МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2018.11.22
Гадаад харилцаа

Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд найрамдах Франц улсын Элчин сайд Филипп Мерлинийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс нь гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан байдаг бөгөөд БНФУ-ыг гуравдагч хөрш орнуудын нэг хэмээн үздэг гэдгийг уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм.

Түүнчлэн талууд Монгол, Франц улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хурдацтай хөгжиж байгаа төдийгүй түүний дотор хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж буйд баяртай байгаагаа дурдлаа. Мөн 2014 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНФУ-ын Батлан хамгаалах яам хоорондын техникийн тохиролцоо”-нд гарын үсэг зурснаар хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжсэн гэдгийг ч энэ үеэр цохон тэмдэглэв.

Үүнээс гадна Монгол Улс, БНФУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж, Франц улс Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжин төрөл бүрийн хэлбэрийн тусламж дэмжлэг үзүүлж, манай цэргийн алба хаагчдыг Францын цэргийн сургуулиудад сургаж байгаад сэтгэл ханамжтай байдгаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлов.

Мөн тэрбээр хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр улсын нийтлэг эрх ашиг, сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдийг цаашид хадгалахын зэрэгцээ шинэ хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхэд таныг дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж уулзалтын төгсгөлд хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ