2018.01.31
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Төр нь өөрөө эдийн засгийн суурь нөхцлүүдээ тогтвортой барьж байж зээлийн хүүнд хязгаар тогтоож болно

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг хэтэрхий ерөнхий байна гэж УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэллээ.

Б.Жавхлан: Тогтоолын төслөө бүхэлд нь уншихаар найруулгын өөрчлөлт хийх хэрэгтэй гэж харагдаж байна. Толгой хэсэгт нь банкны зээлийн хүүг бууруулах зорилгоо оруулах хэрэгтэй. Толгой хэсэгт нь оруулахгүй зөвхөн нэгдүгээр хэсэгт оруулахаар тэр хэсэг нь л зээлийн хүүг бууруулах зорилготой, бусад хэсэгт нь хамаагүй юм шигээр ойлгогдох гээд байна. 

Тогтоолын агуулгыг бүхэлд нь дэмжиж байна.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар барих цаг үе мөн үү, бид нар чадах уу гэдэгт хариулт өгч байна.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төр тогтоож болно. Харин хэзээ, ямар эдийн засгийн орчинд энэ боломж гарч ирэх вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог зарим орнуудын жишээг их ярьдаг. Ялангуяа Японыг. Гэтэл Японд төр нь өөрөө хариуцах  ёстой инфляци, эдийн засгийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэлээ хамгийн сайнаар барьж чаддаг. Инфляцаа 1-2 хувийн хооронд л барьдаг. Өөрөөр хэлбэл төр хариуцах ёстой санхүүгийн суурь өртгөө ийм бага байлгаж чаддаг. Тиймээс зээлийн дээд хязгаараа тогтоох боломж нь төрд өөрт нь байдаг.

Гэтэл бид санхүүгийн суурь өртгөө монголын ард иргэдийн эдийн засгийн байдалд тохиромжгүй, инфляциа хэт их савалгаатай байлгаж байна. Сүүлийн 20 жил дунджаар 8-20 хувийн хүүтэй явж ирсэн.

Бид энэ ажлаа хийж чадахгүй, ард түмэнд таалагдаж, хэл амыг дарах зорилготой арга хэмжээ авах нь хэтэрхий муйхар бөгөөд аргаа ядсан зүйл болно.

Тиймээс ард түмнийхээ бодит мөнгөн орлогыг хэмлээд байгаа инфляцаа барьж чаддаг байх ёстой. Тэр талын агуулгын заалт орсон гэж би ойлгож байна. 

Ж.Ганбаатар гишүүний хэлж байгаатай би санал нэг байна. Сүүлийн 20 гаруй жил УИХ, Засгийн газар, Монголбанкнаас тунхаглалын шинжтэй тогтоол, шийдвэрүүд гардаг. Байгаа оноод хэрэгжээд явсан нь цаг хугацааны туршид мөлийгөөд алга болж байна. Энэ удаагийн тогтоол байгаа оносон байгаасай гэж бодож байна. Тогтоолын төсөлтэй танилцахад заалтууд нь хэтэрхий ерөнхий байна. Угаасаа мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр толгой хэсэгт нь орсон. Тиймээс дахин дахин нуршаад хэрэггүй. 

ШИНЭ МЭДЭЭ