МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Хуруу нь тархинаасаа түрүүлж хэн нэгнийг шүүмжилж бичдэг нийгэм болчхоод байна
2019.04.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Хуруу нь тархинаасаа түрүүлж хэн нэгнийг шүүмжилж бичдэг нийгэм болчхоод байна

Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/, Цагдаагийн ерөнхий газар, Фэйсбүүк групп хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019” форумыг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын  түр хорооны /ЦБТХ/ дарга Н.Учралтай цөөн хором ярилцлаа.

Цахим орчинд баримт нотолгоогүйгээр хүний нэр төрд халддаг асуудал их гарч байна. Энэ асуудалд ЦБТХ –оос ямар бодлого барьж байна вэ?

-Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник технологийн хувьд шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад байгууллагуудын үүрэг оролцоог илүү нэмэгдүүлэх нь маш чухал байна.

Цахим орчинд хэн нэгний нэр төрд халдаж гүтгэвэл Эрүүгийн хууль болон Мэдээллийн аюулгүй байдлын хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа.Гэхдээ гаднын улс орны жишгийг харахад хуулиар шийтгэхээс илүүтэй нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг бий болгох эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм байна. Тухайлбал, хүүхэд болон эцэг эхчүүдэд цахим орчны талаар боловсрол олгон зөв хандлагыг бий болгож байна.

Сүүлийн нэг жилийн дотор цахим гэмт хэргийн гаралт нэг дахин өссөн тоон үзүүлэлтэй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамгийн их нөлөө үзүүлэх зүйл бол цахим орчин. Харин нөгөө талаасаа хамгийн худал ташаа мэдээлэл тархах боломжтой.

  • Цахим сүлжээгээр дамжуулан бие биеэ гүтгэн доромжилдог, гэмт хэргийн гаралтын тоо өсөөд байгаа нь цахим хуудсанд буруу мэдээлэл түгээж байгаатай шууд холбоотой. Тийм учраас тархинаасаа түрүүлж хуруугаа хөдөлгөхөө больё. Хуруу нь тархинаасаа түрүүлж хэн нэгнийг шүүмжилж бичдэг нийгэм болчхоод байна.

Сүүлийн үед зохион байгуулалтай хуурамч хаягтай хүмүүс буюу троллинг нар ихэвчлэн улс төрийн мэдээллийг олон гишүүнтэй группууд рүү оруулах болжээ. Үүнийг 2020 оны сонгууль эхэлж байна ч гэж хардах хүмүүс цөөнгүй байна. Нийгмийг талцуулж худал мэдээлэл тараагаад байгаа тэдгээр хүмүүсийн хэрэглээнд ямар хязгаарлалт тавьж байна вэ?

-Нэгдүгээрт иргэдэд соён гэгээрлийг бий болгох. Хоёрдугаарт, олон улсын компаниудтай хамтран ажиллаж, төрийн байгууллагын дэргэд хүмүүсийн  гомдлуудыг хүлээж авч маш хурдан хугацаанд шийддэг болмоор байна.

  • Хуурамч хаягаас намайг гүтгээд байна гээд цагдаагийн байгууллагад хандлаа гэхэд энэ ажлыг шалгаад, хурдан шуурхай шийдвэрлэх мэргэжилтэн байхгүй байна. Цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажилладаг нөхцөл байдлыг нь тодруулдаг сайн мэргэжилтнүүд дандаа гаднын том компаниудад өндөр цалинтай ажиллаж байна. Үүнээс харахад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээ сайжруулах асуудал тулгарч байна.

Ингэхдээ Монгол Улс бодлогоор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сайжруулахын тулд дэмжиж, ядаж тэтгэлэг олгодог больё. Дөрвөн жилийн  дараа Монгол Улсад хэдэн IT мэргэжилтэн хэрэгтэй вэ гэдгийг нь өнөөдөр зарлаад эдгээр хүмүүсийг авахгүй бол Монгол Улс хуульч, эдийн  засагчаар дүүрлээ. Тийм учраас мэдээлэл технологийн салбарт залуучууд орж, ажиллах хэрэгтэй.

Энэ бол хамгийн өндөр цалин авах ажил гэдгийг сайн сурталчлах ёстой юм байна.  Эцсийн эцэст цахим хуудас, твиттерээр яваад байгаа хэн нэгнийг гүтгэн доромжлоод байгаа худал мэдээллүүд буюу троллинг хэвлэлийн эрх чөлөөний асуудал биш болчихлоо. Хэн нэгнийг нотлох баримтгүйгээр доромжилдог байдлаа зогсоо гэж уриалж байна.

Зөвхөн уриалга гаргах юм уу? Олон улсын жишигт аль нэг мэдээний сэтгэгдэл хэсэгт коммент бичихийг хязгаарладаг бодлого байдаг шүү дээ.

-Монгол Улсад нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлаар хууль эрхзүйн орчныг бүрдүүлье гэж зарим УИХ-ын гишүүд хууль санаачилж байна. Цахим бодлогын түр хороо бол бие даасан хууль гаргахыг дэмжихгүй байгаа. Бид ямар нэгэн байдлаар хууль гаргаж, гаднын веб сайтуудыг хязгаарлах нь буруу гэж харж байна.

  • Цаашдаа харин УИХ-ын түвшинд тогтоол гаргаж, ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо байгууллагуудын эрх үүргийг нь тодорхой болгох  шаардлагатай. Хүнийг гүжирдэж доромжлон буруу зүйлд уриалсан бол харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд гомдол маргааныг хянан шийдвэрлэх олон нийтийн зөвлөлийг байгуулах тогтоолыг ЦБТХ-оос удахгүй УИХ-д өргөн барина.

Гомдол маргааныг хянан шийдвэрлэх зөвлөл нь маш хурдан хугацаанд фейсбүүк компани руу ханддаг, төв фейсбүүк компани тодорхой асуудлууд дээр нь анхаарал хандуулаад хуурамч хаягуудыг цэгцлэх асуудалд маш хурдан хариу өгдөг болох юм. Өнөөдөр Монгол Улсыг хариуцсан фейсбүүк группийн төлөөлөл ирсэн байна. Бидний зүгээс фейсбүүк хаяг нээхдээ гар утасныхаа дугаараар нээдэг болох ядаж хуурамч хаягуудыг цэгцлэх талаар ярилцана.

ШИНЭ МЭДЭЭ