МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАЛЧИН ЗАЯА
2018.01.26
Орон нутгийн хөгжил

МАЛЧИН ЗАЯА

Булган аймгийн Сайхан сумын харьяат “Сумын сайн малчин”  П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Мал сүрэг онд тарган тавтай юу?

-Сайхаан. Энэ өвөл цас их унаж, хүйтэн л байна. Айхтар зуд турхан болоогүй ч зундаа гандуу байснаас мал тарга тэвээрэг сайн авч чадаагүй болохоор цагийн яльгүйхэн өөрчлөлтөд эмзэг байх шиг. Монгол хүн амны билгээр гэдэг сайн сайхнаар бүхнийг төсөөлж явах учиртай биз ээ.

-Отор нүүдэл яаж хийв. Өвс тэжээлийн нөөц хэр байна даа?

-Таван сараас найман сар хүртэл оторлож, нутгийн сайныг шилж Сайхан уул хүртэл явлаа. Энэ жилийн хувьд хаа хаанаа ижилхэн байдалтай байна. Дээр үеийнх шигээ дуртай нутагтаа оторлоод явах боломжгүй үе иржээ. Сумынхаа нутгаас халиад өөр нутагт оторловол зөрчил маргаан гарах шинжтэй. Уг нь өвлийн цагт малаа тогтуухан хариулаад, зундаа отор нүүдлээр явах малд сайн л даа. Өнгөрсөн жил өвс ногооны гарц муу, гандуу байсан учраас гар тэжээл бэлтгэх боломж хомс байлаа. Манайх гурван сая гаруй төгрөгөөр өвс тэжээлээ худалдаж авлаа. Сүүлийн үед ургамлын гарц ихээхэн сийрэгжиж байгаа нь анзаарагдах юм.

-Таны хувьд “Аймгийн аварга малчин”-ы болзлыг хангаад байгаа гэсэн. Мал маллах арга ухааныг хэнээс өвлөж авсан бэ?

-Хэдэн малынхаа буянаар гэдэс цатгалан, мөр бүтэн явна. Би 2009 онд мянган малтай болоод “Сумын сайн малчин” өргөмжлөл авч байлаа. Миний аав, өвөг дээдэс бүгд малчин удмын хүмүүс. Аав ээжээсээ зургуулаа. Таван хүүгийн дундах нь би. Ааваасаа их зүйл сурсан. Мөн миний хоёр ах мянгат малчин. Мөн хадам аав маань ч их үлгэр дууриалтай хүн. Бүгд ажилсаг, хөдөлмөрч, цагаан мөртэй хүмүүс дээ.

-Өөрөө яагаад заавал малчин болсон юм бэ. Сургууль соёлын мөр хөөсөн болоосой гэж бодох үе байдаг уу?

- Аав маань манай хоёр ахыг VIII, X ангиас нь мал дээр гаргачихсан. Харин намайг сурлага гайгүй юм гээд сургуулиар явуулах бодолтой байсан юм билээ. Гэсэн ч би 1993 онд VIII ангиа төгсөөд л өөрийн хүслээр малчин болсон. Удмынхаа малчин заяанд хөтлөгдсөн гэж хэлж болно. Тэгээд өдий хүртэл малынхаа буянаар сайхан амьдарч явна даа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Удам залгасан малчин гэдэг гал голомтыг таслахгүй гэсэн санаа бас байдаг байх даа.

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүү, нэг охинтой. Бага хүүгээ л малчин болгох бодолтой байна. Том болоод сургууль, соёлд явна гэвэл хорих бас хэцүү. Удам залгасан малчин хүн гэдэг сайхан ажил шүү дээ.

-Мал сүргийнхээ бүтэц үүлдэр угсааг сайжруулах тал дээр ямар бодолтой байна вэ?

-Би морь уядаг байснаа больсноос хойш махны чиглэлээр малаа өсгөн үржүүлж байна. Энд тэндээс өөр үүлдэр, угсааны мал авчирдаг. Дорнодоос хуц, Хөвсгөлөөс “Эрчмийн хар” үүлдрийн ухна, Говь-Алтайгаас шилмэл ухна авчирч сүрэгтээ тавьсан. Хөвсгөлийн “Эрчмийн хар” үүлдрийн ухна хүйтэнд тэсвэр хатуужил сайтай, ноолуур ахиу байдаг юм билээ. Сүүлийн үед адуугаа түлхүү өсгөе гэж бодох болсон. Бодсон санаснаа янз бүрээр туршиж, мал сүргээ чанаржуулж, сайжруулахын төлөө ажиллаж байна даа.

-Малчин хүний хувьд төр, засагтаа хандаж хэлэх юм байна уу?

-Сүүлийн үед мал болон түүнээс гардаг мах болон түүхий эд үнэгүйдээд байх шиг санагддаг. Малчин бид өглөө үдэш, өдөр шөнийг ялгалгүйгээр олон жил тасралтгүй хөдөлмөрлөж байж эрдэнэт малаа өсгөн үржүүлж байна. Гэтэл энэ хөдөлмөр минь бас үнэгүйдээд байгаа юм. Энэ тал дээр төр, засаг бодлогоор зохицуулж өгөөчээ гэж хэлмээр байна даа.

Сэтгүүлч Ш.Бадамрагчаа

ШИНЭ МЭДЭЭ