Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг хуралдлаа
2017.12.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн (2017.12.28) чуулганы хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулах талаар санал гаргасан.

Чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөл яаралтай хуралдаж “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар ажиллахаар болов.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах талаар 2018 онд авах арга хэмжээний талаар танилцуулав.

Ирэх онд орчны бохирдлыг бууруулахад чиглэгдсэн эрх зүйн очрныг сайжруулах, халаалтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбох, дулаан алдагдлыг бууруулах аян зохион байгуулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот бүлгийн айл өрхийг боловсруулсан түлшээр хангах зэрэг 12 арга хэмжээг авахаар болжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа,  Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 1-3 дугаар сард авч хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх урамшуулалд 114.512 хэрэглэгч хамрагдсан.  Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17 хувиар өссөн нь, нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувь цахилгаан халаагуур ашигласан тооцоо гараад байна. Түүнчлэн Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын зорилтод бүлгийн 4000 өрхийг сайжруулсан түлшээр, 3900 өрхийг цахилгаан халаагуураар хангах ажлын зохион байгуулж байна гэдгийг онцлов.

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс“Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичгийг  танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаасан дээр байгаа арга хэмжээг бодит амьдралд буулгахын тулд Засгийн газар тодорхой шийдлүүдийг гаргаж, хөрөнгө санхүүгийн шийдвэрлэх асуудал байвал УИХ-д яаралтай танилцуулж, бодитой ажил хийх шаардлагатай байгаа талаар санал хэлж байлаа гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ