Б.Жавхлан: Бид инфляцийг хуульчилж чадахгүй учраас зээлийн хүүг ч хуулиар тогтоох аргагүй
2017.12.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Бид инфляцийг хуульчилж чадахгүй учраас зээлийн хүүг ч хуулиар тогтоох аргагүй

УИХ-ын гишүүн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлантай ярилцлаа. 

-Уул уурхайн мөчлөг дагасан эдийн засагтай манай улс гэнэтийн шокуудыг амсаж байна. Ийм үед оновчтой бодлого шийдвэрийг эдийн засаг хүлээдэг болохыг саяын богино хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрүүд харууллаа. Цаашдаа тогтвортой өсөлтийг хангах хөрс хэр бүрдсэн гэж үзэж байна вэ? 

-Сүүлийн жилд авч, хэрэгжүүлсэн арга хэмжээг та хэлж байх шиг байна. Бидний энэ хугацаанд хийж хэрэгжүүлж чадах ганц дөнгүүр ажил нь ОУВС-тай хамтрах байв. Нэг талаар манай төр бууж өгч байгаагийн л шинж юм. Мэдээж учир шалтгааныг нь тоочъё гэвэл дотоод улс төрөө задалж, тэрний, түүний Засгийн газар гэж ярьж болох л байх.

Гэхдээ томоор нь харвал, бид эдийн засгаа удирдаж, дэлхий нийттэй хөл нийлүүлж явж чадахгүйгээсээ болоод, хоцорсон.

Тиймдээ ч одоо бид та бүхэнтэй хөл нийлүүлье, олон улсын стандартаар ажиллая хэмээн хэлэлцээр хийж байна гэсэн үг. Хэлэлцээр амжилттай болж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ бол бидний өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд хийсэн эерэг ажил. Бид хэлсэн амандаа хүрч, ОУВС-ийн хөтөлбөрийнхөө хүрээнд макро түвшинд засваруудаа хийгээд, хоёр талаасаа тохирсон тоонуудаа бариад явж байна.

2017 оны хувьд хөтөлбөрийн гол тоглогч нь дотоод талаасаа Сангийн яам байлаа. Төсөв сахилга баттай, хайрцаглагдсан тоонууд дээрээ явж ирлээ. Бидний аз таарч бас гадаад зах зээл дээр гол түүхий эдүүдийн үнэ боломжийн өсөлттэй байж, нүүрсний экспорт хэд дахин нэмэгдсэнээр ялангуяа төсвийн үзүүлэлтүүдээ сайжруулах боломжийг нэмэгдүүлсэн.

Тэгвэл 2018 оны тухайд, хөтөлбөрийн гол тоглогч нь төв банк байх болно.

Яагаад гэвэл манай эдийн засгийг тогтворжуулах нэг гол суурь бүтэц маань төсвөөс гадна санхүүгийн зах зээл буюу банкны зах зээл. Банкны системийг эрүүл байлгана гэдэг маань өөрөө их том асуудал. Төв банкнаас хүмүүс асуудаг. Та нар яаж, хувийн хэвшлийнхнийгээ дэмждэг юм бэ, үүний төлөө юу хийдэг юм бэ гэж.

Мэдээж аж ахуйн нэгжүүд төв банкнаас очоод зээл авахгүй. Төв банк санхүүгийн систем, банкны системээ тогтвортой байлгаснаараа хувийн хэвшлээ дэмждэг. Тэгэхээр 2018 онд гарцаагүй төв банк хөтөлбөрийн хүрээнд гол тоглогч байх болно гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ богино хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээрээ бид цаашдын дунд, урт хугацааны эдийн засгийн өсөлтийн хангалттай суурийг бий болгочихлоо гэвэл маш том эндүүрэл. Төсөвт бидний тооцоолоогүй орлогууд бий болсноор макро параметрүүд маань аятайхан гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн тухайд Монголын төсвийн сахилга бат сайжраад, орлого нь нэмэгдсэн зүйл байхгүй. Банкны системийн хувьд одоогоор тест хийж байгаа үйл явц л үргэлжилж байна. Тестийн үр дүнгийн дараа банкны системээ дахиад эрүүлжүүлэх шалгуур бидэнд бий. Тэрний дараа л бид эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайгаас бусад салбараа тэлэх байдлаар эдийн засгийнхаа бүтцийг эмчлэх ёстой юм. Энэ бол дунд, урт хугацааны зорилго байх ёстой.  Тэрнийхээ суурийг бид өнөөдрийн нөхцөлд баттай тавьж чадсан уу гэвэл үгүй.  Дахиад хэлэхэд, банкны системийнхээ тогтвортой байдлыг сайжруулснаар энэ бүхний суурь нь бат бэхээр тавигдах юм. 

-Гэхдээ л ОУВС-нд хамрагдахаас өөр сонголт байсан гэх шүүмжлэл одоо ч өрнөдөг шүү дээ. Энэ тал дээр та юу гэх вэ? 

-Бидэнд ОУВС-нд хамрагдахаас өөр сонголт байгаагүй. Дэлхийн зах зээл бидэнд өөрсдөө явах боломжийг нь олгосон. Чингис бондыг нь худалдаж авсан, дараа нь хэд хэдэн бондыг нь худалдаж авсан, зээлжих зэрэглэлийг нь В2 хүртэл өсгөөд өгсөн. Тэгж байхад бид хямралтай нүүр тулсан. Тэгэхээр бид өөрсдөө эдийн засгийн даяарчлал дунд олон улстай хөл нийлүүлж алхаж чадаагүй. Тийм учраас олон улсын дүрмээр нь явъя л гэдэг логик юм.  

-Эдийн засагт мөнгө дутагдах гол шалтгааныг бид энд бас ярих л асуудал гэж бодож байна. 2017 оны өмнө бид яагаад дефольтод орох шахав?   

-Эдийн засагт мөнгө дутагдаж байна гэдгийг задалж ойлгох хэрэгтэй. Жишээ нь 2010 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан. Тэгсэн хэрнээ хоёр жилийн дараа гэнэт буураад нэг оронтой тоо руу орчихсон. Тэгвэл тэр үед бий болж байсан өсөлт хаана байсан юм бэ, тэр үед тэгвэл мөнгө дутагдаж байсан юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ эргээд л манай эдийн засгийн гаж бүтэцтэй холбоотой.

17 хувийн өсөлт хаана байсан бэ, тэр мөнгө хаашаа орсон бэ гэвэл эргээд эдийн засгийнхаа 80-90 хувийг эзэлж байгаа уул уурхай руу л орно.

Эдийн засгийн өсөлт тэр хэсэг дээр л байсан. Уул уурхайн өсөлтөөс хамаарч маш их мөнгөний урсгал бий болсон. Уул уурхай хямраад, хөрөнгө оруулагчид мөнгөө аваад гарчихаар, эдийн засаг маань үнэн бодит сууриараа үлдэнгүүт, бид хоосон хоцорчхож байгаа юм. Ингээд харахаар бидэнд мөнгө дутагдаад байгаа юм. Тэгэхээр бид эдийн засгийн бүтцээ эрүүл болгох, санхүүгийн зах зээл хэт банкны системээс хамааралтай байдлыг задалж өгөх хэрэгтэй. Тэгж байж, эдийн засгийн жигд өсөлтийг бий болгоно. 

-Тэгвэл эрх баригч нам эдийн засагт мөнгө нийлүүлэх гарц, шийдлийг хэрхэн харж байна вэ?  

-Миний бодлоор бид уул уурхайгаа хэт шүтээд, томоохон мега төслүүдээ хөдөлгөх тал руу анхаарч болохгүй. Эхлээд эдийн засгийн бүтцээ зөв болгосны дараа том төслүүдээ хөдөлгөх ёстой. Тэгж байж, том төслүүдээс орж ирэх хөрөнгийн урсгалыг эдийн засагтаа шингээж, авч үлдэнэ. Оюутолгойн хэд хэдэн томоохон төсөл хөдөлж эхлэх үед тэр хөрөнгийг эдийн засагтаа шингээх дэд бүтэц бидэнд байгаагүй. Тэгэхээр бид эдийн засгаа жигд, хүртээмжтэй болгохын тулд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологи гэх зэрэг эдийн засгийн салбар хоорондын балансыг зөв барьж, бүх салбараа жигд хөгжүүлэх бодлого явуулах нь чухал. 

-Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкны систем нь цоо эрүүл байх хэрэгтэй. Үүний тулд ОУВС-ийн зөвлөмжөөр банкуудад активын чанарын иж бүрэн үнэлгээг гадны аудитын компаниар хийлгэж байна шүү дээ. Эндээс үүдээд асуухад одоо оршиж буй манай банкны салбарын чадамж ямар түвшинд байгаа бол, Та чинь бас банкир шүү дээ?  

-1990 оноос хойш бид зах зээлийн нийгэмд шилжиж, арилжааны банк төв банк гэсэн банкны хоёр шатлалтай болсон байдаг. Тэр үед ганзагын наймаанд ганзагалаагүй хүн бараг л байгаагүйтэй адил байлаа шүү дээ.

Дараагийн давалгаа нь зориглож, зорьсон нь компани байгуулж, хувийн өмчүүд бий болсон. Ингээд салбар бүр л чадлаараа хөгжиж ирсэн.

Энэ дундаас хамгийн их нийгмийн хариуцлагатай байж, хамгийн хурдацтай хөгжиж ирсэн салбарыг банкны салбар гэж би хардаг. Гэсэн хэдий ч  банкны систем цаашдаа эдийн засгийн өсөлтийн хэрэгцээгээ хангаж, олон улсын жишигтэй хөл нийлүүлэхийн тулд өөрчлөгдөх шаардлагатай. Эдийн засгийн өсөлт, түүнийг дагасан санхүүгийн хэрэгцээ нь манай банкны системийн өсөлтөөс даваад байгаа тул шүү дээ. Уул уурхайг дагаад эдийн засгийн өсөлт маш хурдтай болж байна. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлтийг зөв шингээж, санхүүгийн зуучлалыг оновчтой хийдэг маш том тогтолцоо бий болох ёстой. Үүний тулд л өөрчлөлтийг хийх ёстой гэж байгаа юм. 

-Төв банкнаас боловсруулж Г.Занданшатар нарын УИХ-ын гишүүдийн санаачилснаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төсөл батлагдвал хэр зэрэг реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэх бол?

-Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийг би ээлжит реформ л гэж хэлмээр байна.

Урьд өмнө  нь хэзээ ч хийгдэж байгаагүй реформ бол биш.

Манай Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль 1990 онд Үндсэн хуультай зэрэгцэж батлагдаж байсан маш том суурь хууль юм шүү дээ. Үндсэндээ 27 жил амьдарч байна. Энэ хугацаанд гурван том давалгааг эдгээр хуулиуд давж гарсан. 1990-ээд оны сүүлийн Азийн хямрал, 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямрал, мөн энэ удаагийн  санхүүгийн хүндрэл гэх мэт. Хууль амьдрал дээр туршигдаад, тэндээс сургамж авсны дараа өөрчлөгдөж, шинэчлэгддэг. Энэ удаагийн реформ ч бас амьдрал дээр шалгуулаад үзсэн туршлага дээр хийгдэж байна гэж би харж байна. Хуулиуд хоёр талаасаа өөрчлөлт, шинэчлэлт рүү зорьж байгаа юм болов уу.  Базаад хэлбэл, төв банк яагаад арилжааны банкны үйл ажиллагааг хянах шаардлагатай вэ? Өнөөдөр банкны систем 27 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй. Тэрний 3 их наяд буюу 10 хувь нь л эздийн хөрөнгө. Үлдсэн 90 хувь нь Монголын ард түмний хөрөнгө. Энэ хөрөнгийн эдийн засгийн аюулгүй байдал, хуримтлалын баталгаатай байдлыг хангахын тулд төв банк оролцож, хариуцлага хүлээдэг. Тийм учраас энэ хариуцлагыг хүчтэй болгох ёстой.  2008, 2010 оны хямралыг харвал тодорхой хэмжээнд хүчгүйдэж байсан учраас энэ хяналтыг хүчтэй болгоё гэсэн санаа л даа.

Нөгөө талаас  банкны эздийн олон нийтийн хөрөнгөд менежмент хийж байгаа хариуцлагыг нэмэгдүүлж байгаа зохицуулалтууд юм. Хувь нийлүүлэгчид, гүйцэтгэх захирлуудаас эхлээд хариуцлагыг нь маш өндөр түвшинд хүргэж байна. Түүнчлэн олон нийтийн өмнөөс шийдвэр гаргахдаа, өмнө нь банк дампуурсан хойно албадлагын арга хэмжээ авдаг байсан бол одооноос эхний сөрөг дохио гарч эхлэнгүүт, албадлагын арга хэмжээг хамгийн зөөлнөөс нь эхлээд авч эхлэхээр болж байгаа юм билээ. Үүний үр дүнд яах вэ гэдгийг харвал, жишээ нь Сангийн яаман дээр баланс дээр 480 орчим тэрбум төгрөгийн чанаргүй авлага байдаг. Үүний дийлэнх нь банкны дампууралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, 1990-2000 онд 9 банк дампуурсан, 2008-2012 онд хоёр банк татан буугдсан. Тэндээс үүссэн ард иргэдийн мөнгөн хөрөнгийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Гэтэл тэр хөрөнгийг алга болгочихсон, чанаргүй зээл үүсгэсэн банкны эзэд тэгээд л өнгөрдөг. Алийн болгон банкны эздийн бий болгосон хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байх юм бэ. Тэр эрсдэлийг л бууруулах зорилготой хууль гэж харсан. 

-Энэ хуулийн төслийг ОУВС-ийн шахалтаар хийж байна гэх шүүмжлэх нэгэн ч бас байгаад байна?

-Цаг хугацаа нь л тэгээд таарчихлаа. Түүнээс биш амьдралын шаардлага нь аль хэдийнэ бий болчихсон байсан. Намайг ажиллаж байх үед ч бас энэ хуулийн концепци төв банкин дээр бэлтгэгдэж, боловсруулагдаж байсан. Ирэх онд хийгдэх гэж байгаа дахин хөрөнгөжүүлэлт, бүтцийн өөрчлөлтийн асуудлыг 2010 онд Л.Пүрэвдорж Ерөнхийлөгч УИХ-д оруулж байсан. Харамсалтай нь тэр үеийн улс төрийг давж чадаагүй. Хэрвээ тэр үед хийчихсэн бол өнөөдөр бид арай дээр байх байсан ч юм билүү.  

-Зах зээл өөрөө үнийг тогтоодог. Түүнтэй адил зээлийн хүү тогтох асуудал ямарваа нэгэн шийдвэрээр гэнэт тогтох зүйд биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Та ч хэвлэлд өгсөн ярилцлагууддаа тэдэнтэй адил байр суурийг илэрхийлсэн байна лээ. Зээлийн хүүг тоо зааж хуульчлах санаачилга гаргаад байгаа зарим УИХ-ын гишүүд юунд үндэслэж байгааг гайхаж л байна, мэдээж хэрэг сонсогдох байдлаасаа бол ард түмэнд тайлагдах байх л даа!

-Мэдээж хүүг бууруулахад Монголбанкны үүрэг, роль их байх ёстой. Гэхдээ зээлийн хүү юунаас тогтдог вэ, яагаад өндөр байна вэ гэдэг шалтгааныг ойлгож байх ёстой. Зээлийн хүү, инфляци, валютын ханшийн түвшин нь өнөөдрийн манай эдийн засгийн толины шууд тусгал нь. Манай эдийн засгийн санхүүгийн суурь өртөг гэсэн үг. Тэгэхээр бид санхүүгийн суурь өртөгтэй ноцолдох ёстой. Хүнээр бол халуунаа үзэхэд халууны шилэн дээр гарч байгаа заалт нь зээлийн хүү гэж бодъё. Халууны шилний заалтыг бид хүчээр буулгаж чадахгүй. Цаад өвчинтэй нь тэмцэх хэрэгтэй биз дээ! Тэгж байж, хүн урт насалж, эрүүл амьдарч, халуун буурна биз дээ. Яг л үүнтэй адилхан.

Зээлийн хүүг бууруулахын тулд санхүүгийн системээ эрүүл болгох, зөв өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн савлагаатай, уул уурхайгаас хамааралтай байдлыг засах ёстой.

Энэ бүгдийг эмчилж байж, дунд урт хугацаандаа зээлийн хүү буурна. За яах вэ, нэг тоо тавьж болно л доо. Гэлээ гээд хэрэгжих боломж маш бага. Эргээд тогтворгүй байдал үүсгэх, төв банкин дээр зохицуулах боломжгүй маш их даалгавар ирнэ. Зээлийн  хүүгийн суурь шалтгаан нь хадгаламжийн хүү. Тэрнээс гадна төв банкны үнэт цаасны хүү гэх зэргээр дурдаж болно. Тэгэхээр хэрвээ зээлийн хүүг тогтооё гэж байгаа бол суурь шалтгаан болсон ТБҮЦ /Төв банкны үнэт цаас/-ны хүү, хадгаламжийн хүүгээ бас тогтоох хэрэг гарна. Гэтэл бид инфляцийг хуульчилж чадахгүй шүү дээ. 

-2016, 2017 он эдийн засгийн хувьд хүндхэн жил байлаа. Хүнд үед төв банк, Засгийн газартай хамтарч хүндрэлээс гарахын тулд олон арга хэмжээ авч, гаднаас зээл, санхүүжилт татаад байна. Эндээс үүдэн сонирхоход төв банкууд ийм үед ямар арга хэмжээ авдаг юм бол? 

-Том зорилтоор нь харвал төв банк улс төржиж болдоггүй. Улс төрийн 4 жилийн мөчлөгт баригдаж болохгүй. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед төв банк руу ирэх улс төрийн сонирхол ихэсдэг. Үүнийг давж гарах ёстой.

Төв банкны эцсийн зорилго бол олон нийтийн санхүүгийн аюулгүй байдал руу бодлогынхоо цөмийг чиглүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар буюу ард иргэдийн гар дээр байгаа мөнгөн хуримтлалын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нь төв банкны хамгийн гол зорилт байдаг. Тухайн бодлогодоо нийцсэн эдийн засгийн бодлогын ямар загвар байж болох вэ гэдгийг төв банкны мэргэжилтнүүд маш сайн бодож, хийх ёстой байх. Тэгэхээр нэгдүгээрт улстөржиж болохгүй. Хоёрдугаарт, олон нийтийн мөнгөн орлогын аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Ингэж л ажиллах хэрэгтэй юм.  

-Одоо Монголбанкин дээр хийгдэж байгаа эдийн засгийн хүндрэлийн эсрэг арга хэмжээг та хэрхэн харж байна вэ? 

-Ерөнхийдөө засварын арга хэмжээнүүд явагдаж байна. Макро параметрүүдээ яавал зөв болгох вэ гэдэг засварын арга хэмжээнүүд хийгдэж байна. Мөн төсөвтэйгөө нэлээд нийцэх гэж үзэж байна. Төв банк өөрийнхөө засаглалыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Банкны системийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Өрсөлдөх чадвар гэдэг нь хоорондоо өрсөлдөх гэсэн утга мэдээж биш. Дараагийн эдийн засгийн хямрал, хүндрэл ирэхэд тэрийг сөрөх чадварыг өнөөдрийн өрсөлдөх чадвар гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа юм. Энэ маш зөв арга хэмжээнүүд л дээ. Цаг хугацаа нь ч болчихсон.  

-Монголбанк бие даасан байдлаа нэмэгдүүлэх, төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, төв банкны шийдвэрийг хамтын шийдвэр гаргадаг байх зарчимтай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгаа. Тэгэхээр төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх тал дээр та Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд ямар байр сууринаас хандаж байна вэ? 

-Төв банкны бие даасан байдлыг ганц ерөнхийлөгчийн шийдвэр гаргах түвшинд ойлгож болохгүй. Манай нэг гаж тогтолцоо бол УИХ, төв банк хоорондын харилцаа.

Ерөөсөө төв банкны ерөнхийлөгчийг улстөрчид дуудаж авчраад, ханш өндөр байна, тэд болго гэж загнаад л, валютын нөөцийг нь гаргаж ирээд гөвчихдөг.

Одоо жишээ нь зээлийн хүүг төв банкаар тогтоолгоно гээд л байна.  Энэ бол миний зүгээс харахад зүгээр л хийрхсэн улс төр. Өөрөөр хэлбэл, энэ байдал яг энэ хэвээрээ үргэлжлээд байх юм бол үндсэндээ бид 20 гаруй жил замнасан зах зээлээсээ ухарч, үнийг хүчээр тогтоодог төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа буцаж байгаагаас ялаагүй гэсэн үг шүү дээ.

Одоо бол зээлийн хүүг бага байлгахыг хүсдэг олон нийтийн мөнхийн хүлээлт дээр улс төрийн тоглолт  явагдах гэж байна. Энэ бол маш аюултай. Эцэст нь дахиад л иргэд хохирно.  Төв банкыг бие даасан, хараат бус байлгана гэдгийн гол агуулга нь үүнд л байгаа юм. Улс төрөөс л ангид байх хэрэгтэй байна. Улстөрчдийн оролцоогүй байлгах ёстой байна. Яагаад гэвэл тэд мөнгөний бодлогын хэрэгслийнх нь түвшинд оролцох гээд байдаг, энэ байдлыг л хуулиар хааж өгөх хэрэгтэйй байгаа юм.

Тэгж байж л ард түмэнд таалагдах гэсэн санаачилгуудыг улс төрчид гаргах эрхгүй болно.

Тэгэхийн тулд төв банкны ерөнхийлөгчийн шийдвэр өөрөө амь бөхтэй байх ёстой. Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч гээд томилсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Төв банкны шийдвэрийг коллегийн зарчмаар гаргадаг болно гэж байна. Энэ бол сайн туршлага мөн. Гэхдээ хамгийн сайн туршлага бас биш. Америкт бол мөнгөний бодлогын зөвлөл дэх гишүүд нь бараг бүгд ижил, тэгш эрхтэйгээр хуралдаа оролцож, шийдвэрээ гаргаж болдог. Гэтэл манай улс төрийн соёлын түвшин өөр. Төв банкны хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа нэг зүйл нь Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилно гэж байгаа. Хэрвээ УИХ-аас ямар нэгэн лобби ороод, тэнд ямар нэгэн өөр сонирхолтой, эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл ороод ирчихвэл, төв банкны бодлогын шийдвэрт сөргөөр нөлөөлөх аюултай. Гэтэл бас өнөөгийн нөхцөлд Төв банкны ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах нь ч эрсдэлтэй, зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг байх нь ч эрсдэлтэй. Гэхдээ бид мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар, олонхиороо шийддэг зүйл рүү явах хэрэгтэй. Өнөөдрийн тухайд энэ өөрчлөлтийг хийгээд үзэх нь зөв л гэж хэлье. Туйлын зөв гэж хэлж чадахгүй байна. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. 

-2018 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог нь үнийн тогтвортой байдлыг зорино гэж байгаа. Хуулиндаа ч үүнийг тусгасан. Үүний нөгөө талд төв банк ханшийг орхиж байна гэх шүүмжлэл өрнөх хандлагатай байна. Энэ талаар та юу гэх вэ?  

-Олон нийт төгрөгийн худалдан авах чадвар гэхээр шууд валютын ханштай холбоод байдаг. Төгрөгийн худалдан авах чадварыг валютын ханшаар хөрвүүлбэл улам л муудаад байна гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг салгаж өгөх хэрэгтэй. Валютын ханш бол төлбөрийн баланстай холбоотой. Төлбөрийн баланс ямар байна, тэрний шууд тусгал нь валютын ханш. Гэтэл төгрөгийн худалдан авах чадвар гэдэг бол инфляци. Төв банкны ажил нь инфляцийг бага байлгах. Харин валютын ханшийн асуудал бол Засгийн газрын хийх ёстой ажил. Үүнийг л зааглаж өгч байгаа асуудал. Төв банкны ажлыг олон нийт ханш бууруулах гэж хардаг. Гэтэл төв банк төлбөрийн тэнцэл, гадаад худалдаанд нөлөөлж чадах институци биш шүү дээ. Үүнийг шийдэж чадах институци нь Засгийн газар. Засгийн  газар гадаад худалдаан дээр ямар бодлого явуулж, төлбөрийн тэнцлээ хэр ашигтай, эсвэл алдагдалтай байлгахаас хамаарч валютын ханш хөдөлнө. Энэ хоёр ойлголтыг салгаад өгчихвөл төв банкны бие даасан хараат бус байдалдаа ч сайнаар нөлөөлнө. Мөн төв банкны бодлогын үр дүн, хэрэгжилт илүү сайн болно. Үүнийг төв банк хариуцлагаас зугтааж байгаа асуудал гэж ойлгож болохгүй. 

-Эцэст нь асуухад 2018 оны мөнгөний бодлого хэр чамбай болсон гэж та харж байна вэ? 

-Зорилтын хувьд нэлээд чанга зорилт тавьсан шүү. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад 2018 онд зорьсон мөнгөний бодлогынхоо орчинд байхад төв банкнаас нэлээд хүч чармайлт шаардана. Өнөөдөр Улаанбаатар хотын инфляци 8 хувиас давчихлаа. Улсын инфляци 6.6 болчихлоо. Ирэх 2018 оны төсөв тэлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Дээр нь банкны системийн бүтцийн өөрчлөлтийн асуудал яригдана. Энэ бүхэн манай макро параметрт нөлөөлнө. Эдгээрт тохиргоо хийж, инфляцийн зорилтоо биелүүлэх гэж ажиллана. Төв банкны үнэт цаасны хүү 12 хувьтай байна. Уг нь буулгамаар байдаг. Гэтэл доороос нь инфляци шахаад ороод ирлээ. Инфляци яагаад өсөв гэдгийг задлаад харвал нэг жилийн өмнө гарсан валютын ханшийн шокийн нөлөө одоо л орж ирж байгаад юм. 2017 оны эхээр валютын ханш 2500 байхад инфляци яагаад өсөөгүй вэ гэхээр тэр үед эдийн засгийн идэвхжил байхгүй байсан учраас импорт дээр тэр ханш очоогүй байсан гэсэн үг. Одоо эдийн засгийн идэвхжил сэргээд, худалдан авалт нэмэгдээд эхлэхээр импортын барааны үнэ ханшаар дамжаад өсч эхэлж байгаа. Энэ нөлөөлөл үргэлжилнэ. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай 2018 оны эхний улиралд харагдахгүй байна. Тэгэхээр ирэх он төв банкны хувьд нэлээд сорилт, шалгуур өндөртэй жил байх болно.     

-Ярилцсанд баярлалаа.  

ШИНЭ МЭДЭЭ