2017.12.18
Эдийн засаг, Худалдаа

Инфляци өсөлттэй үед татвар нэмэх нь зөв үү?

2018 он гарахад хэд хэдэн төрлийн татвар нэмэгдэнэ. Учир нь ОУВС-гийн шаардлага нэрийн дор өнгөрсөн онд монголын төр долоон төрлийлн татвар нэмэх шийдвэр гаргасан. Үүнээс дөрвөн төрлийн татвар ирэх оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ.

Тодруулбал Хүн амын орлогын албан татвар цалингийн хэмжээнээс хамаарч 15-20 хувь, архи, тамхины онцгой албан татвар 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч, ажилтан хоёрын төлөх хувь нь тус бүр 8 хувь болж өсч байна. 

Гэтэл шатахуун зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өссөн боловч иргэдийн бодит орлого нэмэгдээгүй хэвээр байна. Ийм үед татвар, шимтгэлийг нэгэн дор өсгөх нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, иргэдийн нуруун дээр дарамт учруулж магадгүй гэх болгоомжлол иргэдийн дунд байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн өсөлт муу байгаа энэ нөхцөлд болдог бол Засгийн газар тал талаасаа хэлэлцэж байгаад, УИХ-д оруулж ирж татвар тогтоох асуудлаа хойшлуулах боломж байгаа гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Инфляцийн түвшин өндөр үед зөрөөд хүн амын орлогын албан татвар нэмэгдэх нь татвар төлөгч нарын хувьд бухимдалтай асуудал. Тэгэхээр 2018 онд төсвийн бодлого хэрэгжүүлэгч нарын хувьд сорилтын жил болно.

УИХ-ын гишүүн Л.Болд: Нийтээрээ цалингаа нэмэгдүүлэх бодлого баримтлахын оронд дээрээс нь эхэлж шийтгээд эхэлж байгаа нь буруу. Хүн гадагшаа явахаа л бодно шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Эрх баригчдын 2016 онд гаргасан мөрийн хөтөлбөр дээр татварыг нэмэхгүй, өрийг өрөөр хаахгүй, гадаад өрийг нэмэгдүүлэхгүй гэх зэрэг амлалт байсан. Гэтэл мөрийн хөтөлбөр нь 100 хувь эсрэг явж байна. Үүнийгээ эдийн засаг унасан байсан учраас ОУВС-гийн шаардлагын дагуу хийсэн гэж хаацайлж байна. 

ШИНЭ МЭДЭЭ