МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Боловсролын салбараар тоглож болдоггүй"
2018.10.05
Улстөр

"Боловсролын салбараар тоглож болдоггүй"

УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд маргах, санал зөрөлдөх зүйл олон бий. Тэгвэл өчигдрийн /2018.10.04/ чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн Н.Учралыг “хэрэг болохоор сайдаа гэж, микрофоны өмнө дайрч байна” хэмээн шүүмжилсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралаас тодрууллаа.

-Чуулганы хуралдааны үеэр маргаан үүсч, таныг боловсролын салбарт ашиг, сонирхолтой, тусгай зөвшөөрөл ярих болохоороо өөрөөр ярьдаг гэх юм. Та энэ салбарт ашиг сонирхлын зөрчил гаргадаг юм уу?

-Би энэ салбарыг гадарладаг хүний хувьд боловсролын салбарт тусгай зөвшөөрөл авах магадлан итгэмжлэлийг таван жилийн хугацаатай олгодог.

Манай гэр бүлийн Их засаг их сургууль бол 2023 он хүртэл магадлан итгэмжлэл авсан, Ц.Цогзолмаа сайд бид хоёртой, хоёргүй тэр сургууль өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа. Боловсролын салбарт арын хаалга байдаггүй, өрсөлдөөнөөр явдаг. Оюутантай сургууль үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явдаг. Тиймээс зарчмын асуудлыг хувь хүний гэр бүлийн асуудалтай холбох шаардлага байхгүй болов уу.

Би зөвхөн өөрийн сонгогдсон тойргийн 5000 хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг 62-р сургуулийн мөнгө нь царцах гэж байна. Энэ яамны алдаа. Үүнийгээ хурдан, шуурхай шийдэхийг л ярьж, хэлж байгаа. 62-р сургуулийн төсөв царцвал 2019 онд ашиглалтад орох боломжгүй болж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард төсвийг нь баталсан байхад аравдугаар сард тендер нь зарлагдах жишээний. Бид бүтээн байгуулалтыг зуны гурван сарын хугацаанд л хийж, энэ цаг хугацааг ашиглах ёстой.

-Та Ц.Цогзолмаа сайдаа тендер болоод бусад хувийн чанартай гуйсан зүйл байгаа юм биш үү?

-Би юу ч гуйгаагүй. Үе үеийн сайд дарга нарын  үед хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн сургууль. Гуйсан зүйл байхгүй.

-Боловсролын салбарын сайд бодлого ярих ёстой тендер, сонгон шалгаруулалт зэрэг жижиг асуудалд орох нь буруу гэсэн. Яам аж ахуйн жижиг асуудалд орох нь ямар сөрөг үр дагавар дагуулаад байгаа юм бэ?

-Нийслэл өөрөө том бүтэцтэй. Хэрэв сургуулийн асуудлыг нийслэлд шилжүүлбэл, нийслэл өөрөө газрыг нь чөлөөлөөд, сонгон шалгаруулалтаа зарлаад, ажлаа хийнэ.

Яам дээр цөөхөн хүнтэй хоёр газар, хэлтэс энэ ажлыг хийж хүчрэхгүй байна. Тиймээс нийслэлд нь өгвөл хурдан шуурхай явна гэсэн бодолтой байдаг, би. Яам бол тендер, сонгон шалгаруулалт зэрэг асуудалд орсноор үндсэн салбарынх нь бодлого алдагдаад байдаг. Би Ц.Цогзолмаа сайдыг маш их ажилтай байгаа нь ойлгож байна. Сайд бид хоёрын асуудал биш гурван ээлжээр ажиллаж байгаа хүүхдүүдийн асуудлыг л зарчмын хувьд тавьсан.

-Нөгөө талаас Ц.Цогзолмаа сайдыг солино, Н.Учрал сайд болох гээд улайраад байна  гэх яриа гараад байгаа шүү дээ?

-Сайд болсон хүн надаас боловсролын салбарын талаар нөхөрсгөөр зөвлөгөө өгнө. Түүнээс би энэ салбарыг авна гэсэн бодол надад байхгүй. Миний аав, ээж хоёр би өөрөө боловсролын салбарт ажиллаж байсны хувьд би энэ салбараар тоглуулахыг хүсдэггүй. Том, эмзэг салбараар тоглож болдоггүй.

Түүнээс би хэзээ ч яамны  эсрэг зүйл ярьж байгаагүй. Би ганцхан салбарын асуудал, тойргийн хүүхдүүдийнхээ асуудлыг зарчмын хувьд л тавьсан. Гурван ээлжээр хичээллэж байгаа тойргийнхоо хүүхдэд тулгамдаж байгаа асуудлаар салбарын сайдаас нь тодруулах эрхтэй.

Ш.ОЧ

ШИНЭ МЭДЭЭ