Н.Учрал Олон Улсын Парламентын Холбооны УЗ-ийн гишүүнээр сонгогдлоо
2019.04.09
Гадаад харилцаа

Н.Учрал Олон Улсын Парламентын Холбооны УЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

Н.Учрал гишүүний хувьд Олон улсын парламентын холбооны дэргэдэх залуу парламентчдын чуулганд оролцон байр сууриа илэрхийлж, НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнд залуу парламентчдын төлөөлөл болон нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн саналыг авч сонгогджээ.

Тэрбээр уг хуралдааны хугацаанд чуулганаас гарах тогтоолд саналаа илэрхийлж, Монгол улсын саналыг тусгуулж идэвхтэй ажилласан байна.

Манай улсын парламентын гишүүн НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох нь хэд, хэдэн давуу талтай. Тухайлбал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг Монголд зохион байгуулах цаашлаад нийгмийн бүлэг бүрийн тулгамдсан асуудлыг бодитоор харж дүгнэх, тус байгууллагатай хамтран ажиллах, олон улсын түвшинд хүргэхэд чухал гарц нээгдэх аж.


image

Тус хуралд 160 орны парламентын гишүүн, НҮБ болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын ажилтан, зөвлөх, элчин сайдын яамдын төлөөлөгчид зэрэг нийт 2000 орчим хүн оролцож байна. Үүнээс парламентын дарга 80, дэд дарга 40 оролцож буй аж.

Манай улсаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Г.Солтан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

Ази Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга уулзалт энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдоно. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь Олон Улсын Парламентын Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлд сонгогдсон байна.

ШИНЭ МЭДЭЭ