэйсбүүк глобал компани учир хориглох мянган арга хэрэглээд ч боломжгүй.

Монгол Улс мянган сайхан хууль баталж гаргалаа гэхэд тухайн компанид нөлөөлөл огт үзүүлэхгүй. Саяхан Фэйсбүүк компанийн төлөөлөгчид ирж уулзахдаа “Сошл орчинд хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдол хавтгайрлаа. Тиймээс бид хамтарч ажиллах ёстой. Фэйсбүүк ашиглан хүн гүтгэх, доромжлох, гэмт хэрэгт уруу татах, өсвөр насны хүүхдүүдийг буруу үлгэр үзүүлэх, фэйсбүүкийн цаанаас хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа учир бид онцгой анхаарч байгаа” гэдгийг хэлж байсан. Монгол Улстай хамтарч ногоон суваг ажиллуулъя, монголоос бидэнтэй харилцах 2-3 тодорхой албан тушаалтныг хамтран ажиллуулахыг хүссэн. Тэр хүмүүсээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороотой харилцаж байя. Мөн Фэйсбүүкийн төв оффист монгол хүнийг ажиллуулах санал хэлсэн. 

-Манай зүгээс ямар санал тавьсан юм бэ?

-Бид фэйсбүүк аккаунт нээхэд гар утасны дугаар, и-мэйл хаягийг давхар бүртгэдэг болооч гэдгийг хэлсэн. Монголд бүртгэлгүй гар утасны дугаар гэж байхаа больсон. Шинээр дугаар авч байгаа бол хурууны хээгээ уншуулж бүртгүүлээд дугаараа авдаг болсон. Монгол Улс гар утасны дугаараараа аккаунт нээдэг болохыг хуульчилж өгвөл Фэйсбүүк компани дэмжинэ гэдгээ хэлж байсан. Тиймээс Харилцаа холбооны тухай хууль дээрээ зөвхөн фэйсбүүк биш сошиал орчинд аккаунт нээхээр бол заавал гар утасны дугаараа бүртгүүлээрэй гэж байгаа юм. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хязгаарлаж, хориглож байгаа зүйл байхгүй. Гар утасны дугаараар бүртгүүлдэг болсон тохиолдолд энэ аккаунтын ард ямар хүн байна, регистрийн дугаар нь хэд вэ гэдгийг хайх чадамж бидэнд байхгүй. Фэйсбүүк компани мэдээллийн аюулгүй байдлын маш өндөр түвшинд ажилладаг тул угаасаа боломжгүй. Фэйсбүүкийн зүгээс хэн нэгэн хүний хүслээр тухайн дугаар, и-мэйл эзэмшигчийн мэдээллийг өгөхгүй. Тухайн хүн гэмт хэрэгт холбогдсон, аккаунтаараа хүн гүтгэсэн нь тогтоогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Бидний зүгээс шууд хувь хүний мэдээлэл рүү халдана гэдэг ойлголт байхгүй, байж ч болохгүй. Иргэд маань асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар фэйсбүүкийг хязгаарлах цензурдэх зүйл байхгүй шүү гэдгийг дахин онцолъё.

Хүний суурь эрхийг хөндөхгүй, мэдээллийн эрх чөлөөг байнга хүндэтгэх болно. Хүүхдүүд бараг фэйсбүүкээр хүмүүждэг ийм цаг үед амьдарч байгаа болохоор хамтарч ажиллах ёстой. Цаашдаа Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай хууль, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиудаа бид батлаад явна.

-Хуурамч аккаунтуудыг л байхгүй болгох гээд байна, тийм үү. Ялангуяа хуурамч аккаунтаар улстөрчдийг харлуулдаг, гүтгэдэг. Үүнийг цэгцлэх юм уу. Гар утасны дугаар, и-мэйл хаягаар нэвтэрнэ гэхээр маш олон и-мэйл, гар утасны дугаарууд бий болчих юм биш үү?

-Дээр хэлсэн. Гар утасны дугаарыг ямар нэгэн бүртгэлгүй нээхээ больсон. Аль ч үүрэн телефоны операторт очсон заавал бүртгэлд орно. Тэгэхээр цаашид хуурамч аккаунт гэдэг зүйл байхгүй болж, эмх цэгцэндээ орох ёстой.

-Гишүүд дэмжих үү. Сошиал дагаж намирдаг гишүүд олон байгаа. Тиймээс өөрийн байр суурийг хүртэл илэрхийлэхээ больсон. Тэр утгаараа дэмжих тал дээр эргэлзээтэй байж мэдэх л юм?

-Засгийн газрын зүгээс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эрүүлжүүлье гээд өргөн барьсан. Түүнээс биш Харилцаа холбооны тухай хуулийг би өргөн мэдүүлээгүй, ажлын хэсгийн ахлагч нь ч биш. Гишүүнийхээ хувьд өөрийн байр суурийг илэрхийлж байна. Би цахим орчныг зохицуулах хууль гарах ёсгүй гэдэг байр суурьтай хүн. Зарим гишүүд Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах тухай хууль батлуулна гээд хуулийн төсөл санаачилаад явж байгаа. Харин би үүний эсрэг байр суурьтай байдаг.

Ийм хууль гарлаа гээд өөрчлөгдөх зүйл тун цөөн. Харин Цахим бодлогын түр хорооноосоо Цахим орчинд авах арга хэмжээний тухай тогтоол гаргая гэж байгаа. Тогтоолын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо юу хийх вэ, ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхой болгоно. Нэг үгээр хэлбэл үүрэгжүүлнэ. Засгийн газар Эстонийн загвараар ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэхээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Дэд даргаар нь би ажиллаж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаагаа нийлүүлж, нэг зүгт харж уялдаа холбоотой ажиллахаас биш ямар нэгэн байдлаар хуульчилж өгснөөр үр дүнд хүрэхгүй. Хамгийн гол нь бүртгэлгүй байхаа больё, хэн гэдэг нь ил тод нээлттэй байх зарчим үйлчлэх ёстой. Фэйсбүүкээр намайг гүтгэж доромжиллоо гэж нэг ч удаа хуулийн байгууллагад өгч байгаагүй. Гоё гоё зураг тавьсан хүмүүс хэн гэдэг нь мэдэгдэхгүй аккаунтаар бүлэг болж зохион байгуулалттайгаар ажиллаж хүмүүсийн нэр хүндийг гутаан доромжилдог болсон. 

-Цахим бодлогын түр хороо хэр ажиллаж байна вэ. Та ажлын хэсгийг нь ахалж байгаа. Ер нь цахим орчны талаарх энэ сэдэв таниас салахгүй бололтой?

-Аравдугаар сарын нэгэн гэхэд Цахим бодлогын түр хороо Засгийн газартай хамтраад операторт суурилсан нэг цэгийн үйлчилгээ буюу ухаалаг үйлчилгээг нэвтрүүлнэ. Дүүргүүд дээр нэг цэгийн үйлчилгээтэй ч бүртгэлээс эхлээд бүгд тус тусдаа цонхон дээр сууж байдаг. Үүнийг хөнгөвчилнө. Бидний хийх нэг цэгийн үйлчилгээн дээр очоод хурууны хээгээ уншуулаад гадаад паспортоо захиалчихна. Шуудангаар авах уу, ажил дээрээ хүргүүлэх үү гэдэг нь тухайн хүний сонголт. Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээсээ нэхэхгүй гээд байгаагийн утга нь энэ. Гадаад паспорт авахын тулд иргэн тэр бүх бичиг баримтыг бүрдүүлж гүйх шаардлагагүй болно. Ийм ухаалаг үйлчилгээ нэвтрүүлэхээс гадна аймаг, орон нутгууд нэг цэгийн үйлчилгээтэй болно. Томоохон үйлчилгээний төвүүдэд нэг цэгийн үйлчилгээг байгуулж, төрийн албаны хүнд суртал, нарийн сүлжээнд орсон авлига устах юм. Шууд л нэг дор бүгдийг хийнэ гэдэг худлаа тул эхнээс нь бага багаар нь явуулж л байна. Үүний тулд зарим журмуудыг цуцалж эхэлсэн. Тухайлбал, замын цагдаа хурууны хээ уншуулж автомашин жолоодогч хэн бэ гэдгийг тогтоодог. Тэгсэн хэрнээ жолооны үнэмлэхээ биедээ авч явсангүй гээд торгодог. Та нар яагаад торгоод байдаг юм бэ гэхээр “Бид ийм журамтай юм аа” гэдэг. Тиймээс журмыг нь цэгцлэх гэж байна.

Түүнчлэн Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиа батлуулна. Энэ хүрээнд Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах төвийг байгуулна. Ингэснээр нэг дор байгаа хадгалах, хамгаалах асуудал тусдаа болно. Хадгалах ажлаа дата төв нь, хамгаалахаа Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах төв нь хариуцаад явах юм. Тэгэхгүй нэг байгууллага датагаа хадгалаад, хамгаалаад яваад байвал мэдээллийн аюулгүй байдал дээр урагшаа алхахгүй гэсэн үг.

-Улам л данхар бүтэц рүү явах гээд байгаа юм биш үү. Дотор нь үүрэгжүүлж, хариуцлагыг нь нэмэгдүүлээд явж болохгүй юу?

-Гадны хөрөнгө оруулагчид манай улсаас хоёр зүйлийг л хардаг. Нэгдүгээрт, оюуны өмч. Хоёрдугаарт, мэдээллийн аюулгүй байдал. “Танай улсад хөрөнгө оруулалт хийлээ гэхэд оюуны өмчийн хамгаалалт хэр байна вэ. Манай барааны ашигтай загварыг хамгаалж чадах уу. Хоёрдугаарт, мэдээллийн аюулгүй байдлын түвшингээрээ ямар вэ” гэж асуухад нь л бид уначихдаг. Тиймээс эдгээрийг цогцоор нь шийдэхийн тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ухаалаг үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил хийгдэж байна. Үндэсний дата төв хувийн компаниудын мэдээллийг хадгалсныхаа төлөө 200 гаруй сая төгрөгийг улсад тушаадаг байсныг бүрэн зогсоосон. Төрийн үйлчилгээ үзүүлж, хадгалалт хийж, нэгтгэж буй байгууллагаас төр мөнгө авч болохгүй. Энэ ашгийн байгууллага биш, төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа.

-Цахим бодлогын түр хороо тогтоол гаргана гээд хэлсэн дээ. Тогтоолын үндсэн чиглэл юу байх вэ?

-Домэйн нэрүүдийг яах вэ, интернэт орчинд зохистой хэрэглээг хэрхэн нэвтрүүлэх вэ, зохицуулах хороон дээр байгаа ногоон суваг хэрхэн ажиллах вэ, агентлагтайгаа хэрхэн уялдаж ажиллах вэ гэдэг ажил үүргийн чигийг нь ялгаж өгч байгаа юм. Сая Харилцаа холбооны тухай хуулийг хэлэлцэж байхад би нэг зүйл дээр хатуу эсрэг байр суурьтай байсан. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга нь Улсын ерөнхий байцаагч байхаар хуулийн төсөлд орж ирсэн. Гэтэл зарим гишүүд эсэргүүцэн “Мэргэжлийн хяналтын хийх ажил” гэсэн. Мэргэжлийн хяналт гэдэг байгууллага дотор мэдээллийн технологийн салбарыг мэддэг мэргэжилтэн хэд байгаа юм. Асуухаар байдаггүй. Үүнээс болж бид 800 гаруй сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Салбараа мэдэхгүй учраас шалгалт хийж чаддаггүй. Зохицуулах хороо нь радио долгион, телевиз, сайтуудын асуудлыг хариуцдаг, тусдаа хуультай. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэдэг чинь тусдаа технологийн салбарын агентлаг. Төрийн үйлчилгээг төрийн бүх шатанд ямар түвшинд хүргэх, нэвтрүүлэх, хөгжүүлэх вэ гэдэг нь тусдаа асуудал. Тиймээс хороо, агентлаг хоёрын ажлуудыг бүрэн ялгаж, салгаж өгч байгаа. Цаашид сошиал орчинд хүний эрх зөрчигдлөө гэхэд хэнд гомдол гаргах вэ гэдэг нь маш ойлгомжтой болно.

-Та Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Инновацийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. БСШУС-ын яамны зүгээс энэ долоо хоногийг Инновацийн долоо хоног болгон зарлаж, хөтөлбөрийн дагуу ажлууд хийгдэж байна. Манай оронд үнэхээр инноваци хөгжиж байна уу. Сүүлийн хэдэн жил л ярьлаа. Хууль ямар шатандаа яваа вэ?

-Би Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль гээд оюуны өмчийг бүртгэж аваад мөнгө болгох цогц хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Энэ долоо хоногт Их хурал хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Оюуны өмчийг үнэлнэ, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ тодорхой болно, оюуны өмчийн бирж байгуулагдана. Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх комисстой болно. Мөн татваруудын дэмжлэг үзүүлнэ. Оюуны өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буюу оюуны өмчийг арилжаалдаг и-патент гэдэг сайт ажиллана.

Инновацийн хүрээнд технологи дамжуулах төв буюу хамтын оффис байгуулагдаж байгаа. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа технологи дамжуулах төвүүдээс аймаг, нийслэлийн Засаг дарга нар нь зөвшөөрлийг нь олгон тухайн төвийг байгуулах юм бол түүнд бүртгэгдсэн программ хангамж, хөгжүүлэлтийн компаниудыг эхний таван жилд татвараас чөлөөлнө. Мөн гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд IPO гаргая гэхээр хэтэрхий өндөр босготой байдаг. Тиймээс босгыг нь намсгаад заавал Хөрөнгийн биржээр дамжилгүй андрайдеруудтайгаа ярилцаад шууд хувьцаа гаргах боломжийг нээж өгч байгаа. Манай дээр хөрөнгө босгож болно гээд хувьцаагаа шууд арилжаалж болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл IPO гаргах боломжийг энэ хуулиар нээж өгнө. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, Инновацийн тухай хууль, төрийн албанд салхи оруулах гээд байгаа Мэргэжлийн холбоодын тухай хууль бүгд хоорондоо уялдаж байж Монгол Улсад мэдлэгийн эдийн засаг бий болно. Эдгээр хуулийг батлахгүйгээр нэмүү өртөг, технологийн агууламж нэмэгдэхгүй, цалин өсөхгүй энэ чигээрээ явна.

-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийн нийтийн сонсгол хийе гэхэд эсэргүүцэх маягтай гишүүд байсан. Таны ярьсан эдгээр хуулиуд хэрэгжиж эхэллээ гээд шууд иргэдийн амьдралд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй болохоор гишүүдийн анхааралд төдийлөн өртөхгүй байна уу?

-Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод Залуучуудын тухай хууль, Багшийн тухай хууль, төсвийн сахилга батыг бий болгуулахаар норм нормативыг Төсвийн тухай хуульд суулгаж батлуулсан. Мөн Арбитрын тухай хууль, Шүүхийн тухай хуулийг батлуулж чадсан. Их хуралд оруулж ирсэн эдгээр хуулиуд өнөөдөр шууд үр дүнгээ өгөхгүй ч ирээдүйд үр ашгаа өгөх хуулиуд. Өнөөдөр ч гэсэн тийм эсэргүүцэл байх шиг байна. Ер нь бид урагшаа харж явах ёстой биз дээ. Өнөө маргаашаа харсан хууль батлаад хэр хол явах юм бэ.

Мэргэжлийн холбоодын тухай хуулийг батлачих юм бол энэ ТББ-ууд цэгцрэхээс гадна төрийн албанд шинжлэх ухаанч санал санаачилга тусна. Мэргэжлийн холбоод ажилладаг болсноор намчирхал, улс төржилт багасч, хүмүүс төрийн алба руу биш мэргэжлийн холбоод руу орж ажилладаг болно. Төрийн зарим чиг үүргийг ТББ буюу мэргэжлийн холбоод нь гүйцэтгэдэг болж эхэлнэ. Төрийн байгууллагын зүгээс гаргаж буй шийдвэрүүд мэргэжлийн экспертүүдийн санал санаачилгын хүрээнд бодитой гараад ирэхээр амьдралд нийцээд явна. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барьсан. Мэргэжлийн холбоодын тухай хууль, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, Инновацийн тухай хуулиуд хоорондоо уялдаатай.

-Монгол Улсын хэмжээнд 27 мянган ТББ байна гэсэн. Тэгэхээр Мэргэжлийн холбоодын тухай хуулиар бүгд нэг малгай доор багтах уу. Холбоод бүр өөр өөрийн амбицтай тул нэгтгэхэд хүнд байх л даа?

-Гурваас дээш жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан гурван холбоо нийлээд мэргэжлийн холбооны Их хурлаа хийгээд даргаа сонгож болно. Мэргэжлийн холбоодыг салбарынх нь яам үнэхээр хүлээн зөвшөөрвөл олон ТББ-ууд чинь тухайн мэргэжлийн холбоодтойгоо зөвшилцдөг, мэргэжлийн холбоогоороо дамжиж яамтайгаа ярилцдаг болно. Ингэж байж зөв замдаа орно.  Тэгэхгүйгээр тус тусдаа өөрсдийн танил тал гэх мэт явж ирсэн зарчмаараа яваад үр дүн гарахгүй. Ардын намын үед засаг ялах юм бол Ардын намын ТББ цэцэглэдэг, Ардчилсан нам ялсан үед Ардчилсан намын ТББ цэцэглэдэг байж болохгүй. Мэргэжлийн холбоодод намчирхал хэрэггүй. Бүгд цэгцэндээ орчихвол хүн бүр улстөрч болъё гэж бодохгүй. Хүн бүр улстөрчидтэй найз байх хүсэлгүй болно.

Асуудлыг бид концепциор нь харахгүйгээр өнөөдөр ард түмэнд юу таалагдаж байна түүнд нь зориулж шийдвэр гаргана гэдэг дэндүү өрөөсгөл. Өнөөдөр ард түмэнд хэрэггүй ч маргааш ард түмэнд хэрэгтэй хуулийг нь батлах ёстой.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд явагдахаар товлогдсон. Гэсэн ч судлаач Д.Ганхуягийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь УИХ Үндсэн хууль зөрчсөн гэдэг мэдээлэл гаргачихлаа. Нөхөн сонгууль болохооргүй боллоо гэдэг зүйлийг яриад эхэлсэн байна. Зарим хүмүүс шүүхээс гэм буруугүй нь тогтоогдвол Д.Гантулга буцаад бүрэн эрхээ сэргээгээд орж ирнэ гэх юм. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хийх ёстой. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт төлөөллийн зарчим алдагдчихлаа. Ганцхан жилийн богино хугацаа үлдсэн гэж ярьж огт болохгүй. Аймгийн төв, Жаргалтхаан, Мөрөн сумдаас төлөөллийн зарчмыг нь хадгалаад хэн нэгэн хүн Их хуралд суух ёстой. Нөхөн сонгууль болдгоороо болох ёстой юм шүү. Би Хэнтий аймгийнх, ойр дотны хүмүүс маань ч гэсэн нөхөн сонгууль болоосой гэдгийг хэлдэг. Нөхөн сонгуулийг улс төржүүлээд байх шаардлагагүй.

-Болох эсэх нь эргэлзээтэй болчихлоо л доо?

-Ямар ч байсан сонгууль болох цаг хугацаандаа болох л ёстой. Сонгуулиа зөв шударга явуулж хэн нэгэн хүн заавал 42 дугаар тойргийг парламентад төлөөлөхгүй бол болохгүй. Миний байр суурь ийм л байна.

ШИНЭ МЭДЭЭ