МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүд ИЙМ БАЙР СУУРЬТАЙ байна
2018.11.16
Улстөр

Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүд ИЙМ БАЙР СУУРЬТАЙ байна

Төрийн ордон гаднаа ч дотроо ч бужигнаантай өдрүүд өнгөрч байна. Шударга ёс нэхэж байна гэх иргэд ордныг тойрон жагсаж, харин ордон дотор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой сэдэв өрнөсөөр эцэстээ Засгийн газрыг унагах эсэх асуудал руу орчихлоо.

Энэ даваа гарагт МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дарга, Ерөнхий сайдад энэ асуудалд холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүлэн тухайн өдрөө л суудлаа өгөх дээрээ тулсан. Бүлэг ч хуралдаж түүнийг “экс” дарга болголоо. Харин үүнийх нь хариуд уу эсвэл угаас төлөвлөсөн байсан уу Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар гишүүдээс гарын үсэг аваад эхэлж.

Огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүдийн тоо 26-д хүрсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа ч энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ам нээсэнгүй. Харин гишүүд Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэдний зарим нь гарын үсэг зурсан хэмээн товчхон хариулж байгаа бол зарим нь “гарын үсэг зурсан уу” гэсэн асуултад хариулахгүй хэдий ч ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Д.Тогтохсүрэн: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЯРИХ ЦАГ БИШ

-Цаг үе амаргүй байна. Бид өнөөдөр Засгаа огцруулах тухай ярих нь цаг үеийн хувьд биш асуудал гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ албан ёсоор гарсан юмыг бид мэдэхгүй байна. Бүлгийн шинэ даргын хувьд гишүүдтэйгээ уулзаж ярилцах, энэ чиглэлээр нэлээн ажиллах бодлого байна. Одоо бол бидэнд тэдэн хүн гарын үсэг зураад өргөн барьсан гэсэн мэдээлэл алга.

А.Ундраа: ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас буруу зарчмаар зээл олгосон асуудалд хариуцлага тооцохгүй байгаад сэтгэл дундуур байгаа учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

Д.Лүндээжанцан: БИ ЯМАР Ч ҮЕД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙГААГҮЙ

-Тийм мэдээлэл аваагүй байна. Над дээр нэг ч хүн орж ирээгүй. Би ямар ч үед гарын үсэг зурж байгаагүй.

Ж.Бат-Эрдэнэ: АМАН ДЭЭРЭЭ НЭГ ЮМ ЯРЬЧИХААД НАЧИР ДЭЭРЭЭ АЛАГЧЛААД БАЙГААГИЙН ЭСРЭГ ХАТУУ ЗОГСОНО

-Эдийн засаг хүнд байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах талаар УИХ ч тэр, Засгийн газар ч тэр аль аль талаасаа ажиллаж байна. Ард түмний хамгийн гол тавьж буй асуудал нь УИХ-ын 76 гишүүн чинь цэвэр юм уу, Засгийн газар шударга байгаа юм уу гэдгийг л ярьж байна. Тэгэхээр өнөөдрийн ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл дээр бид дүгнэлт хийгээд явах ёстой. Энэ үндэслэлээр нь Засгийн газрыг огцруулъя гэсэн гарын үсэг зурж байна. УИХ, Засгийн газар бололцоогоороо л ажиллаж байна. Гэхдээ үүнээс илүү ажиллах боломж бий. Нэг гол юм бол ард түмэн шударга байхыг хүсч байна. Элдэв буруу зүйл хийсэн хүмүүстээ хариуцлага тооцохыг хүсч байна. Бид өөрсдөө илч учраас ард түмний хүсэн хүлээж байгаа зүйлийг биелүүлж, үүнийхээ төлөө зогсож байх ёстой. Яагаад аман дээрээ нэг юм ярьчихаад начир дээрээ алагчлаад байгаа юм, үүн дээр л хатуу зогсож байна.  

Я.Санжмятав: ЭД ЧИНЬ ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ НООЛЖ БАЙГАА УЛС

-Ардчилсан Нам бүлгээрээ хэлэлцээд 60 тэрбум, ЖДҮ-ийн зээлийн хуйвалдаантай холбоотой асуудлыг хууль бус гэж үзсэн учраас энэ хоёр асуудлаар хариуцлага тооц гэдэг мэдэгдлээ өгсөн. Би бүлгийн гишүүний хувьд энэ шийдвэрийг даган биелүүлэх үүрэгтэй, санал нэг байна. Эхнээсээ хариуцлага тооцоод явж байх шиг байна. Манай бүлгийн тавьсан асуудал хэвээрээ.

Хэдийгээр улс орны хувьд эдийн засаг хүндрэлтэй, гаднаа дотроо хямралтай байгаа ч энэ нь өршөөх, уучлах нөхцөл биш. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын бүлгийн шийдвэр хэвээрээ. Би гарын үсэг зурахгүй. Эд чинь өөрөө өөрсдийгөө ноолж байгаа улс шүү дээ. Бидэнтэй бидэнгүй 26 гишүүн гарын үсгээ зурчихсан байна. 30 хүрэхэд нь өргөн барих байх. Энэ үед нь манай бүлэг нэгдмэл байр суурьтайгаар илэрхийлэх болно.

Б.Наранхүү: ХАМГИЙН ДУРГҮЙ ДАЙСНАА ЗӨВ ЗҮЙЛ ХИЙХЭД НЬ ДЭМЖДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Манай Ардчилсан нам нэг байр суурь илэрхийлчихсэн. Угаасаа огцруулъя гэж УИХ-ын чуулганы нээлт дээр ч ер нь бүх зүйл дээр илэрхийлээд байгаа шүү дээ. Аливаа зүйлийг дүгнэж үзэх хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр Засгийн газар огцроход хэдий хэмжээний алдагдал хүлээх юм гэдэг тооцоо судалгаа хийдэг байгууллага манайд алга. Бүх зүйлд сэтгэлийн хөдлөлөөр хандаж байна. Унагах уу эс унагах уу гээд.

Бид үндсэндээ далайд луужингүй хөвж яваа завь шиг байна. Улс орон үүрээ эвдлүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна

Мэдээж нэг жилийн хугацаанд олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа байх. Энэ болгоныг эрүүлээр дүгнэж, цэгнэх ёстой л доо. Хэрэв үнэхээр Засгийн газар огцорвол хэдэн тэрбум долларын алдагдал хүлээх юм, эсрэгээрээ үлдвэл хэдэн тэрбумын ашиг олох юм? Эцсийн эцэст эдийн засаг шүү дээ. Эдийн засгаа анхаарах ёстой. Эдийн засагт хэрхэн яаж нөлөөлөх гэж байна гэдгийг дүгнээд хэлдэг газар алга.

Бид үндсэндээ далайд луужингүй хөвж яваа завь шиг байна. Улс орон үүрээ эвдлүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Энэ болгон хэзээ яаж цэгцэндээ орох юм. Дотоодын зодоон хэтэрхий хурц байна. Бүгд амьдрал сайжрах нь л гол асуудал биз дээ. Уулын орой дээр шууд гардаггүй, хормойноос нь эхлээд явдаг. Ид хөгжлийнхөө шилжилтийн үед явж байна. Улс төрийн лидер гэдэг дайснаа ч дэмжих чадвартай хүмүүс ажиллах ёстой юм шиг харагдаад байгаа юм. Тэгэхгүй энэ, тэр миний дайсан гээд ангилаад ялгаад, эсрэг яваад байх нь хагаралын үндэс болоод байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд Монгол хүний муу, сайны ялгааг бус Монгол Улс гэж хараад хамгийн дургүй дайснаа зөв юм хийж байвал дэмжиж байж энэ улс орон цааш явах юм шиг харагдаж байна.

Ц.Гарамжав: ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ

-Зарим гишүүний зүгээс Удирдах зөвлөлийн шийдвэр таалагдахгүй байгаа учраас гишүүнийхээ хувиар санал бодлоо гаргах эрхтэй л дээ. Тиймээс тодорхой хэмжээнд Засгийн газар болон УИХ-ыг огцруулах нь зүйтэй гэсэн сөрөг саналуудыг бэлдэж, гарын үсэг зурж байгаа гэж дуулсан. Энэ бол гишүүдийн бүрэн эрхийн асуудал.

Ж.Мөнхбат: ЦАВЧИЛТ ЭЗНЭЭ ОЛСОНГҮЙ

-Ард түмний бухимдал, уур хилэнгийн гал асч байна. Засгийн газарт байгаа энэ асуудалтай холбогдсон сайдууддаа хариуцлага тооцоо, улс төрийн нам тэр дундаа эрх барьж буй нам бол  энэ асуудалд холбогдсон хүмүүстээ улс төрийн хариуцлага тооц гэсэн шаардлагыг бүлгийн гишүүдийн зүгээс тавьсан.

2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажлаа сайн хийсэн гээд тогтоол гарган Засгийн газрын хүндэт жуухаар шагнасан. Гэтэл огцруулах үндэслэл нь 2016-2018 онд ажлаа маш муу хийсэн гэж байх жишээний

Харамсалтай нь манай намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр тооцсон хариуцлага байгаа, эзнээ олсонгүй. Үлгэрт гардаг шиг Болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг нь идээд ир гэсэн чинь нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг юм болж байна.

Нийгмийн жинхэнэ хүсээд байгаа шударга ёс, жирийн иргэдийн боломжийн урдуур орсон, зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээний асуудалд мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хотын даргыг огцруулж байна. Ерөнхий сайд есөн хөлт цагаан тугны өмнө зогсож байгаад 2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажлаа сайн хийсэн гээд тогтоол гарган Засгийн газрын хүндэт жуухаар шагнасан. Гэтэл огцруулах үндэслэл нь 2016-2018 онд ажлаа маш муу хийсэн гэж байх жишээний.

Бүлгийн даргын хувьд шаардлага тавиад түүнийхээ хариуд огцорч байх жишээний. Бүлгийн эв нэгдлийг хагаралдуулсан гэж ажлаа өгөхийг сануулж байгаа юм. Гэтэл энэ чинь өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үед гарын үсэг зурна зурахгүй гэж хуваагдсанаас үүдэлтэй хагарал байгаа шүү дээ. Их цэвэрлэгээ эхэллээ, сэлмээрээ цавчиж эхэллээ гэж гадуур ярьж байна лээ. Цавчилт эзнээ олсонгүй гэж хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ