МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Монгол Улс крипто валют, блокчэйн технологийн талаар барих бодлогоо цаг алдалгүй зарлах хэрэгтэй
2017.12.04
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Монгол Улс крипто валют, блокчэйн технологийн талаар барих бодлогоо цаг алдалгүй зарлах хэрэгтэй

Сүүлийн үед Монгол Улсад крипто валют буюу цахим мөнгийг хөгжүүлэх, ашиглах, нэвтрүүлэх талаар яриа нийгэмд газар авч олон нийтийн анхаарлыг ихээр татах болсон. Улмаар цахим мөнгө, биткойн, блокчэйн технологийг нэвтрүүлэх талаар ТББ, холбоод байгуулагдаж энэ талаар тодорхой санаачилга гарган ажиллаж байна.

*Криптовалют гэдэг нь блокчэйн технологи дээр суурилсан нууцлал өндөртэй алгоритм юм. Өнөөдөр дэлхийн дээр нийт 1300 гаруй криптовалют байна. Биткойн бол криптовалютын үндсэн том төлөөлөл, блокчэйнийг олон нийтэд таниулсан “цахим эцэг мөнгө” гэж ойлгож болно. Хүмүүс биткойн, блокчэйн зэргийг тусдаа зүйлс гэж ойлгодог ч энэ нь салшгүй холбоотой юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Ерөнхий сайдад крипто валют, блокчэйн технологид төрөөс баримтлах бодлогын талаар асуулга тавьсан байна.

Тэрээр: “Гадаад улсуудын олонх нь энэхүү технологийг хориглохгүй харин төрийн хяналттайгаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай улс цахим мөнгө, блокчэйн технологийн талаар цаашид ямар бодлого баримтлах, ялангуяа хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоо нэвтрүүлэх зэргээ цаг алдалгүй зарлах хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Асуулгад:

  1. Монгол Улс цахим мөнгө, биткойн зэргийн талаар ямар бодлого баримталж байна вэ? Энэ талаар төийн нэгдсэн бодлого боловсруулж байна уу? Цахим мөнгийг хөгжлийн гарааны үед нь ойлгож хүлээн авч хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, эрх зүйн орчныг бий болгох бодлогоо цаг алдалгүй тодорхойлон зарлах хэрэгтэй гэж үзэж байна.

  2. Блокчэйн технологи нь бизнес боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргаа зэрэг аль ч салбарын үйл ажиллагааг өндөр үр ашиг, хурд, найдвартай, ил тод явуулах боломж олгох, интернетийн дараа гарч ирсэн жинхэнэ “хувьсгал” авчрах технологи гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Иймд олон жил хэрэгжихгүй удсан “Цахим гарын үсгийн тухай хууль”, “Цахим монгол” хөтөлбөрийг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх боломж, мөн суурь технологи гэж үзэж байгаа тул цаг алдалгүйгээр түүнийг нэвтрүүлэн ашиглах боломжтой байна. Энэ талаар Засгийн газраас ойрын үед ямар арга хэмжээ авах вэ? гэжээ.

Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар улс төрчид олон янзаар ярьж байр сууриа илэрхийлсэн. Харин уг асуудлын талаар өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Хууль зүйн дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс албан ёсны нэгдсэн байр сууриа илэрхийлээгүй байгаа нь иргэд, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдал, хүлээлт үүсгээд байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ