МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдүүд өдөрт 3 цаг 20 минутыг телевизийн өмнө өнгөрөөж байна
2018.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдүүд өдөрт 3 цаг 20 минутыг телевизийн өмнө өнгөрөөж байна

Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна гэсэн ойлголт түгж, “unfriend” хөдөлгөөний цахим орчинд амжилттай хэрэгжсэн.

Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээгээр өндөрлөхгүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс “Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, өнөөдөр /2018.10.25/ Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төслийн хэлэлцүүлэгт НҮБ-ын төлөөлөл, БСШУЯ, ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлүүд оролцсон юм. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо болон Цахим бодлогын түр хороо хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал уг хуулийн төслөө танилцуулсан.

Монгол Улсын нийт хүн амын 37,6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж, насны бүлгээр авч үзвэл

  • 0-4 насны 394,514,
  • 5-9 насны 322,575,
  • 10-14 насны 220,429,
  • 15-18 насны 189,661 хүүхэд байна.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна. Монгол Улсад телевизийн хэрэглээ маш өндөр байгаа бөгөөд нийт хүн амын 99 хувь нь телевизээс мэдээлэл авдаг, нийт хүн амын 62 хувь нь интернет ордог байна. Мэдээлэл авах эс үүсвэрүүдийн хувьд нийслэлд

  • Телевизээр 85.5 хувь,
  • Мэдээллийн вэб сайтаар 44.1 хувь,
  • Өдөр тутмын сонин хэвлэлээр 24 хувь нь мэдээлэл авдаг байна.

Харин телевиз үзэхэд зарцуулж буй хугацаа, эзлэх хувиар нь авч үзвэл ажлын өдөрт

  • 1-2 цаг үздэг гэж 16.8 хувь,
  • 2-3 цаг үздэг гэж 17.2 хувь,
  • 3-4 цаг үздэг гэж 14.1 хувь,
  • 4-5 цаг үздэг гэж 11.5 хувь нь хариулсан байх бөгөөд өдөрт дунджаар 3,5 цаг зарцуулж байгаагаас харвал телевизийн суваг нь мэдээллийн гол хэрэгсэл хэвээрээ гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байна.

Монгол Улсад хүүхдийн нэвтрүүлгийн дамжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 51 хувиар бага, хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны дамжуулалт 7 дахин бага, хүүхдийн нэвтрүүлэг, кино гарах цаг, хуваарь байхгүй, хүүхдийн телевиз үзэлтийн хувь өндөр буюу дунджаар 165 минут /амралтын өдөр 303 минут/, хүүхдийн хамгийн их үздэг зүйл нь кино байгаа бөгөөд эцэг, эхийн хараа хяналт сул гэсэн үзүүлэлт гарсан байна.

ШИНЭ МЭДЭЭ