Б.Жавхлан: Монголбанкны байр сууриа тодорхой хэлэх хэрэгтэй
Өнөөдөр /2017.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан асуулт асуулаа.
Б.ЖАВХЛАН: ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТАЛААР МОНГОЛБАНК ӨӨРСДИЙН БАЙР СУУРИА ТОДОРХОЙ ИЛЭРХИЙЛЭХ ЁСТОЙ
Энэ хууль 28 жил ажиллахдаа 3 том зовлон давлаа. 1990-өөд оны сүүлд гарсан Азийн хямрал, 2008-2010 онд гарсан дэлхийн банк санхүүгийн системийн хямрал, өнөөдрийн эдийн засгийн хүндрэл гэсэн 3 зовлонг давах үедээ энэ хууль амьдрал дээр туршигдаад, сайжирч явсаар ирсэн. Цаг хугацааны үед одоо хэлэлцэгдээд явах нь зүйтэй.
Би ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Хуулинд өөрчилж, янзлах зүйл байгаа.
Өргөн барьсан төсөл дотор охин компаний зохицуулалт байхгүй. Хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр охин компани байгуулж, хөрөнгийн зах зээл дээр ажилладаг хуулийн зохицуулалтыг 2010 оны санхүүгийн хямралын үед шаардлагатай гэж үзэж оруулсан. Тухайн үедээ зорилгоо биелүүлээд ажлаа хийчихсэн. Одоо шаардлагагүй байгаа талаар мэргэжилтнүүд ярьдаг. Энэ өөрчлөлтийг оруулж ирээгүй байна. Энэ тал дээр Монголбанкныхан ямар бодлого барьсан бэ?
Төвбанкнаас гишүүдээр дамжуулж оруулж ирсэн хуулинд зээлийн хүүгийн хязгаарлалтыг тогтооно гэдэг заалт сая яригдсан 190-өөд заалт дотор байхгүй. Дагалдаж, өргөн барьж орж ирсэн Банк болон эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд ганц өгүүлбэр бүхий заалт нэмж орж ирсэн.
Үүн дээр мэргэжлийн байгууллагын хувьд Монголбанк маш тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.
АЖЛЫН ХЭСЭГ: ОХИН КОМПАНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХӨНДСӨН
Хуулийн төсөл дээр охин компани байгуулаад, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбогдсон заалт байгаа. Үүнийг 7.1 гэсэн заалтаар хөндсөн. 7.1 дээр банк, түүний хараат болон охин компани хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан. Хэлэлцүүлгийн явцад дахин зохицуулах боломж байгаа.
АЖЛЫН ХЭСЭГ: ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЯЗГААРЫН ТОГТООНО ГЭДЭГ НЬ МОНГОЛБАНКНЫ БАРИМТАЛЖ БАЙСАН БАЙР СУУРЬ БИШ
Монголын банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх, цаашид тохиолдох олон сорилтуудыг амжилттай даван туулах бэлтгэлээ базаах явдал маш чухал. Шинэчлэл гэдэг бол хууль эрхзүйн орчноор л дамжиж хийгддэг. Монголбанкинд нийтдээ 11 хуулийн боловсрогдоод бэлэн болж дуусч байна. Энэ бол банкны салбарын томоохон шинэчлэлийн эхлэлийг тавьж өгч байгаа. Монголбанкинд хууль санаачлагч эрх байхгүй учраас нэр бүхий гишүүдээр дамжуулж хэлэлцүүлнэ. Сангийн яаманд бидний боловсруулсан 3 хууль бэлэн болж, Засгийн газраар дамжин УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон. Хуулийн төслийг өргөн барих явцад хууль санаачлагч гишүүн үзэл баримтлалаа суулгах боломжтой.
Банкны тухай хуулийг дагалдаж гарах хуулийн дотор зээлийн хүүгийн дээд хязгаарыг монголбанк тогтоож болно гэсэн заалт орж ирсэн. Энэ бол анхнаасаа Монголбанкны баримталж буй байр суурь биш. Өнөөдөр нийгэмд маш олон хэлэлцүүлэг явж байна. Эдгээр санал бодлыг бид анхааралтай ажиглаж, судалж байна. Монголбанк статистик судалгааны газраараа судалгаа хийлгээд УИХ-ын гишүүдэд ирүүлсэн. Энэ бичиг дотор манай Монголбанкны байр суурь маш тодорхой туссан.
Б.ЖАВХЛАН: ОХИН КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ДЭЭР ЯМАР БАЙР СУУРЬ БАРИМТАЛЖ БАЙНА?
Охин компанитай холбоотой асуудал дээр хуулийн тексттэй холбоотой зүйл ярьлаа. 2010 оноос хойш явсан хуулийн хэрэгжилт банкны системд эрсдэл авчирч байна уу? Эсвэл хөрөнгийн зах зээлд дэм болж байна уу? Эсвэл банкны системд байгаа олон нийтийн мөнгөн хуримтлалд эрсдэл авчирч байна уу гэдэгт хариулт өгч, Монголбанкны байр суурийг тодорхой хэлэх хэрэгтэй.
АЖЛЫН ХЭСЭГ: 2010 ОНЫ ЗОХИЦУУЛАЛТААРАА ЯВСАН НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа уламжлалт арилжааны банкны үйл ажиллагааг зааглах, зааглахгүйд асуудал 2010 онд яригдаад, нээж өгсөн. Тухайн үед нэгэнт зээсэн захыг эргээд хумьхад хянан зохицуулах байгууллагын хувьд бодлогын тогтворгүй байдал бий болно. Мөн хөрөнгийн захын хөгжил өөрөө сул байгаа учир 2010 оныхоо үзэл баримтлалаараа байвал арилжааны банк, хөрөнгийн захын хөгжилд дэм болно гэсэн бодолтой байна.