МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал Швед Улсын парламентын гишүүнийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Н.Учрал, Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөх Кент Харштэд
2018.04.06
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Н.Учрал Швед Улсын парламентын гишүүнийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Шведийн парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөх Кент Харштэдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улс Скандинавын орнуудтай, ялангуяа Швед Улстай боломжит бүхий л салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Энэ хүрээнд өндөр, дээд түвшний айлчлал хоёр талын харилцаанд шинэ түлхэц өгнө гэж үзэж байна. Өнгөрөгч онд Бангладешийн нийслэл Дака хотноо зохион байгуулагдсан Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганы үеэр УИХ-ын дарга М.Энхболд Риксдаг (парламент)-ийн дарга Урбан Олинтэй уулзах үеэрээ Монгол Улсад айлчлахыг урьсан. Тиймэээс айлчлалыг энэ онд багтаан зохион байгуулахад таныг дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

Түүнчлэн байгаль цаг уурын төстэй нөхцөл байдалтай уялдуулан Шведийн эрс тэс уур амьсгалд зохицсон сэргээгдэх эрчим хүч, дулааны хэмнэлт бүхий барилгын стандарт, технологийг Монголд нэвтрүүлэх, Байгалийн баялгийн санг байгуулахад танай улсын хөгжлийн загвараас суралцах сонирхолтой байна гэсэн юм.

Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөх Кент Харштэд Монголын парламентэд Монгол, Шведийн бүлэг ажиллаж байгааг сайшаагаад, Шведийн парламент болох Риксдагт Швед, Монголын бүлэг байгуулахад онцгойлон анхаарахаа илэрхийллээ. Мөн боловсрол, соёл, спорт, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал монгол залуучуудыг сургах, хөдөлмөр эрхэлж, туршлага солилцох боломжоор хангах асуудалд ахиц гаргахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ