http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Хүүхэд хамгаалалд хэвлэл мэдээлэлтэй хамтрахгүй бол үр дүнд хүрэхгүй
2018.10.29
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Хүүхэд хамгаалалд хэвлэл мэдээлэлтэй хамтрахгүй бол үр дүнд хүрэхгүй

Сэтгүүлч С.Уянга

Бага насны хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болж буй тоо баримт хурдацтай өсч байна. Тэгвэл УИХ-аас байгуулагдсан Цахим бодлогын түр хороо хүүхдийг цахим орчин дахь сөрөг мэдээллээс хэрхэн хамгаалах талаар ямар зохицуулалт хийж байгаа талаар тус хорооны дарга, УИХ-ын гишүүн  Н.Учралтай ярилцлаа. 

–Цахим бодлогын түр хорооны ажил хэр жигдэрч байна вэ. Хэд хэдэн удаа хаалттай хуралдсан?
–Төрийн байгууллагуудын ашиглаж буй программыг шинэчлэх, хооронд нь уялдаа холбоотой болгох, албан ёсны лицензтэй холбоотой асуудлыг цэгцлэхийн тулд  Цахим бодлогын түр хорооноос дөрвөн ажлын хэсэг гарган ажиллаж байна. Төрийн байгууллагуудын цахим шилжилтийн талаар Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөх тогтоолын төсөл болоод хууль эрх зүйн орчныг судалж, сайжруулах болон аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх, төрийн нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Мөн мэдээллийн аюулгүй байдал болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байна. Тэр дундаа олон нийтийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажиллах шаардлагатай байгаа учраас тусгайлан ажлын хэсэг байгууллаа.
Төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод болгохын тулд байгууллага бүр төсөл хөтөлбөр, программ хангамж нэвтрүүлж цахим шилжилт хийхийг оролдсон. Гэвч одоогийн байдлаар үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй болсон эсэх нь иргэдэд мэдэгдэхгүй, орон тоо буурахгүй байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулаагүйтай холбоотой юм. 
–Бусад улс орнууд хүүхдийг цахим сүлжээ, сөрөг мэдээллээс хамгаалах хуультай байдаг юм билээ. Цахим бодлогын түр хорооноос олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар зохицуулалт хийж байна вэ? 
-Эхний ээлжинд олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эхлүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. УИХ-ын даргаас тодорхой үүрэг өгсний дагуу хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөөтэй  мэдээллээс хамгаалах тухай бие даасан хууль гаргахаар ажиллаж байна. Хуулийн төсөл бэлэн болж, хэлэлцүүлэг зохион байгуулах шатандаа орсон.
Ажлын хэсэг АНУ, Австрали, Герман зэрэг улсын хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой хуулийг судалж, харьцуулалт хийж үзсэн. Тиймээс хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалах хууль олон улсын гэрээ, конвенцтой нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаан дээр суурилсан гэж хэлж болно. Хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсны дараа Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд, залуучуудын газар хэрэгжилтэд нь хяналт тавина. Олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах талаар цөөнгүй хууль, журамд тусгасан байдаг ч  нэгдсэн зохицуулалтгүй явж ирлээ. Харин энэ хуулийн төслөөр нэгдсэн зохицуулалттай болгож, хүүхдийн эрхийг зөрчсөн, тэдний хөгжилд сөргөөр нөлөөлсөн мэдээллээс хамгаалах олон чухал зохицуулалт оруулж байгаа. 
–Хуулийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага ямар оролцоотой байх вэ. Тухайлбал, хүүхдийн эрхийг хамгаалах ямар зохицуулалт оруулж байна вэ? 
-Харилцаа холбооны зохицуулах хороо буюу хэвлэл мэдээллийн байгууллагууд, үүрэн телефоны операторуудад хяналт тавьдаг төрийн байгууллага бий. Энэ байгууллага хүүхэд хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах ёстойг хуульчилж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүүхэд үзэх боломжтой, боломжгүй цагийг ангилна. Ингэхдээ телевизүүд л гэхэд хүүхдийн нэвтрүүлэг буюу  тэдэнд зориулсан мэдээ мэдээлэл бэлтгэх тодорхой хугацаатай байх юм. Мөн бүтээлийг насны ангилалтай болгрх талаар ном, сурах бичгийн зохиогч нарт хандана. 
Харин хүүхдийн эрх зөрчсөн асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд Гомдол, маргаан хянан шийдвэрлэх зөвлөл байгуулж шийдвэрлэхээр тусгасан. Уг зөвлөлийг цагдаа, олон нийт, хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, долоон хүний бүрэлдэ­хүүнтэй байгуулна. Тэнд мэргэжлийн шинжээчийн баг ажиллуулж, үнэхээр хүүхдийн эрх зөрчигдсөн үү, үгүй юү гэдгийг нягтална. Үүнээс гадна үүрэн телефоны операторууд утасны дугаар үнэгүй тараахаа зогсоохыг үүрэг болгоно. Утасны дугаар бүрийг эзэнтэй болгоно. Үндсэндээ соён гэгээгүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага болоод боломжит бүх байгууллагатай хамтарч хийхгүй бол үр дүнгүй юм байна. Тиймээс хуулийн төслийг боловсруулсан. 
–Хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болж байгаа тоо баримт хурдацтай өсч байна. Сошиал орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар тодруулахгүй юу? 
-Цахим орчин дахь гэмт хэргийн тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин өссөнийг  цагдаагийн байгууллага мэдээлсэн. Бидний мэдэхгүй олон гэмт хэрэг цахим орчинд үйлдэгддэг юм байна. Мэдээлэлд дүн шинжилгээ хийж чадахгүй байгаа учраас хүүхэд гэмт хэрэгт өртөх нь их байна. Тиймээс цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүл зүй болон хувь хүний сэтгэгдлийг зааглах ёстой юм. Үүнд мэргэжлийн сэтгүүлчид ч үлгэрлэж, манлайлах нь зөв. 
–Цахим гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа. Тухайлбал, саяхан фэйсбүүк компанийн төлөөлөл ирэхэд хамтарч ажиллах талаар санал солилцсон уу? 
-“Фэйсбүүк” компанийн төлөөллийг манай улсад ирэхэд бид хэд хэдэн санал тавьсан. Энд гомдол, хянан шийдвэрлэх зөвлөлөөрөө асуудлыг шийдвэрлэж, үндэслэлтэй гэж үзвэл “Фэйсбүүк” компанийн Азийн төв рүү ханддаг байх талаар ярилцсан.
Цахим гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох зэрэг хууль, журам хангалттай бий. Гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Фэйсбүүкээр залилуулсан бол залилангаар зүйлчлэгдэнэ. Харин цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирэхэд фэйсбүүкийн төвөөс мэдээлэл авахад хугацаа их шаардагдахаас гадна хэрэгт холбогдсон аккаунт нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. 
–Олон нийтийн сүлжээнд 5000-аас дээш дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох тухай ярьсан нь шүүмжлэлд өртлөө. Хувь хүний орон зайг мэргэжлийн редакциудтай адилтгахыг эсэргүүцэж байх шиг? 
-Хэвлэл мэдээллийн асуудал руу хэт орлоо гэж үзэж байх шиг байна. Өдөрт 10 хүн ордог сайт, 10 мянган дагагчтай жиргээч хоёрын нөлөөллийн ялгаа асар их байгаа.

ШИНЭ МЭДЭЭ