Н.Учрал: Шатахууны үнийг ЧӨЛӨӨЛӨХ хэрэгтэй
2018.01.30
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Шатахууны үнийг ЧӨЛӨӨЛӨХ хэрэгтэй

УИX- ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Бензин, шатахуунтай холбоотой үүсч буй нөхцөл байдлын талаар гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар хариулт өглөө. Засгийн газар А-80, АИ-92 бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Таны хувьд бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ямар бодолтой яваа бол. Олны анхаарлыг татах сэдвийн нэг нь энэ болоод байна л даа...

-Засгийн газар онцгой апбан татвараа тэглэх хууль эрх зүйн боломжтой. Тиймээс энэ хүрээндээ А-80, АИ-92 зэрэг бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Бензин, дизелийн түлшний үнийн зохицуулалт гэдэг үе үеийн Засгийн газрын өмнө тулгардаг хүндхэн асуудлуудын нэг байж ирсэн. Бензиний үнэ нэмэгдэнгүүт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг.

2012 онд салбарын дэд сайд нь Үнийн зөвлөл дээрээ бензиний үнийг нэмэх талаар ярьснаас болж үнэ нэмэгдэж үүнийг дагасан улс төр маш их явсан. Бүр бензиний үнэ хүртэл нэмэгдэж байлаа. Тэр утгаараа бензин, дизелийн түлш улс төржих сэдэв огт биш. 

Гадны орнуудын жишгийг харахад төр нь бензин, дизелийн түлшнийхээ асуудалд хутгалдан ордоггүй.

Тиймээс үнийг чөлөөтэй орхиж, зах зээлийн зарчмаар нь явуулдаг. Үнэ тэгж тогтдог. Таван шатахуун түгээх станц байлаа гэхэд тэдний АИ-92- ийн үнэ ижилхэн байх албагүй. 

Тухайлбап, сүүний үнэ дэлгүүр бүрт өөр өөр байдаг шиг бензин ч гэсэн тийм байх ёстой л доо.

Тэгэхгүйгээр төр хэтэрхий их хутгалдаж, бодлогоо барьж чадаагүйн улмаас хутгалдахаас өөр гарц байгаагүй. Бид хувийн компаниудаа буруутгах боломжгүй. Тэд ажлын байр бий болгож, улсад татвараа төлж байна. Манайхан Роснефтьтэйгээ сайн хэлэлцээ хийх ёстой. Цаашид төр хувийн хэвшлийн салбар руу аль болох хутгалдахаа болих хэрэгтэй.

-Дизелийн түлшний үнийг бууруулахгүй байхаар болсон. Энэ нь зөв үү?

-Микро автобус шугаманд явуулж амьжиргаагаа залгуулдаг айлууд цөөнгүй бий. Жижиг дэлгүүр ажиллуулдаг айлууд гэхэд бараагаа дизель түлш хэрэглэдэг машинаар бараагаа татдаг. Хот хооронд явдаг микро, автобуснууд бүгд л дизель хөдөлгүүртэй. Тэгэхээр дизель түлш энгийн амьдралтай иргэдтэй шууд холбоотой. Дизель бага иддэг учраас дизель машинтай болъё гэсэн хүмүүс их байдаг.

Дизель түлш тансаг хэрэглээ биш.

Тэр утгаараа А-80, АИ- 92-ийн онцгой албан татварыг тэглэснээр бүх асуудал шийдэгдчихэж байгаа юм биш. Дизель түлшний онцгой албан татварыг тэглэхгүй бол цаашид иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн гэдэг бол нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад монополь байдал үүсээгүй бол тэр компаниуд чөлөөт өрсөлдөөнд байж болдог. Тухайлбал, тавуулаа тохироод үнээ нэмнэ гэж байхгүй. Энэ тохиолдолд төр Роснефтьтэйгээ тохироогоо хийгээд явах шаардлагатай. Роснефтьтэйгээ тохиролцоогоо сайн хийж чадвал чөлөөт зах зээлийн зарчмаар явуулсан ч үнэ дундаж инфляцитайгаа уялдаад явна.

-Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барина гэдгээ мэдэгдсэн. Ер нь үе үеийн Ерөнхий сайд нар бүгдээрээ нефть боловсруулах үйлдвэр барина гэж мэдэгдэж байсан ч ажил болж чадаагүй. ТЭЗҮ-ээ хийгээгүй байж яаран мэдэгдэл хийлээ гээд байгаа?

-Нефть боловсруулах үйлдвэр барих шиг хэрэгтэй зүйл гэж үгүй. Дотоодоосоо нефтиэ хангаад эхэлбэл жинхэнэ утгаараа чөлөөт зах зээлийн зарчим үйлчилнэ. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын нэг шийдэл. Үүнийг дэмжих ёстой. Тэд харин хэлснээ ажил хэрэг болгох хэрэгтэй.

-Та Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. Уг хуулийн төслийг өргөн барьснаар төсөвт ямар өөрчлөлт орох вэ. Төсвийн тухай хуульд ямар нэгэн цоорхой байна гэж харсан учраас хуулийн төсөл өргөн барьж байгаа байх?

-Төсвийн тухай хуульд норм, нормативыг тогтоож өгье гэдэг заалт нэмж байгаа юм. Хуулинд маань үлгэрчилсэн норматив гэж байдаггүй. Харин 1990 оноос өмнө бол байсан. Тухайлбал, 160 хүүхэдтэй цэцэрлэгт 20-25 багш багшилна гэдгийг нь тогтоогоод төсвийг нь тэд байна гээд тогтоочихоор цалин нь боломжийн хэмжээнд байх юм. Хэдхэн жилийн дотор төрийн албан хаагчдын тоо 160 мянга руу дөхчихлөө.

Дунд нь төсөв хуваарилаад үүнийг зарцуул гэхээр орон тоогоо нэмээд төсөв нь хүрэхгүй болохоор бага цалин өгдөг. Тиймээс төрийн бүтэц данхайгаад байгаа юм. Нэг Их хурлын гишүүн манай тойрогт нэг сургууль, цэцэрлэг байгуулна гээд санал хураалган дэмжүүлдэг. Гэтэл өнөөх нь зураг, төсөвгүй байх жишээтэй. Зураг төсөв нь гарсан зүйл чинь ямар ямар материалаас эхлээд бүх зүйлийг нь нарийн тооцоолж гаргасан байдаг.

Тиймээс бид төсөв дээр норм, нормативаа тогтоож өгье гээд байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг нь норм, нормативаар шийдэгддэг болох ёстой.

Хувийн хэвшлийнхэн норм, нормативтой. Гэтэл төрийн байгууллагад энэ нь алдагдсан. Төсвийн бүх байгууллагад аудит хийвэл хичнээн хэмжээний зөрчил илрэх вэ. АТГ-ынхан шалгалт хийгээд явж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр норм, нормативтой холбоотой.

Хөдөө орон нугагт сургууль, цэцэрлэг барихад тээврийн зардал өндөр гардаг гэдэг. Орон нутагт барилгын компани бий шүү дээ. Яагаад заавал Улаанбаатарт байгаа барилгын компанийг орон нутгийн тендерт оруулдаг юм бэ. Тэднээс болоод аймгийн мөнгө орон нутагтаа үлдэхгүй байна. Тэр хүн нь Улаанбаатартаа ирээд машинаа унаад явж байгаа. Аймагт нь тендерийг нь өгч тэнд нь ажлын байр нэмэгддэг, үйлдвэр, аж ахуйн нэгж нь байгуулагддаг зарчим РУУ оруулахын тулд норм, нормативыг тусгаж өгье гэсэн юм.

-Төсвийн тухай хуулийн хэдэн зүйл, заалтыг өөрчлөх юм бэ?

-Төсвийн тухай хуулийн 22.2-т шатлалаар, захирагчаар, эдийн засгийн ангиллаар нь хөтөлбөр, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрээр гэж ангилдаг. Гэтэл ангилал нь байгаа мөртлөө төлөвлөлтийн технологи ажил нь байдаггүй. Ямар нэгэн хэмжээ хязгаар байхгүйгээр зарахгүй байдал үүсэх ёстой. Үлгэрчилсэн нормаа гаргачихвал үдийн цайнд ийм ийм зүйл байна гээд БСШУСЯ, Эрүүл мэндийн яам гаргаад өгчих ёстой байхгүй юу.

Энэ жишгийн дагуу явчихаар сүүлд нь аудит орохоор бодитой болно. Тэгэхээр энэ хууль хоёрхон зүйл заалт мөртлөө маш сайн зохицуулалт болж өгч чадна.

Үүнийг хуулинд хийгээд өгч чадвал ирэх жилийн төсвийн алдагдал бага гарна.

Хариуцлагатай болно, тендерийн будилаан багасна. Одоо манайхан их хэмжээний төсвөөр бага юм хийж байна гээд бид үглээд байдаг. Үлгэрчилсэн норматив нь байхгүй юм чинь аргагүй шүү дээ.

-Хэзээнээс хэлэлцүүлж эхлэх бол?

-Хаврын чуулганаар батлагдаж таарах байх. Хууль сурталчлах, хэрэгжүүлэх ажил нь явж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тиймээс 2019 оны төсөв энэ хуулийн дагуу хийгдэх ёстой. Миний хувьд норм, нормативын хүрээнд төсвөө цэгцтэй батлах тал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа.

-Та мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг салгана гэсэн. Яг ямар зөрчил үүссэн гэж үзээд байгаа юм бэ?

-Улсын бүртгэл, оюуны өмч нийлснээр оюуны өмч нь айлын шоовдор хүүхэд шиг болсон. Нэг үгээр хэлбэл зүгээр л оюуны өмчийг бүртгэдэг газар болж хувирсан.

Оюуны өмчийн газар чинь бүртгэлийн газар биш байхгүй юу. Олон улсад оюуны өмчийн байгууллага эдийн засгийн байгууллага байдаг. Учир нь бүртгэгдсэн патентуудаа хөрөнгө болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдыг татдаг улс орны уураг тархи нь оюуны өмчийн газар нь байдаг л даа.

Оюуны өмч, хөгжил, инновацийн яам хүртэл байгуулагдсан байна, зарим улсад. Бид оюуны өмчийг архивт байгаа материал, патентаар хэмжихгүй. Харин тэнд бүртгэгдсэн патентуудаас хэдэн төгрөгийн эдийн засгийн эргэлт хийгдэв. Зах зээл дээр хэдэн төгрөг болж гарав гэдгээр хэмждэг. Өнөөдөр харин бүртгэгч байгууллага болсон учраас улсын төсөв, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж чаддаггүй.

Төр засгийн зүгээс ч гэсэн оюуны өмчийн байгууллага яахав дээ гэх маягтай хандаж 25-30 хүн байхад хангалттай гэж үздэг. Гэтэл оюуны өмч чинь айлын сайн хүүхэд шиг мөнгө авч ирдэг, орлого нэмэгдүүлдэг байгууллага. Манайхан сайн ажиллуулах гэж байгаа нь энэ гээд бүртгэлтэй нийлүүлээд бүр сөнөөх зам руу нь оруулчихсан. Монгол Улс дэлхийн оюуны өмчийн байгууллагын 20 гаруй гэрээ, конвенцод нэгдсэн.

Гэрээгээрээ хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсад оюуны өмчийн бие даасан байгууллагатай байна гээд заачихсан. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, патентын тухай хуулиудад бүгдэд нь оюуны өмч нь төрийн захиргааны байгууллагын шийдэх асуудлыг тусгаад өгчихсөн.

Тэгэхээр энэ байгууллагыг шоовдорлох хэрэг байхгүй.

Тусад нь гаргаад харин ч хөгжүүлж, инновацийн санг авч ирж нийлүүлэх хэрэггэй. Дэлхийн худалдааны байгууллагаас оюуны өмчийг, бүртгэлтэй нийлүүлсэн асуудлаар шаардлага тавьсан байна лээ. Оюуны өмч чинь хамгийн гадаад харилцаа сайтай нь. Тиймээс бүртгэлээс оюуны өмчийг салгая гэж байгаа юм.

Салгасны дараа хавар оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслийг өргөн барина. Оюуны өмчийг эргэлтэнд оруулна гэдэг маань орж ирж байгаа патентуудыг банкаар үнэлүүлнэ. Үнэлүүлсэн бол түүнийгээ барьцаанд тавьж 50 хувьд нь зээл авдаг, зээлийн батлан даалт гаргадаг болох ёстой. 500 саяар үнэлүүлсэн патенттай болсон бол манай компани 500 саяын дүрмийн сантай болох ёстой. Үл хөдлөх хөрөнгө байхгүй ч гэсэн патент байхад болно.

Бүх патентыг цэгцэлнэ, дурын хүн патент авахаа болино. Мөнгөөр үнэлнэ. Ингэсэн цагт монгол хүн шинэ санаа олъё, оюун ухаанаа хөгжүүлье, боловсролтой болъё, судалгаа хийвэл мөнгөтэй болно гэдгийг ойлгуулж байж боловсролын систем цаашаа явна. Тэгэхгүйгээр наймааны хандлагаар хандаад байвал хөгжихгүй. 

Сэтгүүлч Э.Энхболд

ШИНЭ МЭДЭЭ