Б.Жавхлан: Банкуудад хийх хяналт шалгалтыг шинэ тогтолцоо руу шилжүүлсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хуулийн төслийн гол заалт юу байв?
-Төвбанкны болон Банкны тухай хууль нь 1990 онд анх баталсан манай улсын эдийн засгийн суурь хууль юм. Банкны тухай хуульд оруулсан агуулгын том өөрчлөлт бол Төвбанкнаас банкуудад хийх хяналт шалгалтыг шинэ тогтолцоо руу шилжүүлсэн явдал юм. Үүгээрээ энэ хууль онцлог болсон. Тодруулбал, өмнө нь Төвбанк банкны гүйцэтгэлд хяналт шалгалт хийдэг байсан.
Ингэснээр үйл явдал болоод өнгөрсний дараа буюу тухайн банк сайн ажилласан эсвэл дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг хожим илрүүлдэг байсан гэсэн үг. Харин цаашид хяналт шалгалтыг урьдчилсан буюу эрсдэлд суурилсан тогтолцоо руу шилжүүлж байгаа юм. Үүний үр дүнд банкинд гарах аливаа эрсдэл, хүндрэлийг тогтоож, түүнээс сэргийлэх арга хэмжээг авах бүрэнчадамжтай болж байна. Өөрөөр хэлбэл, банк дампуурах, үүнээс болж хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хуримтлалд эрсдэл үүсэх, улмаар татвар төлөгчдийн хөрөнгө рүү халдах эрсдэл өмнө нь гардаг байсныг урьдчилж хааж өгөх боломжтой гэсэн үг.
-Хуулийн төслийг баталснаар цаашид арилжааны банкууд охин компани байгуулах боломжгүй боллоо. Гэхдээ үүнээсөмнө охин компани байгуулчихсан банкууд одоо яах ёстой вэ?
-Хараат болон охин компанитай холбоотой зохицуулалтыг энэ хуульд 2010 онд тусгаж байсан. Тэр үеийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд банкуудын ажиллах боломжийг нээж өгөх зорилгоор ийм зохицуулалт оруулж байлаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд энэ зохицуулалт үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Гэхдээ энэ удаад банкууд өөрсдөө охин компани байгуулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлаж байгаа юм.
Одоо нэгэнт байгуулчихсан бизнесийн загварыг шууд эвдэх нь банкинд өөрт нь эрсдэлтэй. Тийм учраас нэг жилийн хугацаа өгч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож, үйл ажиллагааг нь зогсоох ёстой.
-Банкууд өөрсдөө охин компани байгуулах асуудлыг хуулиар хязгаарлаж байгаа боловч өөр асуудалд энэ зохицуулалт нээлттэй байна уу?
-Банкны нэгдэл буюу дээд компаниас байгуулдаг, банктай зэрэгцээ охин компанийн санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломж нээлттэй үлдсэн.
-Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед яригдаж байсан арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах заалт хуулийн төслөөс яагаад хасагдсан юм бэ?
-Энэ удаад Банкны тухай хуульд 150 гаруй зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар байсан. Түүний дотор шууд утгаараа зээлийн хүүтэй холбоотой нэг ч заалт байхгүй. Хуульсанаачлагчдын санаа- чилгаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Монголбанк зээлийн хязгаарын дээд хүүг тогтоож болно” гэсэн нэг өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирсэн. Үүнийг Байнгын хорооны хэлэлцүүлгээс хууль санаачлагчдад буцаасан. Энэ заалтаар Төвбанк , зээлийн хүүг бууруулж чадахгүй. Ямар ч боломжгүй.
-Зээлийн хүүг бууруулах асуудлыг цаашид дахин авч хэлэлцэх үү?
-Төр ард түмнийг хуурч болохгүй. Зээлийн хүүг бууруулахыг бүх нийтээрээ хүсч байна. Гэтэл үүнийг хуульд ганц өгүүлбэрээр оруулж, ард түмний хүлээлтийг нэг удаа аргалах байдлаар хандаж болохгүй. Харин Засгийн газар, Монголбанк, УИХ аль аль нь зээлийн хүү яагаад өндөр байгааг тогтоож, бүтцийг нь харж, түүнтэй зөв шийдлээр тэмцэж, ажиллах хэрэгтэй. Асуудлын мөн чанар руу орохоос халгаад өнгөц байдлаар хандаж нэг өгүүлбэр хуульд тусгаад зээлийн хүүг бууруулчихлаа гэж хийрхэж болохгүй.
-Банкуудын зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгааныг юу гэж харж байна вэ?
-1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний босгосон нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн тусгал нь энэ. Өөрөөр хэлбэл, бид ийм өндөр өртөгтэй нийгмийг бий болгосон байна. Үүний оронд Монгол орны эдийн засгийг ийм хүндрэлд оруулсан гадаад өрийн менежмент, зээлжих зэрэглэлийг сайжруулах, ард түмний мөнгөн хуримтлалыг дэмжих хэрдгтэй. Үүний төлөө ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ёстой. Энэ мэт асуудлаа бид эхлээд ярих хэрэгтэй. Тэгэхгүй үүнээсээ халгаад ганцхан өгүүлбэр оруулж ирж, түүнийгээ баталчихаад Монголбанкны ажил гэхбайдлаар хуурч болохгүй.
Зээлийн хүүгийн асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг. Байгаа оносон зөв шийдвэр гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Миний мэдэхийн Монголбанк, Засгийн газраас зээлийн хүүг бууруулах дунд болон урт хугацааны хөтөлбөр гээд тунхаг төдий зүйлийг удаа дараа гаргаж байсан. Байгаа оносон нь маш ховор. Энэ удаа үүнийг ажил хэрэг болгож, байгаа зөв тодорхойлж, зээлийн хүү өндөр байгаа эдийн засгийн шалтгаан, үндэслэл, бүтцийг нэг бүрчлэн тодорхойлох нь чухал.
-Банкуудын төлөөлөн удирдах зөвлөл болон хөрөнгө оруулагч нарын талаар ямар зохицуулалт тусгасан бэ?
-Төлөөлөн удирдах зөвлөлд зайлшгүй шаард- лага тавих ёстой. Харин банк, хөрөнгө оруулагч нарт тавих шаардлага байхгүй. Нэг настай хүүхэд ч банкны өв залгамжлагч байж болно. Банкинд байгаа арван төгрөг тутмын ес нь олон нийтийн мөнгөн хөрөнгө байдаг учраас түүнийг удирддаг, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдлагаар хангадаг, хувь нийлүүлэгчдийг төлөөлж банкийг удирддаг Төлөөлөн удирдах зөвлөлд шаардлага тавих ёстой. Тэд олон нийтийн хөрөнгөн дээр менежмент хийж байгаа учраас илүү мэргэжлийн байх шаардлагатай.
-Банкны дүрмийн сангийн босгыг өндөр тогтоосон юм билээ. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?
-Манай эдийн засаг маш хурдтай өсч байна. Яг үүний тусгал банкны систем дээр байдаг. Дүрмийн сан гэдэг маань өөрөө автомашинтай зүйрлэвэл даац нь юм. Банк өөрөө тэлээд, түүндард түмэн итгээд мөнгөн хөрөнгөө хадгалуулаад байдаг. Тиймээс түүнийг даах даац, чадвараа л нэмэх ёстой. Банкуудын одоо байгаа дүрмийн санг 100 тэрбум, шинээр банк байгуулбал босго нь мөн хэмжээний байх ёстой. Банкуудын дүрмийн сангийн түүхийг харвал, анх 400 сая төгрөг байсныг хоёр, дөрөв, найм, 16, 50 тэрбум болгож нэмэгдүүлснээр банкуудын тоо цөөрсөн.
-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Зөрчлийн тухай гэдэг ч юм уу хуулиудад өөрчлөлт оруулах уу?
-Хараат болон охин компанийн үйл ажиллагааг хязгаарласан учраас энэ зохицуулалтыг холбогдох нэлээд хэдэн хуулиас хасах шаардлагатай болсон. Тухайлбал, хараат болон охин компани гэсэн үг бүрийг Зөрчлийн тухай, Үнэт цаасны тухай, Санхүүгийн зохицуулах хорооны тухай хуулиас хасч байгаа юм.
-Хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-Дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Гэхдээ хараат болон охин компанитай холбоотой заалт нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр гэсэн зохицуулалт хийж өгсөн.