МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд сайд ОХУ-ын элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзав
2018.05.28
Гадаад харилцаа

Н.Энхболд сайд ОХУ-ын элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үед Элчин сайд И.К.Азизов хоёр улсын харилцаанд болж буй болон ойрын хугацаанд болох үйл явдал, айлчлалууд тухайлбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов Монгол Улсад айлчилж байгаа, 4 дүгээр сард ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Монгол Улсад ирэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид ОХУ-д очих тухай, мөн 6 дугаар сард Циндаод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт, түүний наана хийгдэх айлчлал, уулзалтуудын талаар мэдээлж, Орос, Монголын цэрэг-техникийн хамтын ажиллагааны зарим асуудлаар ярилцав.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гал гарч олон хүн амь эрсдэсэнд гүн эмгэнэл илэрхийлэв. Монгол, Оросын цэргийн хамтын ажиллагааны явц, энэ чиглэлээр саяхан болсон, ойрын хугацаанд болох арга хэмжээнүүдийн тухай, дараа долоо хоногт болох Олон улсын аюулгүй байдлын Москвагийн VII бага хуралд оролцох, энэ үед хоёр талын уулзалт хийхээр бэлтгэж буй тухайгаа Элчин сайдад мэдээлэв.

Мөн хоёр улсын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны тохиролцож төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд ажиллаж байгааг тэмдэглэж, үүнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегийн алба байнгын дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв. Элчин сайд И.К.Азизов энэ оны 8 дугаар сард ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулах Олон улсын цэрэг-техникийн “Армия-2018” форум, “Үндэсний аюулгүй байдлын долоо хоног” хэмэээх олон улсын форумд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг оролцохыг урьсан ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгыг сайд Н.Энхболдод гардуулж, Батлан хамгаалахын сайдын ОХУ-д оролцох хурал, уулзалтад амжилт хүсэв.

ШИНЭ МЭДЭЭ