Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталчихвал санхүүгийн зуучлалын өртөг буурна
2017.05.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталчихвал санхүүгийн зуучлалын өртөг буурна

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Байнгын хорооны хуралдаан дээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдахын ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хууль бол өмнө нь манайд байгаагүй цоо шинэ хууль. Энэ хуулийг Засгийн газрын зүгээс өргөн барьсан. 1990 оноос хойш манай улс банкны хоёр системтэй болсноос хойш санхүүгийн систем өргөжсөн. Үүнийгээ дагаад төлбөр тооцооны платформ ч гэсэн өргөжсөн. Харин энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь сүүлийн үеийн дэлхий нийтийн чиг хандлагатай холбоотой. Орчин үед дэлхий нийтээрээ цахим эринд амьдарч байна. Үүнийг дагаад банк, санхүүгийн систем ч гэсэн технологийн дэвшилд хүрсэн цахим хэлбэрээр өргөжиж байгаа.

Тэгэхээр үүнийг уг хуулиар зохицуулах юм. Зохицуулахаас гадна цахим төлбөрийн системийг дагасан маш олон бизнесийн боломжууд бий болж буй учраас түүнийг нээж өгч, оролцогч талуудын статусыг маш тодорхой болгож өгөх юм. Дээрээс нь Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрхэн хяналтдаа байлгах вэ, шинэ боломжуудыг яаж тодорхой байлгах вэ гэдэг талаар зааж өгнө. Тиймээс энэ хууль цаг үеэ олсон хууль. Өнөөдөр баталлаа гэхэд маргаашнаас амьдрал дээр хэрэгжээд явах бүрэн бололцоотой.

-Банкууд шилжүүлэг хийхэд нэг хувийн шимтгэл авч байгаа. Үүнийг 0.6 болгоно гэж ярьж байна лээ. Тийм боломж бий юү?

-Аливаа банкны зуучлалын өртгийг өрсөлдөөний зарчмаар буулгах боломжтой. Нэг ёсондоо өрсөлдөөний зарчмаар өөрөө өөрсдийгөө зохицуулж явах ёстой. Төв банкны зүгээс өрсөлдөөнийг дэмжих сувгаар л оролцох боломжтой. Түүнээс биш захиргаадах, дарангуйлах аргаар оролцож болохгүй. Бид ийм сонголт хийгээд 27 жил банк, санхүүгийн системээ хөгжүүлээд явж байна. Зах зээлийн өрсөлдөөнд даатгахаас өөр аргагүй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Гэвч арилжааны банкууд уг хуульд тийм ч таатай хандахгүй байх шиг байна?

-Банкууд уг хуулийг эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Банкуудын хувьд энэ хуультай зохицож ажиллах хэрэгтэй. Хууль батлагдсанаар банкуудын бизнесийг булааж авах гэж байгаа, эсхүл шинэ хуваарилалт хийх гэсэн зорилго огт байхгүй.

Нэг зүйлийг олж харах ёстой. Санхүүгийн зах зээлийн нийтлэг эрх ашиг олон нийтийн төлөө байх хэрэгтэй. Нийт санхүүгийн зах зээлийн эцсийн хэрэглэгчдийн төлөө төрийн болон арилжааны банкны бүх зохицуулалт, үйлчилгээ явагдаж байдаг. Олон нийтийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юунд чиглэж байна вэ гэхээр урт хугацаатай, өртөг багатай, хүү багатай, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн рүү хандаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлийг зах зээл рүү хэн нийлүүлж чадах вэ. Үүнд төрийн зохицуулалт хийж, нээлттэй бодлого барих ёстой. Нөгөө талаасаа гэвэл энэ нь өрсөлдөөн. Өрсөлдөөнийг төр дэмжих ёстой. Ард олон болон эдийн засагт хохиролгүй байдлаар өрсөлдөөнийг дэмжье.

Ер нь банкууд сүүлийн 27 жил шинэ тогтолцоогоороо маш сайн хөгжиж ирсэн. Ард иргэдэд санхүүгийн үйлчилгээг маш сайн хүргэж байгаа. 2000 оноос хойших бизнесүүдийг хараад байхад банкны салбар шиг технологийн дэвшил хийж, дэлхийн стандартыг нэвтрүүлж байгаа салбар цөөхөн. Яахав сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжиж байгаа.

Гэхдээ хөгжлийн түвшнээрээ банкны систем тэргүүлж байгаа гэж боддог. Цаашид манай улсын эдийн засаг тэлнэ. Тэлэхийн хэрээр санхүүгийн хэрэгцээ улам нэмэгдэнэ. Түүнийг банкны систем дангаараа хангаж чадах уу, үгүй юү гэдэг асуудал гарна. Хэдийгээр банкны систем хөгжөөд байгаа ч гэлээ нөгөө талдаа хоёр дахь санхүүгийн зах зээл болох хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Тиймээс банкны зах зээлийн эх үүсвэр ганцхан хадгаламжийн тогтолцоон дээр тогтож ирсэн.

Хэрэв хөрөнгийн зах зээл адилхан хөгжөөд ирсэн бол банкууд ганцхан хадгаламж биш хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт татаж хямд өртөгтэй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэх байсан. Ингэж чадаагүй болохоор хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөж өнөөдрийг хүрлээ. Тиймээс санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний үнэ буурч өгөхгүй байгаа юм.

-Тэгвэл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Бид яриад л байдаг, яриад л байдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд нэмэр болоосой гэдэг үүднээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хамтран өргөн барьсан. Үүнийг банк, банкирууд эсэргүүцээд байх шаардлагагүй.

-Уг хууль батлагдчихвал гадны банк орж ирэх нөхцөл, боломж бүрдэнэ гээд байгаа биз дээ?

-Гадны банк манай улсад орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал. Одоогоос зургаа, долоон жилийн өмнө буюу эдийн засаг мундаг өссөн байх үед ийм хуультай байсан бол гадны банкууд уралдаад орж ирэх байсан биз. Харин өнөөдрийн эдийн засгийн өсөлтгүй, идэвхжилгүй, бизнес зогссон, улсын зээлжих зэрэглэл –B түвшинд оччихсон байхад хэн манайд бизнес хийх гэж орж ирэх вэ дээ. Тийм байлаа гээд энэ хуулийг хойшлуулж болохгүй. Батлах ёстой цаг хугацаа нь аль хэдэн жилийн өмнө өнгөрчихсөн.

Хэрэв бид банкны системээ гадаад зах зээлтэй харьцуулж харъя гэвэл Сингапур, Люксембург гэхээсээ илүүтэй хуучин зүүн Европын улстай харьцуулах хэрэгтэй. Тэд 1990 оны үед яг манайх шиг тогтолцоотой байлаа. Бүгд ганцхан төв банктайгаа харьцдаг байсан. Харин 17 жилийн өмнө буюу 2000 оны үед банк санхүүгийнхээ системд либераль бодлого баримталж баруун Европын орнуудын банкуудад зах зээлээ нээлттэй болгосон байдаг. Өнөөдөр тэд бүгдээрээ хожсон.

Хожихдоо хэн хожив гэхээр ард түмэн нь, бизнесийн байгууллага, эдийн засгийн орчин нь хожсон байдаг. Дэлхийн стандартад нийцсэн хөрөнгө оруулалтуудыг тэд татаж байна. Түүнийг нь дагаж мэргэжилтнүүд, технологи дагаад орж ирсэн. Ингэж эдийн засаг нь бүхэлдээ хожоод байдаг. Яахав хүчтэй ширүүн өрсөлдөөн байж таарна. Түүнд дотоодын банкууд ялагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч эцсийн ялагч нь тухайн улсын ард түмэн байдаг.

-Манай улс уг хуулийг баталчихаар ард түмэн хожно гэсэн үг үү. Уг хууль батлагдчихвал зээлийн хүү буурах уу?

-Санхүүгийн зуучлалын өртөг буурахад шууд болон шууд бусаар нөлөөлөх нь дамжиггүй. Зээлийн хүү буурах эсэх нь бас л цаг хугацааны асуудал. Өнөөдөр хууль батлагдчихаар маргааш гадны банк шахцалдаж орж ирээд зээлийн хүүг бууруулна гэж байхгүй. Аажимдаа буурах үзэгдэл. Гэхдээ бид энэ удаа уг хуулийг батлахгүй бол дахиад дөрөв, найман жил хүлээх эрсдэлтэй.

Мөн энэ хуулийн тухай ярихаар тодорхой нэр заагаад тэр банк орж ирэх гэж байна, энэ банк Монголд салбартай болно гэсэн цуу яриа гарч байгаа. Тэрийг зах зээл өөрөө шийдээд явах юм. Ямар ч байсан уг хууль аль нэг улсын банкинд зориулагдаагүй. Хууль батлагдлаа гэхэд хэрэгжүүлэгч гол байгууллага нь Сангийн яам, Монголбанк байна.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Оюу толгой зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудыг мөнгөө Монголбанкаар дамжуулж байх тогтоол гарсан. Үүнээс болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байх нөхцөл үүсээд байгаа юм уу?

-Төсвийн тодотголын тухай хууль хэлэлцэж байх явцад нэг тогтоол гарсан. Оюу толгой болон бусад мега төслүүдийн төлбөр тооцоог дотоодын банкуудаар дамжуулах тухай үүргийг Ерөнхий сайдад өгсөн. Энэ сэдэв гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэлээн татсан. Хөрөнгө оруулагчид төдийгүй гадны хэвлэл мэдээллийн байгууллага үүнд ач холбогдол өгч анхаарлын төвдөө байлгаж байгаа.

Элчин сайдууд хүртэл УИХ-ын гишүүдтэй уулзахдаа ярьж байна. Хэдийгээр ийм тогтоол гарсан боловч хэрэгжүүлэх үйл явц нь ямархуу шатандаа явж байгаа тухай мэдээлэл алга. ОУВС-гийн хурал дээр ч гэсэн уг асуудлыг яригдсан эсэхийг мэдэхгүй юм.

Гэхдээ зөвхөн энэ тогтоолоос болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад саад болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Цаашид асуудал яаж өрнөхийг харж байя. Гэхдээ батлагдсан тогтоолын төслийг би хувьдаа дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль яригдаж байхад ч гэсэн би ярьж байсан шүү дээ. Оюу толгойтой холбоотой тогтвортой байдлын анхны гэрээ хийж байх үед ийм заалт орчихсон юм билээ. Цаад талын хөрөнгө оруулагчдын шаардсаны дагуу олон улсын банкаар дамжуулж мөнгөн урсгалаа явуулна гээд заачихсан. Одоо энийг өөрчлөхөд нэлээд ажил орох байх.

Ер нь нэлээн төвөгтэй асуудал үүснэ. Гэхдээ ямар ч байсан манай улсын зүгээс ийм сигнал өгнө гэдэг их чухал. Цаашид том мега төсөл явуулахад мөнгөний урсгалыг зайлшгүй дотоодын эдийн засгаараа дамжуулах ёстой. Тэндээс гарах үр өгөөжийг эх орондоо авч үлдэнэ гэдэг бол маш чухал.

ШИНЭ МЭДЭЭ