http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Даваасүрэн: Оюутолгойн эрчим хүчийг дотооддоо хангах түүхэн шийдвэр гаргалаа
2018.12.27
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Даваасүрэн: Оюутолгойн эрчим хүчийг дотооддоо хангах түүхэн шийдвэр гаргалаа

Оюутолгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангах нөхцөлийг бурдууллээ. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан нарт уг гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон юм. Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээг тэд тун удахгүй үзэглэхээр болов. Үүний хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбох аж. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Харин барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 оны зургаадугаар сарын эцэс гэхэд дуусгана. Санхүүжилтийг “Тавантолгойн цахилгаан станц” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар албан бичигт тусгажээ. Өнөөдрийн байдлаар Оюутолгой төсөл БНХАУ-аас 110мВт-ын эрчим хүч авахад жилд 170 сая ам.доллар зарцуулж байгаа. Харин дотоодын цахилгаан станцыг ашиглалтад оруулбал энэ хөрөнгийг Монголдоо үлдээх боломж бүрдэх юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.

-Оюутолгойд цахилгаан станц барихад төрийн зүгээс шалтгаалсан ажил ерөнхийдөө жигдэрсэн гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаас түүхэн шийдвэр гаргалаа. Тавантолгойд цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газар ярьж байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаж чадалгүй өдий хүрсэн. Засгийн газар “Рио Тинто" компанитай Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлцэл хийсэн. Үүний дүнд Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар дэмжлэг авлаа. Ингэснээр Тавантолгойг түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг 2023 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар болж байна. Мөн ирэх оноос Оюутолгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоосоо хангана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоодын эрчим хүчний системээс 20 хувийг нь хангана гэсэн үг. Бид дотоодын эрчим хүчнийхээ дамжуулах дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусч байна. Он гаргаад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно гэсэн үг.

-Оюутолгой жилд хэдий хэмжээний цахилгаан, эрчим хүчийг БНХАУ-аас авч байна вэ?

-Оюутолгой жилд БНХАУ-аас 100 гаруй мВт-ын эрчим хүч авдаг. Энэ нь 170 орчим сая ам.доллар гэсэн үг. Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцдэг. 2023 оноос Оюутолгойг эрчим хүчээр 100 хувь хангадаг болоход гадагшаа гаргаж байгаа 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэх юм.

-Цахилгаан станц барих ажлыг яагаад 2020 оноос эхлүүлж байгаа юм бэ.  Цаг хугацааны хувьд наашлуулах боломжгүй хэрэг үү?

-Одоо гэрээгээ байгуулах гэж байгаа юм. Гэрээний дараа тодорхой хэлцлүүдийг хийнэ. Мөн байгаль орчны, усны үнэлгээг ч хийх ёстой. Хөрөнгө оруулагчдын хооронд санхүүжилтийн гэрээ байгуулна. Энэ бүхний дараагаар барилгын ажлыг эхлүүлэх юм. Тэр цаг хугацаа нь 2020 оны гуравдугаар сар байхаар тооцоолсон. Ингэснээр гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан.

ШИНЭ МЭДЭЭ