МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Инноваци - Хөгжлийн шийдэл
2018.02.07
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Инноваци - Хөгжлийн шийдэл

Манай улсын төсөв 2017 оны байдлаар 7,2 их наяд төгрөгийн орлого олж, 8,9 их наяд төгрөгийн зарлага гаргажээ. Энэ бол сайн үзүүлэлт биш. Бид эдийн засгаа тэлэх бодлого явуулах ёстой. Дэд бүтэц, зам харилцааг сайжруулах хөрөнгө оруулах нь зүйтэй.

Гэхдээ эрэмбээ зөв тогтоож чадахгүй байна. Төсвийн зарцуулалтад шинжлэх ухаанчаар хандах цаг болжээ. Гишүүд сонгогдсон тойргийнхоо эрх ашгийг улс орныхоос дээгүүрт тавьж, эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ түүхийгээр экспортолж байна гэдэг яг үнэндээ эмгэнэл.

Тиймээс одоо Монгол Улс концепцын хувьд яаж хөгжих ёстойгоо тодорхойлох хэрэгтэй байна.

Монгол Улсын иргэн бүр өглөө хөгжлийн тухай бодож сэрмээр байна. Хүүхэд байхаасаа эх орныхоо хөгжлийн бодлогыг мэддэг, түүнд тулгуурласан мэргэжил, боловсрол эзэмших нь зүйтэй юм. Миний харж байгаагаар Монгол Улс өндөр технологи, инновацийг дэмждэг орон болох ёстой. Эдийн засгаа тэлэх ганц боломж бол технологи, инновацийг хөгжүүлэх юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2017”-д манай улс 138 орноос 102 дугаар байранд оржээ. Өрсөлдөх чадварын 12 тулгуур үзүүлэлт гэж бий. Түүнээс “инноваци” гэсэн үзүүлэлтээр 7 оноо авахаас 3.1 оноо авсан байдаг. Энэ нь өмнөх жилүүдтэй яг ижил үзүүлэлт юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход эрдэмтэд, инженерүүдийн хүрэлцээ, хангамжаараа дэлхийн орнуудаас 47 дугаарт эрэмбэлэгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Инноваци хөгжлийн шийдэл" уулзалтын үеэр

Технологийн бэлэн байдал буюу интернетийн хурдаар 17-д, үүрэн холбооны интернет хэрэглэгчдийн тоогоор эхний 30-д багтаж байх жишээтэй. Тиймээс эрдэмтэд, инженерүүдийн нөөц боломж, чадавх, харилцаа холбооны харьцангуй өндөр хөгжиж буй байдлыг аваад үзэхэд бидэнд хөгжих найдвар байна.

Залуучууд нийлж, гарааны бизнес эрхэлж, гадаадаас хөрөнгө оруулалт татаж байна. Харин Засгийн тогтворгүй байдал, санхүүжилт авах боломж хязгаарлагдмал, гадаадын валютын зохицуулалт сул, төрийн хүнд суртал их, авилга өндөр, татварын зохицуулалт оновчгүй зэрэг нь бизнес эрхлэхэд саад болдог.

Бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлэх гол дэмжлэг бол тэдний бизнест чөдөр тушаа болохгүй байх. Олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй орчин бүрдүүлэх юм. Миний хувьд УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих бүлгийг ахлаад жил гаруй болж байна. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн аливаа салбарт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг инноваци гэж үзэн, түүнд зарцуулах санхүүжилтийг тасралтгүй нэмж байна.

Мэдлэгээ баялаг болгосны үндсэн дээр хөгжиж буй өнөөгийн эрин үед инновацийн хөгжлийг дэмжих бодит тогтолцоо хэрэгтэй.

Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн үүрэг оролцоо, бүтээлч, цогц үйл ажиллагаа маш чухал. Цаашид Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, инновацийн санг сэргээх, хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг эрж хайснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дээшилнэ.

Өнөөгийн нөхцөлд эрдэмтэд судалгааны ажил хийж, түүнийгээ ном болгож хэвлүүлэх төдийхнөөр хязгаарлагдаж байна. Тухайн судалгааны ажлыг яаж бодит амьдралд хэрэгжүүлэх вэ гэдэг бол тун чухал асуудал.

УИХ 2012 оны 5 дугаар сарын 22-нд Инновацийн тухай хуулийг баталсан байдаг. Гэвч хуулийг дагаж гарах ёстой 20 гаруй журам одоог хүртэл гүйцэд гараагүй, нэг ёсондоо хууль эрх зүйн орчин нь жигдрээгүй байна. Уг хуулийг хэрэгжүүлж ч эхлээгүй байхад 2012-2015 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ингэхдээ Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг хуулиас хассан. Инновацийн санг үгүй хийн, инновацийн дэд бүтэц буюу шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл, технологийн парк, технологи дамжуулах төв, технологийн инкубатор байгуулах боломжийг хязгаарласан. Мөн Венч хөрөнгө оруулалтын компани байгуулах боломжгүй болсон.

Экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүний олон улсын стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь болон хэсэгчлэн санхүүжүүлнэ. Инновацийн үйл ажиллагаа эрхэлж, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид мөнгөн урамшуулал, улмаар үндэсний инновацийн шагнал олгоно. Цаашид гарааны компаниуд газар ашиглалтын төлбөрөөс арван жил чөлөөлөгдөх, гааль, НӨАТ-аас хөнгөлөгдөх боломжтой. Салбар бүрт инновацийг нэвтрүүлэх нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ