Б.Жавхлан: Банкны систем итгэлцэл дээр тогтдог
УИХ-ын гишүүн Б.Жавхлан BloombergTV Mongolia телевизэд ярилцлага өгч, Банкны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тэрээр тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Банкны тухай хуулийг баталлаа. Банкны хувьд системийн хэмжээний хадгаламжийн 1.3 хувийг тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр болоод байна. Үүний үр дүнг та яаж харж байна?
-Банкны систем өөрөө итгэлцэл дээр тогтдог бизнес. Тиймээс тогтворжуулалтын санг итгэлцүүрийн сан гэж ойлгох хэрэгтэй. Банкны бизнес эрхэлж байгаа, банкны хөрөнгө оруулагч нар дундаасаа хуримтлал бий болгож Төвбанкинд байршуулна. Энэ нь банкинд эрсдэл учирахад хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тавьж өгдөг эх үүсвэр биш. Энэ нь банкуудын өөрийн хөрөнгө талаас нь, тухайлбал банкны системд дутагдал гарвал энэ сангаасаа тогтворжилтоо хангах, эрсдлийг нь урьдчилан сэргийлэхэд зориулагдах сан. Энэ нь ард иргэдэд шууд эерэг хүлээлт бий болгоно.