МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Бүртгэлийн систем "Жи мэйл" шиг болж байгаа
2018.10.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Бүртгэлийн систем "Жи мэйл" шиг болж байгаа

Newspress.mn сайт арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Бүртгэлийн багц хуулийн бэлтгэл ажлын талаар мэдээ, нийтлэл, сурвалжлага цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Учралаас зарим асуултад хариулт авлаа. Тэрээр Бүртгэлийн багц хуулийг боловсруулж, батлуулсан ажлын хэсгийн гишүүн юм.

-Бүртгэлийн багц хуулийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж ойлгож болох уу?

-УИХ-аас бүртгэлтэй холбоотой асуудлыг багцалж баталснаараа маш дэвшилттэй зүйл болж чадсан. Өмнө нь төр иргэний мэдээллийг цаасаар авдаг байсан. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахиж нэхдэг байсан гэсэн үг. Хуулийг баталснаар Засгийн газрын зүгээс цахим шилжилтийн тодорхой ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд ХУР системийг хийлээ. Хур гэдэг нь юу юм гэж асуух байх. Тухайн иргэний хурууны хээ татварын байгууллагын мэдээллийн санд орчих юм. Түүгээр дамжаад ороход иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл гараад ирнэ. Цалингийн зээлтэй, татварын өртэй эсэх НӨАТ-ын баримт нь байна.

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаас нь ямар ажлыг хийсэн юм бол?

-Мэдээж аюулгүй байдал талаас нь бүрэн хангах ёстой. Иргэд хурууны хээгээ бүртгүүлсэн ч байсан аюулгүй байдлаа хангах учиртай. Одоогоор банкууд болон хувийн байгууллагуудад тавих нь зохистой хувилбар биш. Эхлээд төрийн байгууллагуудаа бүгдийг нь хурууны хээний бүртгэлтэй болгоё. Дараа нь хаана ч очиход хурууны хээгээр үйлчилгээ авдаг, бүртгүүлдэг болно. Иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөхийн гэрчилгээ шаардахгүй. Зөвхөн иргэн регистрийн дугаар, хуруугаа бүртгүүлэхэд болно. Үүнийг дагаад ДАН гэдэг систем хэрэгжинэ. Энэ бол нэвтрэлтийн систем.

-ДАН гэдэг нь?

-Одоо бол НӨАТ-д нэг кодтой, мобайл банкаа шалгахад өөр кодтой байгаа. Үүнийг нэгтгээд нэг болгох юм. Өөрөөр хэлбэл, нэг код үйлчилнэ. Тэрийгээ хийнгүүт дамжин орох юм. “Гүүгл”-ийн Gmail шиг болно гэсэн үг. Ороход цалингийн тодорхойлолт, НӨАТ-ын баримт нь гараад ирнэ. Бүгдийг нь блокчэйнд суурилсан нэг систем рүү шилжүүлэх юм. Хамгийн чухал асуудал нь мэдээллийн аюулгүй байдал. Дэд бүтэц, яаж сайжруулах уу гэдэг нь хурцаар тавигдаж байна. Тиймээс бүртгэлийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2000 гаруй акталсан компьютерийг төсөвт суулгах шаардлага үүсч байна. Мөн серверүүдийнх нь чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэхээр 63 сервер нь давхар Дата төвд байршиж байгаа.

Татварын газарт хурууны хээ нь байлаа гэхэд дараад орохоор Дата төвөөс мэдээллээ татаж байцаагчид харагдана. Бүртгэлийн байгууллагууд байгаа сервер давхар хуулагдаад Дата төвтэй хамт явж байгаа. Тэгэхээр техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлага бий.

-Хуулийг дагаж мөрдөж эхлэхээр тодорхой хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болох байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

 -Холбогдох мэдээллүүдээ цаанаасаа татаж авч байгаа гэдэг утгаараа төсөв мөнгөний асуудал байгаа. Гэхдээ түүнийг нь шийдээд явах боломжтой. Ингэхдээ гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжсэн төслүүдийг шалгах хэрэгтэй. Зарим асуудлыг нь олон улсын төсөл хөтөлбөрөөр шийдээд явах байх.

ШИНЭ МЭДЭЭ