МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Итгэл+сэтгэл+ зүтгэл=Хөгжил
2018.02.13
Орон нутгийн хөгжил

Итгэл+сэтгэл+ зүтгэл=Хөгжил

Итгэл

Идэр есийн жавар тачигнаж, гэр хорооллын гудамжинд өвөл авхай “бүжиглэнэ”.

Хүйтнээс хулчийсан хүмүүс дулаан хувцсандаа шигдэн хаа нэг тийшээ яаран алхацгаана. Хүмүүс хаа хүрэх нь тодорхойгүй ч тэд бүгд л нэг зүгт алхацгаах аж. Хаа нэг хоол хайн тэнүүчилсэн золбин ноход л хүмүүсийн урсгалыг сөрөн сүүлээ хавчин гүйлдэхийг эс тооцвол бүх хүн нэг зүгт миегэнэцгээх нь хачирхал төрүүлнэ.

Сонгино хайрхан дүүргийн иргэдээс хаашаа ийнхүү бултаараа явж байгааг нь сураглавал УИХ-ын гишүүн Н.Учралын иргэдтэйгээ хийх уулзалтад явж байгаа гэнэ. Залуухан гишүүн маань ажлаа авсан цагаасаа хойш жил гаруйн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахаар Сонгино хайрхан дүүргийн 18,19,23,27,29 хорооны сонгогчдынхоо дунд уулзалт зарласан бөгөөд Сонгино хайрхан дүүргийн иргэд тийшээ яваа нь энэ аж.

Хүмүүсийн цувааг даган явсаар Сонгино хайрхан дүүргийн 23 хорооны байранд ирвэл хүмүүс багтахгүй шахалдах бөгөөд хүмүүс пиг дүүрчээ. Үе үе алга ташилт нижгэнэх аж. УИХ-ын гишүүн Н.Учрал хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хэд хэдэн хуулийг санаачилсан бөгөөд  энэ хууль олон нийтэд, иргэд сонгогчдод хэрхэн нөлөөлөх талаарх яриагаар уулзалтаа эхлүүлээд байгаа нь энэ юм. Хүмүүс ирсээр л . . .



“Залуучуудын хөгжлийн тухай хууль” энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.

Тэрбээр жил гаруйн хугацаанд хэд хэдэн хууль санаачилсан бөгөөд одоогийн УИХ дахь гишүүдээс хууль санаачилсан байдал болон чуулганы үеэр оновчтой санал санаачилга гаргасан болон үг хэлсэн байдлаараа тэргүүлж байна.

Товчхондоо Н.Учрал УИХ-ын хамгийн идэвхтэй гишүүн юм. Түүний санаачилсан хуулиуд эхнээсээ хэрэгжээд эхэлсэн бөгөөд тухайлбал, “Залуучуудын хөгжлийн тухай хууль” энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн аж.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улс хүн амын наслалтын хувьд “цонх үе” буюу нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байна.

Тиймээс залуу үеийнхээ нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй. Тэр хэрээр улс орны хөгжилд эерэгээр нөлөөлнө. Гэтэл өнөөдөр манай улсын залуусын хөгжил тун тааруу байна.

Олон нийт залуучуудынхаа хөгжилд үнэхээр санаа зовж байлаа.

Тухайлбал, Монгол Улс залуусын хөгжлийн индексээр 81-р байранд цохиж явна. Ийм муу үзүүлэлттэй байгаа нь харамсалтай. Тиймээс залуусын хөгжлийг дэмжих хууль эрхзүйн орчин заавал хэрэгтэй байсан бөгөөд энэ хэрэгцээ шаардлагын үүднээс би энэ хуулийг санаачилж батлуулсан” гэв.

Иргэд ч энэ хуульд ам сайтай байсан бөгөөд олон нийт залуучуудынхаа хөгжилд үнэхээр санаа зовж байлаа.

Сонгино хайрхан дүүргийн 23 хорооны иргэн Л.Даваасүрэн “Миний үеийнхэн ч яах вэ хийдгээ хийгээд гавьяандаа гарсан хүмүүс. Гэтэл эд хийж бүтээдэгдээрээ байгаа энэ залуучууд хийх ажилгүй, авдаг цалингүй сууж байгаа нь хамгийн харамсалтай.

Тиймээс эдгээр залуусыг ажилтай орлоготой хүн шиг амьдрахад нь туслах хэрэгтэй байна. Харин Н.Учрал гишүүн залуу хүн учраас яах аргагүй нүдээ оносон хууль батлуулсан нь сайшаалтай” гэсэн юм. Уг хууль батлагдсанаар дүүрэг бүрт Залуучууд хөгжлийн төв байгуулагдах бөгөөд энд залуучууд хороо, дүүрэг харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдахаас боломжтойгоос гадна хөдөлмөрийн бирж, хөрөнгө оруулалт гээд олон олон ажлыг энд хийх аж.

Түүнчлэн залуус маань гарааны бизнесээ эхлүүлэх боломжоор ч хангагдаж байгаа юм. Товчхондоо уг хууль хойч үеийнхээ замыг засах гол хууль болж Монгол Улс дэлхийд Залуучуудын хөгжлийн тухай хуультай 24 дахь улс болжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал Залуучуудын хөгжлийн тухай хуультай адилхан хөрсөндөө буусан хэд хэдэн хууль санаачилжээ.


Тухайлбал, Арбитрын тухай хуулийг батлуулсан бөгөөд энэ хуулийнхаа талаар тэрбээр “Миний батлуулсан батлуулах гэж байгаа хууль дандаа нийгмийн захиалга.

Тухайлбал, Арбитрын тухай хууль гэхээр хүмүүс юун амьдралаас тасархай хууль гэж магадгүй. Гэтэл өнөөдөр иргэдийн дунд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан гардаг. Тэгээд шүүхээр явахаар  ... Адгийн зарга Арав хоног гэгчээр бөөн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тэгвэл уг хуулиар ийм төрлийн маргааныг Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа. Нөгөө талаас уг хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ч хувь нэмрээ оруулна. Тэр ч утгаараа Арбитрын тухай хуулийг НҮБ-ын загвараар өөрийн орны хөрсөнд буулган хийсэн” гэв.



Н.Учрал: Миний батлуулсан батлуулах гэж байгаа хууль дандаа нийгмийн захиалга.

Мөн Н.Учрал гишүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийсэн байна. Тэрбээр цаашдаа Инновацийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Дампуурлын тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хуулиудыг санаачилж батлуулахаар зэхээд байгаа аж.



Сэтгэл

Гадаа чөмөг царцам хүйтэн байхад Н.Учрал гишүүний ажлын тайлангийн уулзалт хийж буй уулзалтын байруудад хөлс дуслам халуун байх аж. Таяг тулсан 80 настай буурлаас эхлээд 8 настай хүүхдээ хөтөлсөн ээж аавууд гээд олон хүмүүс түүний ажлын тайланг сонсохоор басхүү санал хүсэлтээ хэлэхээр цугларчээ.

5 шарын 5 байрны дээврийн дулаалга, 00-ын асуудал, ажил олоод өгөөч, машины толь алга болоод байна гэсэн хувийн шалтгаантай асуудлаас эхлээд улс орны байдал эдийн засгийн хүндрэл, татварын нэмэгдэл, шатахууны хомсдол, тэтгэврийн нас нэмсэн байдал гээд Н.Учралд бухимдлаа гаргах иргэд ч цөөнгүй байх.

Хүн бүрийн хэлсэн санал бүрийг тэрбээр нэг бүрчлэн бичиж авах бөгөөд тухай бүрт нь хариу өгч байв.

Тухайлбал, 23 хорооны иргэн өрхийн эмнэлгийн сувилагч н.Баттулга “Гишүүнээ манай эмнэлэгт машины хүрэлцээ бага. Нэг түргэн тусламжийн тэрэг аваад өгөөч” гэж байхад нөгөө талд нь 19 хорооны иргэн н.Дэлгэр-жаргал “Гишүүнээ миний зүрх их өвддөг. Энэ хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмээд өгөөч ” гэнэ.

Уулзалтын үеэр Н.Учрал гишүүн хүн бүрийн хэлсэн санал бүрийг тэрбээр нэг бүрчлэн бичиж авах бөгөөд тухай бүрт нь хариу өгч байв.

Энэ мэтчилэн түүнээс хүсэх гуйхын засвар олон асуулт ар араасаа хөвөрнө.

Ямар сайндаа Сонгино хайрхан дүүргийн 18 хорооны иргэн М.Болдмаа “Өмнө нь УИХ гишүүн гэхээр л бараа сүүдэр нь харагддаггүй зурагтаар л гардаг хүмүүс байсан бол Н.Учрал та гишүүн болсоор бидэнтэй тун ойрхон ажиллаж байгаад би хувьдаа их баяртай байна. Таны хийсэн олон ажлыг бид мэднэ. Та ярьдаг биш хийдэг иргэдээ гэсэн сэтгэлтэй хүн. Би таныг долигонож байгаа юм биш шүү. Гэхдээ энэ хүмүүсийн яриад байгаа Нийслэлтэй холбоотой ажлуудыг холбогдох дарга нар нь хийдэг баймаар юм. Эсвэл би буруу ойлгоод байна уу. Иргэд ч гэсэн ийм шалдир булидар юм гишүүнээс гуйхаа болиочээ. Энэ хүн чинь ямар бирд биш дээ” гэв.

М.Болдмаагийн үг заалан дахь хүмүүсийн ихэнх нь хүлээн зөвшөөр ам амандаа “тийм шүү” гэх бөгөөд Н.Учралын зүг хариулт нэхсэн байртай харах аж.

Н.Учрал “Би 00 асуудал, дээврийн асуудалд ормооргүй байна. Уг нь иймэрхүү ажлуудыг таны хэлдгээр Нийслэл,  дүүрэг, хорооны дарга цэрэг нар шийдээд явах ёстой асуудал. Хэрвээ эдгээр хүмүүс ажлаа сайн хийгээд явбал болохгүй юмгүй. Гэтэл эдгээр хүмүүс ажилдаа хойрго хандаад байна. Адаглаад Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 160 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийгээд томографийн аппарат аваад, өрөөний түрээсээ төлөөд үйл ажиллагаа явуулах компанийг тус төвийн даргад би санал болгосон. Гэтэл тэр дарга “Анхааралтай ажиллаж байна” гээд суугаад байдаг.

Тиймээс би эдгээр асуудалд орохоос өөр арга алга. Энд 27 жил хийгээгүй зам засварын ажил, дусаал нь гоожсон дээвэр, хур хогийн цэг, хүчдэлийн уналт гээд асуудал олон байсан. Энэ асуудлыг шийдэх гэж сонгогдсон цагаасаа эхлээд ажиллаа.  

Тэгэхгүй бол би хууль санаачлах үүрэгтэй гээд л суугаад байж болохгүй.

Энэ хүрээнд олон ч ажлыг хийлээ. Хувийнхаа зардлаар цэцэрлэг байгууллаа. Сүүлийн 5 сар нийт 23 хүнийг ажлын байраар хангаж 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ цэцэрлэгтээ сургалаа.

Сарын зардал нь 23 сая төгрөг гардаг. Гэтэл би энэ мөнгийг хэтэвчнээсээ л гаргаад өгч байна. Мөнгө ярьж байгаа нь би ингэсэн гэж онгирохдоо бус зарим хүмүүсийг сэтгэлгүй байгааг л хэлэх гэсэн юм. УИХ-ын гишүүн гэдэг чинь төсөвгүй хүн шүү дээ.

Сүүлийн 5 сар нийт 23 хүнийг ажлын байраар хангаж 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ цэцэрлэгтээ сургалаа.

Ер нь бол би гишүүн болсон цагаасаа явдаг нэг цэгийн үйлчилгээ л үзүүлж байна. Иргэдийнхээ саналыг тэмдэглэж аваад л холбогдох дарга цэрэгтэй нь уулзаад явдаг, төсөв мөнгө гуйдаг хүн болсон” гэв. Тэрбээр гишүүн болсон жил гаруйн хугацаанд бүтэн сэтгүүл бичээд ч дуусахааргүй олон ажлыг хийжээ. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн иргэдийн гол асуудал болсон цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд  сүүлийн 27 жил яригдаж байснаас ажил болдоггүй зам засварын ажлуудын ихэнхийг цэгцэлж, дээврийн засварын төсвүүдийг шийдэж, сургууль цэцэрлэг барих төсвийг улсын төсөвт суулгасан, 23 хороог хур хогийн цэгээс нь салгасан гээд дурдаад байвал дуусахгүй. Хур хогийн цэг гэснээс өмнө нь хэний ч сэтгэл нь зовж байгаагүй хогийн цэгийг цэвэрлэсэн цагаас нь хойш тэр газар өмчлөгч эзэнтэй болчихсон бөгөөд миний газрыг дураараа цэвэрлээд байна гэсэн гомдол гардаг болсон аж.



Зүтгэл

Иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэж амлаж гарч ирсэн Н.Учрал гишүүн тойргийнхоо сонгогчдын төлөө зүтгээд зогсохгүй Монгол Улсын төлөө зүтгэе гэдэг тангарагтаа үнэнч яваа нэгэн юм.

Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжилд онцгой анхаарч энэ талаар хүчтэй дуугардаг нэгэн. Тэр утгаараа ч боловсролын салбарын хөгжилд ихээхэн анхаарч энэ талаар цөөнгүй ажлыг хийсэн.


Тухайлбал, Багшийн хөгжлийн тухай хуулийг тэрбээр ирэх хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөсөн бөгөөд 116 тэрбум төгрөгийн төсөвтэй хууль батлуулахаар зүтгүүлж байгаа аж. Уг хууль батлагдвал хүүхэд залууст боловсрол олгодог багш нарын цалин шатлалтай нэмэгдэх боломж бүрдэхээс гадна багш гэдэг мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэж, босго өндөрсөх юм.

 Багшийн хөгжлийн тухай хуулийг тэрбээр ирэх хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөсөн

Өдгөө багш гэдэг мэргэжлийн үнэ цэнэ унаж, багшийн мэргэжлээр сурах сонирхолтой хүүхэдгүй болчихсон байгаа энэ үед түүний санаачилсан хууль батлагдаж чадвал Монгол Улсын ирээдүйн хөгжилд том хувь нэмэр оруулах юм.


Мөн Н.Учралын санаачилж буй өөр нэг том хууль бол Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай юм. Өдгөө Монгол Улсын иргэн өөрийн оюуны өмчөө барьцаанд тавиад банкнаас зээл авч болдог тийм нийгмийг цогцлоохын төлөө тэрбээр ажиллаж байна. Залуус гадагшаа явж хар ажил хийдэг бус эх орондоо шинийг санаачлаад мөнгө олж болдог тийм хөгжингүй нийгмийг бүтээх нь түүний зорилго юм.

Хөгжил

Улс орны хөгжил гэж хэн хүнгүй ярьдаг ч чухам хийсэн ажил цөөхөн. Нийслэлчүүд өнөөдрийг хүртэл утаандаа дарлуулж, ажилгүйдэл, ядуурал улам л газар авч төрийн хүнд суртал байсаар л байна.

Сонгино хайрхан дүүргийн 27 хорооны иргэн С.Болдбаатар “Би иргэн хүнийхээ хувиар улс орныхоо хөгжилд багагүй санаа зовдог. Гадны өндөр хөгжилтэй орнууд технологи, инновациа хөгжүүлээд сайхан амьдраад байх юм. Гэтэл өнөөдөр монголд тийм биш. Харин та энэ талаар их ярьдаг. Ер нь үйлдвэрлэл хөгжөөгүй орны иргэдийн ёс суртахуун, хөдөлмөрийн хүмүүжил тэг заадаг. Таны нөгөө яриад байгаа инновацийн хууль юу болсон бэ” гэв.


Н.Учралын ярьдаг өөр нэг сэдэв бол яах аргагүй өндөр технологи, инноваци билээ. Саяхан чуулган дээр гэсэн ... Дэлхий өөр болж байхад бид өнөөдөр давхар дээлээ л ярьж байна. Монголын залуучууд блокчейн технологи, урагшаа харсан хөгжил ярьж байна. Бид энд юу ярьж байна. Надад хэлэх үг алга...удаатай

Тэрбээр С.Болдбаатарын асуултад “Инновацийн хууль гар хөлгүй болсон. Энэ хуулийн гол заалт болох венч сангийн тухай заалтыг тэр чигт нь аваад хаячихаар нөгөө инновацилаг компаниудыг дэмжих боломжгүй болчихоод байгаа юм.

Би ямартай ч энэ Инновацийн хуулийн шинэчилсэн найруулгыг хавар, намрын чуулганаар өргөн барьж батлуулна. Таны хэлдэг тун зөв. Өнөөдөр бид газраа ухаж биш ухаанаа ухаж идэх хэрэгтэй. Тэгж байж хөгжинө.

Өнөөдөр дэлхий блокчэйн технологи ярьж байхад бид цахим иргэний үнэмлэхтэй мөртлөө бичиг цаастайгаар зууралдсаар л байна. Цахим үнэмлэх гэчихээд баахан хорооны тодорхойлолт энээ тэрээ шаарддаг.

Бүр ямар ч утгагүй нотариат гээд байгууллага байна.  

Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулах ямар шаардлага байна вэ.

Ийм утгагүй иргэдийг ийш тийш нь гүйлгэдэг байдлаа болих хэрэгтэй. Иргэдийг гүйлгэх бус датагаа гүйлгэдэг болмоор байгаа юм.

 Энэ чинь  хөгжил шүү дээ. Хуулиас гадна нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг технологиор шийдмээр байна. Адаглаад энэ утаа байна. Би 23 хорооны 3 айлд био 00 суулгаж лагаас газ гаргаж авах технологи туршсан амжилттай болж байна.

Хэрвээ энэ 00-ыг айл болгон суурилуулбал нэг сумаар хоёр туулай буудна. Нэгт хөрсний бохирдлыг бууруулна. Хоёрт газ гаргаж авснаар утааг бууруулах цогц шийдэл юм.

Энэ бол технологи, энэ бол хөгжил. Ер нь хөгжил гэдэг бол иргэд нь аз жаргалтай амьдрахын нэр шүү дээ. Иргэд аз жаргалтай амьдрахад энэ утаа, энэ төрийн нүсэр тогтолцоо, ажилгүйдэл ядуурал саад болж байна” гэв.

Тэрбээр Сонгино хайрхан дүүрэгт байрлах Чингис СООСЭ сургуулийн дэргэд Бизнес инкубатор төв байгуулахаар болсон байна. Энэ төв байгуулагдвал иргэд өөрсдийн гарааны компаниа байгуулж, хөрөнгө оруулалт авахаас гадна үнэгүй оффисоор хангагдаж, тусгайлсан сургалтуудад сууж бойжих боломж бүрдэх юм.

Н.Учрал Сонгино хайрхан дүүрэгт байрлах Чингис СООСЭ сургуулийн дэргэд Бизнес инкубатор төв байгуулахаар болсон байна

2 хоногийн турш үргэлжилсэн түүний тайлангийн хурлын талаар бичээд байвал дуусахгүй янзтай. Хийсэн ажил, зорисон зорилготой залуу гишүүний хувьд цаашдаа “Зөвд зөөлөн бурууд хатуу байна” гэдгээ иргэддээ амласан юм. Мөн тэрбээр 2020 оны сонгуульд ялахын төлөө бус харин Монгол Улсын цаашдын 20, 30, 40 жилийн ирээдүйн хөгжлийн суурийг тавихын төлөө ирэх жилүүдэд ажиллана гэдгээ хэлж сонгогчдынхоо алга ташилтын дор хурлаа өндөрлөсөн юм.

Гадаа өвөл авхай бүжиглэсээр. Хүмүүсийн алга ташилт нижигнэсээр..

ШИНЭ МЭДЭЭ