http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбар 20 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн
2019.01.25
Эрчим хүч

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбар 20 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа. Энэ асуудлаар салбар яамны сайдын хувьд байр сууриа илэрхийлээч. Мөн дулаанаар холбосон компаниудаасаа байр авсан гэх асуудал байгаа юм билээ?

-500 сая төгрөгийн авлига авсан эсэхийг би мэдэхгүй. Хууль шүүхийн байгууллага нь тогтоох байх. Манай яамны зүгээс хийсэн шалгалтаар тодорхой ашиг сонирхлын зөрчилтэй асуудлууд байсан учраас гэрээг цуцлах саналаа оны өмнө хүргүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бүртгүүлээгүй, эхнэрийнхээ нэр дээр байдаг компаниар дамжуулан ажил авсан асуудал байсан. Энэ мэтээс болж ажлаас нь чөлөөлсөн, гэрээг ч цуцалсан. Яам мэдээж бодлогын асуудлыг зохицуулна. Хэрэгжилтэд аудит хийнэ. Дулааны шугам сүлжээ эцсийн хэрэглэгчид ямар гомдол санал байгаа талаар анхаарч явдаг. Байр орон сууц руу орчихоор манайд хамаарахгүй болчихдог. Хотын дулааны хангамжийн асуудал болно. Манайд харьяалалтай байгаа хэсэгт дотоод аудитын дүгнэлт гаргадаг, иргэдийн дунд ямар гомдол байгааг хянадаг.

-АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг авч эхэлсэн байгаа. Та өгсөн үү. Яамдын дарга, цэрэг нарынхаа хөрөнгө орлогын мэдүүлэгт анхаарал хандуулах асуудал байдаг уу. Д.Бямба-Очир даргынх шиг асуудал дахин үүсэх вий?

-Миний хувьд ирэх долоо хоногт багтаагаад өгчихнө. Яамны удирдлагуудаа хугацаанд нь багтааж өгөөрэй гэдэг зүйлийг хэлсэн. Өнгөрсөн жилээс эхлээд салбар яамд ямар нэг зөрчил дутагдал гарахаа больсон. 2016 онд ганц нэг хүн дутуу өгсөн зэрэг асуудал байсан юм билээ.

-Д.Бямба-Очир даргын орны хүнийг томилчихсон уу?

-Тэгсэн. Манай яамны зүгээс гэрээг цуцлах санал явуулчихсан байсан учраас томилгоо хийгдэх нь тодорхой байсан юм.

-Утааг бууруулах асуудлаар салбар яамны зүгээс ямар ажил хийж байна. Эрчим хүчний хөнгөлөлт гэдэг ч юм уу?

-Утааг бууруулах чиглэлд олон шийдэл байгаа. Гэхдээ манай яамтай хамааралтайг ярих нь зөв байх. Цахилгаан халаагуур ашиглах шийдэл байна. Энэ хүрээнд 42 мянган айлд дөрвөн квт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлсэн. Ажил дуусаж байна. 20-30 мегаваттын хүсэлт гарсныг бид халаагууртай холбоотой буюу айлууд хэрэглэж эхэлсэн байна гэж үзсэн. Энэ бол үр дүнгээ өгсөн. Хоёрдугаарт, манай яам түлшний асуудал хариуцаж байна. Түүхий нүүрсний хэрэглээг энэ оны хавраас хориглож байгаа. Үүнийг орлох шахмал түлшний үйлдвэр байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Одоогийн ашиглалтад оруулсан шугам жилдээ 250 мянган тонн хүртэл үйлдвэрлэнэ. Ажил нь жигдэрчихсэн, нөөцлөх ажлаа хийж байна.

-Хэрэгцээг хангах болов уу?

-Хангалгүй яахав. Нэмээд  4-5 шугам тавина. Ингэснээр сардаа 40-50 мянган тонн үйлдвэрлэх хүчил чадалтай болно. Түүхий нүүрсийг түлүүлэхгүй байхын тулд энэ шийдвэрийг гаргасан. Бид ч хичээж ажиллаж байна. Маш том хариуцлага хүлээж байгаа, зоримог шийдвэр байсан учраас дор бүрнээ хичээн ажиллаж байгаа. Үнийн хувьд түүхий нүүрсний нэг тонны үнээс ихгүй байхаар зохицуулалт хийнэ. Туршилтын журмаар зарахдаа ч үнийг тэгж зарж байна.

-Үр дүнг нь үзэхээр туршилт хийгээд байсан. Энэ туршилтаар хэр үр дүн гарав?

-Миний хувьд ч өнгөрсөн долоо хоногт Баянхошуу орчимд явж, энэ түлшийг хэрэглэж байгаа айлуудаар орлоо. Эрэлт өндөр байна. Түүхий нүүрснээс хоёр дахин бага хэрэглэж байна. Нүүрс түлж байгаа айлд нэг үнэр байдаг даа. Тийм үнэр байхгүй. Агаарт цацагдаж байгаа агаарын бохирдлын хэмжээ түлшийг хэрэглэж эхэлснээр лабораторийн аргаар 70 хувь буурна гэж үзсэн. Бидний тооцооллоор бол 50 хувь бууруулна гэж үзэж байгаа. 200 мянган айлыг бүгдийг нь хянахад хэцүү л дээ. Янз бүрийн зүйл ашиглаж, түлэх эрсдэл байгаа. Тиймээс 50 хувь гэсэн тооцоо гарсан. Энгийн зууханд ямар ч асуудалгүй түлж болно. Айлууд хэрэглээд эхэлчихсэн. Үнс бол гардаг хэмжээгээр л гарна. Эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн учраас нөөцлөх ажилд орчихсон явж байна. Дахиж өөрчлөлт оруулахгүй.

-Нөөцлөх явцад ямар нэг асуудал гарах болов уу. Бутарч байна гэсэн зүйл бас байгаа юм билээ?

-Хадгалалтын асуудал төвөгтэй байгаа. 300 мянган тонныг хадгалдаг сав маш хэцүү. Тиймээс иргэдэд хандаж байгаа юм. Ирэх зургадугаар сарын 01 гэхэд иргэдэд борлуулж эхэлнэ. Тиймээс иргэд түлшний нөөцөө бэлтгэнэ гэвэл арай хямд үнээр борлуулна гэсэн үг. Айлууд хашаа саравч, пинд нөөцлөх боломжийг санхүүгийн механизмаар дэмжиж байгаа хэлбэр юм. Хадгалахад чанар өөрчлөгдөхгүй. Бутарч үйрсэн асуудал гараагүй. Яахав савлагаа дээр тийм зүйл гарсныг сольчихсон. Хуучин хадгалж байсан сав нь наранд удахаараа задрах асуудал байсан учраас сольсон. Савлагааны хэмжээг ч мөн буурууллаа. Уул нь тонноор савлаж байсан ч шуудайны хэмжээгээр гэсэн хүсэлт ирсэн учраас жижиг савлагаатай болголоо.

-Тавантолгойн цахилгаан станц барих асуудалд ахиц үр дүн байна уу. Гарын үсэг зурснаас хойш мэдээлэл гараагүй байна?

-Гарын үсэг зурсны дараа би хөрөнгө оруулагч компанитай уулзсан. Ямар түвшинд явж байгаа, ямар ажил хийгдсэн талаар мэдээлэл авсан. Хөрөнгө оруулагч нарын хэмжээнд уулзалт эхэлчихсэн байна билээ. Ямар схемээр санхүүжилтээ босгох, хэдэн хувиа эзэмшээд явах вэ гэдгээр ярилцаад эхэлчихсэн.

-“Рио Тинто”-той ойлголцолд хүрсэн гэдэг мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Энэ нь гэхдээ татварын өрийг нь төлүүлэхгүй орхих, УИХ-аас хийсэн шалгалтыг хэрэгсэхгүй орхих гэсэн ойлголцол биш биз дээ?

-Гэрээний зүйл заалтын төлөө сэтгэл зүтгэл гаргаад явбал гадны хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож болдог юм байна гэдгийн том жишээ боллоо. Энэ оны дөрөвдүгээр сараас эрчим хүчээ нийлүүлээд эхэлчихнэ. Татварын маргаан энд хамаагүй. Эрчим хүчний хангамжийн хүрээнд хийгдсэн учраас тэнд хамаарахгүй. Уг нь бол 2017 оны долдугаар сарын 01-нээс эхлэн Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Харамсалтай нь тухайн үеийн Засгийн газар буруу шийдвэр гаргаснаас болоод Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түдгэлзүүлчихсэн. Тэр гэрээг бид хүчингүй болгоод шинэчилж байгуулсан учраас энэ оноос эхлээд эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ. Барилгын ажил 2020 оны эхээр эхэлчихнэ. Одоо судалгаа шинжилгээ, хэлцэл зэрэг бэлтгэл ажил явагдаж байгаа. 2023 оны зургадугаар сар гэхэд Тавантолгой дээр цахилгаан станц ашиглалтад орчихно.

-Эрчим хүчний компаниуд жил бүр л алдагдалтай байдаг. Энэ жил огцом хүйтэрсэнгүй. Алдагдал хэр байна вэ?

-Алдагдал өсөх хандлагатай байна. Яагаад гэвэл, 2015 оноос хойш бид цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулаагүй байгаа. Гэтэл валютын ханшийн өсөлт бүх салбарт нөлөөлчихсөн. Тоног төхөөрөмж, нүүрс худалдаж авч байгаа салбарт нөлөөлчихсөн. Энэ байдал нь эргээд эрчим хүчний системийг алдагдалд оруулаад байгаа юм. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Өөрөөр хэлбэл, иргэдэд зарж байгаа үнээс илүү өндөр үнээр цахилгаан үйлдвэрлэж байна. Эдийн засаг хямралтай, иргэдийн орлого, цалин хөлс нэмэгдээгүй учраас цахилгаан, дулааны үнээ нэмж чадахгүй алдагдалд ороод байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ