С.Амарсайхан: Хотын ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж Засаг даргаар намайг нэр дэвшүүлсэн байх
2018.12.29
Улстөр

С.Амарсайхан: Хотын ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж Засаг даргаар намайг нэр дэвшүүлсэн байх

НИТХ өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Улаанбаатар хотын Засаг даргыг сонгохоор болсон. 15.30 цагийн байдлаар НИТХ-ын хуралдааны танхимд АН-ын бүлгийн гишүүд ирсэн бол МАН-ын бүлэг хуралдаж байна.

Засаг даргын асуудлаар үдээс өмнө Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бол дараа нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Засаг дарга нэр дэвшигчийг тодруулав. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар нар нэр дэвшиж, С.Амарсайхан олонхийн дэмжлэг авчээ.  

НИТХ-ын дарга С.Амарсайханаас энэ талаар цөөн асуултад хариулт авлаа. 

-Таныг МАН-ын УЗ-өөс нийслэлийн Засаг даргаар нэр дэвшүүллээ. Та Засаг даргаар ажиллавал ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-НИТХ-ын даргаар жил гаруй ажилласан учир Засаг даргаар сонгогдвол эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, илүү үр дүнтэй ажиллах боломжтой гэж харж байна.

-Хэдийгээр УЗ-өөс Таныг нэр дэвшүүлсэн ч танхимаас хүн нэрээ дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл байна?
-Олон ургальч үзэл засаглаж буй МАН-ын УЗ-өөс шийдвэрээ гаргасан. Гэвч заалнаас төлөөлөгч нэр дэвших эрх нээлттэй. Өнөөдөр олон хурал давхацсан учир НИТХ хойшиллоо. НИТХ дахь Бүлэг шуурхай хуралдаж, өнөөдөртөө нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг шийдвэрлэх байх гэв.

МАН-ын бүлгийн хурал үргэлжилж, ажлын цаг дуусав. Иймд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд хурлын товыг дахин гаргаж, асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцье гэсэн санал гаргаж, гишүүд хуралдааны танхимыг орхив. 18.30 цагийн байдлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байв.  

 

ШИНЭ МЭДЭЭ