Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин төслийн талаар танилцууллаа.
Монгол Улс 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс, Баян-Өлгий аймагт Цагааннуурын чөлөөт бүс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг тус тус байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож орон тоог тогтоосон болно.
Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. Тухайлбал, хашаа барьсан, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барьсан, цэвэрлэх болон ус цэвэршүүлэх байгууламжийг тус тус байгуулжээ. Мөн гэрэлтүүлэг, зам, эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийсэн гэлээ.
Цаашид Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох, үндсэн чиглэлүүдэд дэвшүүлсэн бүсийн зорилтыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулах асуудал чухал бөгөөд энэ чиглэлд талууд анхаарч, тодорхой алхамууд хийгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр улсын яамдын хооронд байгуулсан дээрх санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 онд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоер улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцээрийн төслийг хэд хэдэн удаа Засгийн газрын түвшинд хэлэлцэж, мөн ондоо багтаан БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан үг хэлэв.
Тэрбээр Шадар сайд тэргүүтэй ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлсэн. Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил нэлээдгүй хугацаанд үргэлжилж байгаагаас үүдэн түрүүнд нь оруулсан хөрөнгө оруулалтуудын үр ашиг буурах, элэгдэл хоргодол үүсээд байгааг тэрбээр хэлж УИХ, Эдийн засгийн байнгын хороо дэмжиж ажиллах нь зүйтэй гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дээрх чөлөөт бүсийн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлаад, зарим зүйлийг тодруулж ажлын хэсгээс хариулт авсан.
йнхүү санал хураалт явуулахад “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.